Монгол Улсын хууль
Үрийн Тариалангийн Даатгалын Тухай
Хүчин төгөлдөрҮрийн Тариалангийн Даатгалын Тухай
1999-07-02, Улаанбаатар99-H-14
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үрийн тариаланг албан журмаар даатгуулахтай холбогдсон даатгалын компани болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Үрийн тариалангийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
"үрийн тариалан" гэдэгт үрийн зориулалтаар ашиглахаар тариалсан үр тариаг:
“үр тариа” гэдэгт усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тариалсан буудай, арвай, хошуу будаа, сагад будаа, хөх тариа, тритикале, бог будаа, эрдэнэ шиш, буурцагт ургамлыг.
Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа болон баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан албан журмаар даатгуулна.
Үрийн тариаланг дараахь эрсдэлээс албан журмаар даатгана:
байгалийн эрсдэл: ган, үер, хүчтэй салхи, шуурга, мөндөр, хяруу, цас, цочир хүйтрэл зэрэг;
ургамлын гоц хөнөөлт өвчин;
хөнөөлт шавьж , мэрэгчид;
түймэр.
Үрийн тариалангийн даатгалын гэрээ болон баталгаатай холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн 9.1; 9.2 - т заасны дагуу зохицуулна.
Үрийн тариалангийн даатгалын гэрээг тариалсан талбайн хэмжээ, байршлын зургийг үндэслэн тариалалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор байгуулна.
Үрийн тариаланг заавал даатгуулах даатгалын хураамж нь даатгалын үнэлгээний 8.0 хувь байна.
Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь үрийн тариалангийн даатгалын үнэлгээний 80.0 хувьтай тэнцүү байна.
Үрийн тариаланд хохирол учирсан нь тогтоогдсон бол даатгагч энэ тухай дүгнэлт гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор даатгалын нөхөн төлбөр даатгуулагчид олгоно. Үрийн тариалангийн даатгалын хохирлыг тооцох аргачлалыг санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Үрийн тариалангийн даатгалын нөхөн төлбөртэй холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7.5, 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.15-д зааснаар зохицуулна.
Даатгалын тохиолдол үүсээгүйн улмаас даатгуулагч хоёр жил дараалан нөхөн төлбөр аваагүй бол даатгагч гурав дахь жилээс эхлэн нөхөн төлбөр аваагүй жил тутамд тухайн жилийн даатгалын хураамжийн хэмжээг 25.0 хувиар бууруулан тооцно. Ийнхүү бууруулан тооцсон нь энэ хуулийн 8.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй.
Даатгалын байгууллага нь үрийн тариалангийн албан журмын даатгалаас татгалзах эрхгүй бөгөөд даатгалын эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн давхар даатгуулж болно.
Энэ хуулийн 5.1-д заасан эрсдэл тухайн даатгалын компанид даатгагдсан нийт талбайн 70-аас дээш хувьд тохиолдсоны улмаас даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн нөхөн төлж чадахгүй болсон нь тогтоогдсон нөхцөлд нөхөн төлбөрийн зөрүүг Засгийн газар хариуцна.
Даатгагч энэ хуулийн 8.1-д заасан нөхөн төлбөрийг энэ хуулийн 8.2-т заасан хугацаанд олгоогүй буюу олгохоос зайлсхийсэн бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд олгоогүй буюу дутуу олгосон төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алданги ногдуулна.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.