Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2000 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай

Монгол Улсын хууль

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай

2000-11-17, Улаанбаатар00-h-29

1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд /цаашид "үл хөдлөх эд хөрөнгө" гэх/ албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомж
2.1.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль тогтоомж нь Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө
3.1.

Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

4 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч
4.1.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:

4.1.1.

өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;

4.1.2.

төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;

4.1.3.

төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.4.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.5.

Монгол Улсад оршин суугч бус этгээд.

5 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ
5.1.

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

5.2.

Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

6 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ
6.1.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна.

6.2.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно.

6.3.

Энэ хуулийн 6.2-т заасныг хэрэгжүүлэх журмыг улсын бүртгэлийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

6.4.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 10 жил хүртэлх хугацаанд 0.6 хүртэлх хувиар бууруулан тогтоож болно.

7 дугаар зүйл.Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх
7.1.

Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:

7.1.1.

улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;

7.1.2.

иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц;

7.1.3.

нийтийн эзэмшлийн барилга байгууламж.

7.1.4.

үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.

7.1.5.

чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

7.1.6.

нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж.

7.2.

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө:

7.2.1.

гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.1.1.

нийслэл, нийслэлийн харьяа хотод 95 хувиар;

7.2.1.2.

нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 97 хувиар;

7.2.1.3.

сум, тосгонд 98 хувиар.

7.2.2.

газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.2.1.

нийслэл, нийслэлийн харьяа хотод 30 хувиар;

7.2.2.2.

нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 70 хувиар;

7.2.2.3.

сум, тосгонд 85 хувиар.

7.2.3.

газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.

7.3.

үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

7.4.

Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд 100 хувиар хөнгөлнө.

7.5.

Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу баригдсан нийтийн номын сан, ахмадын төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, боловсрол, соёлын болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай, олон улсын стандартад нийцсэн барилга, байгууламжид ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах шийдвэр гарснаас хойш эхний 5 жилийн хугацаанд чөлөөлж болно.

7.6.

Энэ хуулийн 7.5-д заасны дагуу албан татвараас чөлөөлөх үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтыг тухайн хотын Захирагч, салбарын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

7.7.

Энэ хуулийн 6.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөд энэ хуулийн 7.5 дахь хэсэг хамаарахгүй.

8 дугаар зүйл.Албан татвар ногдуулах, төсөвт төлөх
8.1.

Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.

8.2.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.

8.3.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.

8.4.

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.

9 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг тушаах хугацаа
9.1.

Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

9.2.

Албан татварын тайланг татварын албад нэгтгэн гаргаж, 2 дугаар сарын 20-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

9.3.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

9.4.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.

10 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
10.1.

Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.