Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2000 › Донорын Тухай

Монгол Улсын хууль

Донорын Тухай

Хүчин төгөлдөр

Донорын Тухай

2000-01-28, Улаанбаатар00-h-06

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Донорын тухай хууль тогтоомж
2.1.

Донорын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

”хүний эд, эрхтэн” гэж хүний цус, нөхөн үржихүйн эд /өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн/-ээс бусад эд, эрхтэнг;

3.1.2.

”амьд донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан түргэн нөхөн төлждөг эд /арьс, чөмөг/, эрхтэн эсхүл хос эрхтнийхээ нэгийг өгөгчийг;

3.1.3.

”цусны донор” гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг;

3.1.4.

”амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа эргэшгүй алдагдаж, нас барсан нь тогтоогдсоны дараа хэвийн үйл ажиллагаатай байгаа болон зохих шаардлага хангасан зарим эд, эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцсыг;

3.1.5.

“эдийн тохироо” гэж донор болон реципиентийн эд, эс удам зүйн шинжээрээ тохирох зэрэглэлийг;

3.1.6.

”реципиент” гэж амь насыг нь аврах, эрүүл мэнд, гоо сайхныг нь сайжруулах зорилгоор донорын цус сэлбүүлэх, эд, эрхтэнг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай хүнийг;

3.1.7.

“цусны байнгын донор” гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг;

3.1.8.

—

3.1.9.

“донорын цус сэлбэх” гэж эмчилгээний зориулалтаар реципиентэд цусны донороос авч бэлтгэсэн цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГДонор, реципиент, эрүүл мэндийн байгууллагын ажилтанд тавих шаардлага
4 дугаар зүйл.Донорт тавих шаардлага
4.1.

Донор нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан цус, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, сайн дурын байх зарчмыг баримтлах бөгөөд донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгохыг хориглоно.

4.2.

Донор болгохоор тулган шаардаж үл болно.

4.3.

Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.4.

Цусны донорт дараахь ерөнхий шаардлага тавигдана:

4.4.1.

өөрийн эрүүл мэндийн байдал, донорын шаардлагад харшлах гаж зуршлуудыг үнэн зөвөөр мэдэгдэх;

4.4.2.

эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон донор сонголтын заавартай танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх;

4.4.3.

өөрийн эрүүл мэндэд байнга анхаарал тавьж шаардлагатай үзлэг, шинжилгээнд тогтоосон хугацаанд хамрагдах;

4.4.4.

донорын эрүүл мэндэд шаардлагатай үзлэг шинжилгээний төрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

4.5.

Донорын эд, эрхтэнг худалдах, худалдан борлуулахаар сурталчлахыг хориглоно. Энэ нь эмнэлгийн мэргэжилтнээс хүний эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврах зорилгоор донорын цус, эд, эрхтэн бэлтгэхийн ач холбогдлыг сурталчлах, тохироо бүхий цус, эд, эрхтэн хайх үйл ажиллагаа явуулахад хамаарахгүй.

5 дугаар зүйл.Донор сонгох зарчим
5.1.

Донорт болон донорын цус, эд, эрхтэнд дараахь зорилгоор холбогдох шинжилгээ хийнэ. Үүнд:

5.1.1.

цус, эд эрхтнээ өгснөөс донорын эрүүл мэндэд аюул учруулж болох эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, гарч болзошгүй хүндрэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх;

5.1.2.

донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн болон эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан реципиентийн эрүүл мэндэд аюул учруулж болох эмгэг өөрчлөлтийг илрүүлэх, эдийн тохироог тогтоох.

5.2.

Донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохирч байгаа эсэхийг холбогдох шинжилгээгээр тогтооно.

5.3.

Донорын эрүүл мэндийн шалгуур, донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохирч байгаа эсэхийг тогтоох үзүүлэлт, хориглох заалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6 дугаар зүйл.Донорын эрх
6.1.

Донор нь дараахь эрхийг эдэлнэ:

6.1.1.

