Монгол Улсын хууль
Иргэний Нисэхийн Тухай
Хүчин төгөлдөрИргэний Нисэхийн Тухай
1999-01-21, Улаанбаатар99-H-01
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
"агаарын зам" гэж агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай;
"агаарын навигаци" гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор;
"агаарын хаалга" гэж улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал;
"агаарын хөлөг" гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж;
"агаарын хөлгийн дарга" гэж агаарын хөлгийн удирдлагыг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй ажиллагааг биечлэн хариуцаж байгаа нисэгч;
"аэродром" гэж агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу;
"аэродром орчмын аюулгүйн бүс" гэж аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай;
"аюултай ачаа" гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй ажиллагаанд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодис;
“улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг
"иргэний агаарын хөлөг" гэж улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн агаарын хөлөг;
"Монгол Улсын агаарын зай" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээшхи хийн мандлын агаарын давхрагын орон зай;
"нислэг" гэж агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа;
"нисэхийн аюулгүй ажиллагаа" гэж нислэгийн үйл ажиллагаа болон түүнд хамаарах бусад үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал болон чадварыг;
"нислэгийн Мах-ын тоо" гэж агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа;
“нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, түүний эд ангиуд нь тэдгээрт тавих аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа байдал;
"нисэх" гэж агаарын хөлөг болон түүнд хамаарах бүтээгдэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, тэдгээрээр үйл ажиллагаа эрхлэх цогцолбор ойлголт;
"нисэхийн аюулгүй байдал" гэж нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ;
"нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолбор;
"нисэхийн бичиг баримт" гэж энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу нисэхэд хамаарах үйл ажиллагаа (хуулийн этгээд, аэродром, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн болон тэдгээрийн үйлдвэрлэл, нисэхэд холбоотой бусад үйлчилгээ)-нд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээ, үнэмлэх, зөвшөөрөл болон бусад бичиг баримт;
"олон улсын нислэг” гэж хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэг;
"шинжлэн шалгах" гэж гарч болзошгүй нислэг-техникийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийх, түүнчлэн гарсан хэргийн шалтгааныг тогтоон аюулгүй байдлын зөвлөмж бэлтгэх үйл ажиллагаа;
"Чикагогийн конвенци" гэж Монгол Улс 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан олон улсын конвенци болон түүний Хавсралтууд гэж тус тус ойлгоно.
“агаарын тээвэрлэгч” гэж агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
“агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” гэж агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхэлж эрх олгож буй тусгай зөвшөөрөл;
"нисэх баг" гэж нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд;
"агаарын хөлгийн зорчигч" гэж агаарын хөлгөөр зорчихоор агаарын тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээд.
Энэ хууль нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхтэй холбогдсон дараахь үйл ажиллагааг зохицуулна:
өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын иргэний нисэхийн бүх үйл ажиллагаа;
Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа буюу тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын бүх хөлгийн үйл ажиллагаа;
гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа.
Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа гадаад улсын агаарын хөлгийн үйл ажиллагаа.
Энэ хууль нь улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн болон улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бүх үйл ажиллагааг зохицуулна.
Энэ хуулийн 4.2 дахь хэсэг байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөнд хамаарахгүй.
Улсын Их Хурал иргэний нисэхийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
иргэний нисэхийн асуудлаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
хуульд заасан бусад бүрэн эрх.
Засгийн газар иргэний нисэхийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаарх төрийн бодлого, иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Улсын ерөнхий байцаагчийг томилох, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг батлах;
—
Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг батлах;
—
—
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
иргэний нисэхэд хамаарах асуудлыг зохицуулан удирдах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
—
Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах;
олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээ авах;
—
—
иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах;
Иргэний нисэхийн багц дүрмийг батлах;
иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах;
энэ хуулийн 8.3-т заасан дүрэмт хувцасны загвар батлах.
иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах;
нислэг-техникийн осол, зөрчлийн Ерөнхий шинжээч /цаашид “Ерөнхий шинжээч” гэх/, шинжээчийг томилж чөлөөлөх, Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрмийг батлах;
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.12-т зааснаас бусад бүрэн эрхээ бүхэлд нь буюу заримыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлж болно.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч тусгай дүрэмт хувцас хэрэглэнэ.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Чикагогийн конвенцийн Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
—
агаарын навигацийн төлбөртэй үйлчилгээтэй холбогдох асуудлыг эрхлэн шийдэх;
иргэний нисэхийн салбарт холбогдох мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, түүнчлэн энэ талаар бусад этгээдтэй хамтран ажиллах;
иргэний нисэхийн үйлчилгээний орлогыг хууль тогтоомжийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах;
иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шууд харъяа алба, байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг батлах, иргэний нисэхийн бусад байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих;
нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгасан дүгнэлтийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; хуульд заасан бусад бүрэн эрх.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нисэхийн аюулгүй ажиллагаанд хамаарах бүрэн эрхийнхээ тодорхой хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан, томилогдсон байцаагч нарт гэрээний үндсэн дээр албан ёсоор шилжүүлэн гүйцэтгүүлж болно. Энэхүү гэрээнд ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой тусгана.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлэгдэлтэй байна.
Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба бие даан хэрэгжүүлэх бөгөөд албаны дарга нь Улсын ерөнхий байцаагч байна.
Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нь дараахь бүрэн эрхтэй:
иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой газруудад шалгалт хийх зорилгоор саадгүй нэвтрэх;
иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдол бүхий баримт бичгийн хувийг шаардан гаргуулж авах;
шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;
шаардлагатай тохиолдолд аливаа этгээдийн иргэний нисэхийн бичиг баримтыг түр хураах.
Нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна.
Иргэний нисэхийн үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зохицуулахдаа Иргэний нисэхийн багц дүрмийг баримтална.
Иргэний нисэхийн багц дүрмээр дараахь үйл ажиллагааг зохицуулна:
Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх;
нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;
агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх;
нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох;
Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, түүнчлэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах;
агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах;
иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, тийм нөлөөллөөс болон агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл, дохиог суурилуулах, ашиглах;
агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх;
нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх;
агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах;
Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх;
иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах;
нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах;
иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журмыг тогтоох;
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт дуу чимээний хязгаарлалт тогтоох.
Монгол Улсын нутаг дэвсгэрт онц болон дайны байдал зарласан буюу гамшиг, аюулт үзэгдэл, осол үүссэн үед иргэний нисэхийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн дараах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ:
агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;
аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх;
агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх.
Иргэний нисэхийн олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 13.1-д заасан тусгай зөвшөөрөл болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн олгох бусад зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгоно.
Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг англи, орос хэл дээр хэрэглэж болно.
Монгол Улсын агаарын зайд нислэгийг англи хэл дээр удирдаж болно.
Иргэний агаарын хөлгийг Монгол Улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх ажлыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ.
Гадаад улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлөг /маяг/-ийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг агаарын хөлгийг Монгол Улсад иргэний нислэг үйлдэх зорилгоор ашиглана.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлд байгаа иргэний агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлээгүй бол Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авна.
Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна.
Иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг даатгуулна.
Иргэний агаарын хөлгийн баг нь нисэх баг, багийн бусад гишүүдээс бүрдэнэ.
Монгол Улсын иргэний агаарын хөлгийн нисэх баг нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон бүрэлдэхүүнтэй байна.
Монгол Улсын иргэний агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүнд гадаад улсын иргэн байж болно.
Нислэгийн үед агаарын хөлгийн бүхээгт байгаа хөлгийн үйлчлэгч, нислэгтэй холбогдох үйл ажиллагаа явуулах бусад ажилтнууд нь хөлгийн багийн бусад гишүүнд хамаарна.
Бүрэн бус бүрэлдэхүүнтэй нисэх баг нислэг үйлдэхийг хориглоно.
—
Нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, түүнчлэн зорчигчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хөлгийн даргаас өгсөн үүргийг агаарын хөлгийн бүхээгт байгаа хөлгийн багийн гишүүн болон зорчигч биелүүлэх үүрэгтэй.
Иргэний агаарын хөлгийн дарга нь дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах;
агаарын хөлгийг хөөргөх, буулгах, нислэг үйлдэх, нислэгийг үргэлжлүүлэх, түүнчлэн агаарын хөлгийн аргагүйдсэн буулт хийх талаар эцсийн шийдвэр гаргах;
нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргах;
нислэгийн үед агаарын хөлөгт дэг журам сахиулах, нислэгийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой бүх арга хэмжээ авах;
нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар нислэгийн удирдагчид нэн даруй мэдэгдэх.
Агаарын хөлөгт аюул учирсан тохиолдолд хөлгийн дарга нь зорчигчдын амь насыг аврах боломжтой бүх арга хэмжээг авсан нөхцөлд агаарын хөлгийг орхиж болно.
Аэродром байгуулах, ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, түүнчлэн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах, түр аэродром ашиглах үйл ажиллагааг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.
Энэ хуулийн 13.1.2-т заасан зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаатай аэродром ашиглахыг хориглоно.
Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно.
Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.
Агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн баг чиг баримжаагаа тогтооход зориулсан аюулгүй байдлын дохио, тэмдгийг Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу аэродром, түүний орчинд байрлуулна.
Аэродром орчмын дэвсгэр газарт энэ хуулийн 21.1-д заасан дохио, тэмдэгтэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.
Барилга байгууламж өмчлөгч буюу эзэмшигч нь агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уг барилга байгууламж дээр аюулгүй байдлын дохио, тэмдгийг Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу байрлуулна.
Агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд дараахь шаардлагыг хангасан байна:
агаарын хөлөг болон агаарын хөлгийн баг нь Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу нислэгт бэлтгэгдэж, нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байх;
тухайн төрлийн агаарын хөлгийг нисгэх эрх бүхий нисэх багтай байх;
нислэг үйлдэх агаарын хөлөг нь агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хөлгийн дотоод бүртгэл, радио станцыг ашиглах зөвшөөрөл зэрэг баримт бичгийг бүрдүүлсэн байх.
Энэ хуулийн 23.1.2, 23.1.3 дахь заалт нь хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг болон агаарын хөлгийн загвар /модель/-ын нислэгт хамаарахгүй.
Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн удирдах үйлчилгээг иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гүйцэтгэнэ.
Монгол Улсын агаарын зайд үйлдэх нислэгийн хоорондын аюулгүйн зай, агаарын зам, түүний өргөн, өндөр нь олон улсын стандартад нийцсэн байна.
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна.
Монгол Улсын хил нэвтэрч нислэг үйлдэх зөвшөөрлийг иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас авна.
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба энэ хуулийн 24.5-д заасан агаарын хөлгийн тухай Монгол Улсын агаарын зайд аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн нисэх багт зөрчлөө нэн даруй зогсоох буюу заасан газар хөлгөө буулгах шаардлага тавина.
Агаарын хөлгөөр хот, тосгон дээгүүр нислэг үйлдэхдээ нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хот, тосгоны нутаг дэвсгэрийн гадна буюу ойролцоох аэродромд буух боломжтой өндөрт гүйцэтгэнэ.
Хот, тосгон дээгүүр агаарын хөлгөөр сургалт, туршилт болон уран жолоодлогын нислэг үйлдэхийг хориглоно.
Иргэний агаарын хөлгөөр Монгол Улсын хот, тосгон дээгүүр 1-тэй тэнцүү буюу түүнээс их нислэгийн Мах-ын тоотой хурдаар нислэг үйлдэхийг хориглоно.
Монгол Улсын иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулахад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.
Улсыг агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны пуужин харвах, буудлага үйлдэхэд энэ хуулийн 26.1 дэх заалт хамаарахгүй.
—
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд зориулсан холбоо ашиглалтгүй болсон тохиолдолд нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, нислэгийн хөдөлгөөн удирдах хойшлуулшгүй ажиллагаатай холбогдсон мэдээллийг нийтийн холбооны бүх төрлийн хэрэгслээр тэргүүн ээлжинд саадгүй дамжуулна.
Аюулд нэрвэгдсэн болон аюул тулгарсан иргэний агаарын хөлгийг авран туслах, эрж хайх үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн агаарын хөлөг эзэмшигч болон онцгой байдлын байгууллагатай хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, хүч, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.
Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээ сэлтийг зохих байгууллагад нэн даруй мэдээлэх, хүмүүсийн амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.
Агаарын хөлөгт аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн тохиолдолд зорчигч болон багийнханд цаг алдалгүй мэдэгдэх зорилгоор хөлгийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон жагсаалтын дагуу түгшүүр, аюулын тухай анхааруулсан дохионы хэрэгслээр тоноглосон байна.
Аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг эрж хайх, авран туслах болон осол, сүйрлийн үр дагаврыг арилгахтай холбогдсон зардлыг тухайн агаарын хөлгийг эзэмшигчээр нөхөн төлүүлж болно.
Монгол Улсын агаарын хөлөг гадаад улсын нутагт нислэг үйлдэх үед аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн тохиолдолд түүний зорчигч болон багийнхныг эрэн хайх, авран туслах ажилд тухайн улсад тогтоосон журам, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөнө.
Монгол Улсын болон гадаад улсын агаарын хөлөг нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр олон улсын нислэг үйлдэнэ.
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх гадаад улсын агаарын хөлөг нь гуравдагч этгээдэд учирч болзошгүй хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалтай байна.
Гадаад улсын иргэний нисэхийн байгууллага, иргэн нь Монгол Улсын агаарын зайд олон улсын нислэг үйлдэх агаарын хөлгийн таних тэмдэг болон нислэгтэй холбогдох бусад мэдээллийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч нь олон улсын нислэг үйлдэхдээ зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө Монгол Улсын эрх бүхий байгууллагад урьдчилан хүргүүлнэ.
Гадаад улсын агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын зайд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас тогтоосон агаарын замаар нислэг үйлдэнэ.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь олон улсын агаарын зам болон олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудлын жагсаалтыг баталж, тэдгээрийн үндсэн үзүүлэлтийг агаарын навигацийн мэдээллийн лавлахад тусгасан байна.
Олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудалд хилийн шалган нэвтрүүлэх боомт, гааль, эрүүл ахуй, хорио цээрийн алба байрлана.
Иргэний нисэхийн болон энэ хуулийн 31.3-т заасан байгууллагууд хоорондын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр зохицуулна.
—
Гадаад улсын агаарын хөлгийн баримт бичиг нь олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтад нийцэж байвал түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэйд тооцно.
Агаарын тээвэрлэгч нь Агаарын хөлгөөр тээвэр хийх нийтлэг дүрмийн шаардлагыг дагаж мөрдөнө.
Агаараар шуудан тээвэрлэх асуудал нь тээвэрлэгч болон шуудан, холбооны асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулагдана.
Агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх ажлыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
Иргэний агаарын хөлгөөр зорчигч нь өөрийн амь насыг даатгуулах үүрэгтэй.
Иргэний агаарын хөлгийн багийн гишүүдийг албан үүргээ гүйцэтгэж байгаа үед тэдний амь нас, эрүүл мэндийг тэдгээрийг ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллага даатгуулах үүрэгтэй.
Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгөөр зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон гуравдагч этгээдэд учруулсан хохирол, түүнчлэн зорчигчийн ачаа, тээш, шуудан алдагдах, дутах буюу гэмтсэн тохиолдолд нөхөн олговор олгох зориулалттай хариуцлагын даатгалд даатгуулна.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нисэхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөртэй байна.
Орон нутгийн болон олон улсын нислэгийн тээвэрлэгч, үйлчлэгч байгууллага нь иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход шаардлагатай бүх арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлнэ.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн ажилтанд мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ олгоно. Үнэмлэх, гэрчилгээ олгох журмыг Иргэний нисэхийн багц дүрмээр тогтооно.
Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсад бүртгэлтэй иргэний агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд тухайн агаарын хөлгийн ашиглалтын төрөл, гэрчилгээний хугацаа болон аюулгүй ажиллагаанд шаардлагатай бусад нөхцөл, хязгаарлалт, мэдээлэл зэргийг тусгана.
Энэ хуулийн 13.1.1-д заасан агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага энэ хууль болон холбогдох дүрэм, журмын шаардлагыг хангасан тохиолдолд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.
Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагааны болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцсэн заавар, журам боловсруулж мөрдөх, холбогдох дүрэм, журмын дагуу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигчийн бие болон тээшинд агаарын тээвэрлэгч буюу эрх бүхий байгууллага иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу үзлэг хийнэ.
Зорчигч үзлэг хийлгэхээс татгалзвал агаарын хөлгөөр тээвэрлэх гэрээг цуцална.
Нислэг-техникийн осол, зөрчил гэдгийг Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтад зааснаар ойлгож хэрэглэнэ.
Нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ.
Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албыг Ерөнхий шинжээч удирдана.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан нислэг-техникийн хэрэг зөрчлийн газарт Ерөнхий шинжээч өөрийн бүрэн хяналтыг тогтооно.
Ерөнхий шинжээч нь нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
Нислэг-техникийн осол, зөрчил Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан тохиолдолд иргэд, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага, зэвсэгт хүчний салбар ангиуд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн заалтуудыг биелүүлэхээс гадна нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт тус улсын хилийн гадна нислэг-техникийн осол, зөрчил тохиолдсон бол уг осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтын дагуу явуулах бөгөөд Монгол Улсын талаас шинжлэн шалгах үйл ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
—
Нислэг-техникийн осол, зөрчлийн шинжээч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг үнэн зөвөөр шалган тогтоох;
Чикагогийн конвенцийн 13 дугаар Хавсралт болон Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах;
өөрийн гаргасан шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах;
—
хууль тогтоомжоор тогтоосон бусад бүрэн эрх.
Нислэг-техникийн осол зөрчлийн шинжээч дор дурдсан эрхтэй:
нислэг-техникийн осол, зөрчил гарсан газарт саадгүй нэвтрэх, осол, зөрчлийн газрыг хамгаалах арга хэмжээ авах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
албан үүргээ гүйцэтгэхдээ иргэний нисэхэд хамаарах бүх объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
шинжлэн шалгах ажилд шаардагдах мэдээ, судалгаа, тодорхойлолт, бусад бичиг баримтыг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах;
шаардлагатай үед холбооны хэрэгслийг тэргүүн ээлжинд ашиглах;
онцлох тэмдэг хэрэглэх, байгалийн хүнд нөхцөлд ажиллахад шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангагдах;
хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.