цус, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр бүрэн хангагдах;

6.1.2.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1.-д заасны дагуу донорын үүргээ гүйцэтгэх үед дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах.

6.2.

Цус, эд, эрхтнээ өгсөн донорын эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан хүндрэл цус сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэх ажилбарын технологийн заавар зөрчсөнөөс үүдсэн нь тогтоогдсон бол тухайн донор нь цус сэлбэсэн, эд, эрхтэнг шилжүүлэн суулгасан буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлнэ.

6.3.

Донор нь цус, эд, эрхтэн өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулахаас бусад даатгалд хамрагдаж болно.

7 дугаар зүйл.Реципиентэд тавих шаардлага
7.1.

Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол харгалзахгүйгээр иргэн эрүүл мэндээ сайжруулах, амь насаа аврах, гоо сайхныхаа хэрэгцээг хангах зорилгоор донорын цус сэлбүүлэх, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгүүлж болно.

7.2.

Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэхдээ 18 насанд хүрсэн реципиент бол өөрийнх нь, харин хүүхэд болон эрхийн бүрэн чадамжгүй иргэн бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг тус тус бичгээр авсны үндсэн дээр гүйцэтгэнэ.

7.3.

Реципиент нь цус сэлбүүлэх, донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарын дараа амь нас нь аврагдах буюу эрүүл мэнд, гоо сайхан нь сайжрах найдвартай болохыг зохих шалгуурыг баримтлан мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэрээр тогтооно. Мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд тавих шаардлага
8.1.

Донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан нөхцөлд Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч гүйцэтгэнэ.

8.2.

Цус, цусан бүтээгдэхүүн, шилжүүлэн суулгах эд, эрхтэн нь ашиг олох зорилгоор бэлтгэгдсэнийг холбогдох байгууллагаас нотолсон тохиолдолд тэдгээрийг хэрэглэхийг хориглоно.

8.3.

Эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрөөс давсан төлбөр, урамшуулал авахыг хориглоно.

8.4.

Эмч, эрүүл мэндийн ажилтан нь донор болон реципиентийн эрүүл мэндийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн шинжлүүлэгчид мэдээлнэ.

8.5.

Реципиентэд тавих нөхцөл, шаардлага хангасан хүмүүсийг олон улсын шалгуур үзүүлэлтийн дагуу хүлээх жагсаалтанд авч, харилцан мэдээлэх ажлыг эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн баг, эрүүл мэндийн байгууллага хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГДонороос цус, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах
9 дугаар зүйл.Эд, эрхтэн шилжүүлэн суулгахад тавих үндсэн шаардлага
9.1.

Донор, реципиент нарын эдийн тохироог үзэх, донороос авсан эд, эрхтэнг шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

9.2.

Мэргэжлийн багийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын удирдлагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.

Шилжүүлэн суулгах эд, эрхтэнг амьгүй донороос авбал зохино. Хэрэв амьд донороос эд, эрхтэнг авах тохиолдолд эдийн тохироо нь нийцсэн ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн хүмүүс болон эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн, тухайн эд, эрхтэн нь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй хүнийг сонгоно.

9.4.

Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цуснаас бусад эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.

10 дугаар зүйл.Амьд донороос эд, эрхтэн авах
10.1.

Сэтгэцийн хувьд эрүүл, 18 насанд хүрсэн, шаардлагатай шинжилгээ хийлгэсэн, эд, эрхтнээ өгөх зөвшөөрлөө бичгээр өгсөн донорын эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд түүний эд, эрхтэнг авна.

10.2.

Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийн болон эцэг, эх. харгалзан дэмжигчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг тус тус авна.

11 дугаар зүйл.Амьгүй донороос эд, эрхтэн авах
11.1.

Амьгүй донор болохыг тархины үхлийн эмнэлзүйн шалгуурыг тодорхойлсон Монгол Улсын стандартыг баримтлан мэргэжлийн эмч нарын комисс тогтооно.

11.2.

Тархины үхлийн эмнэлзүйн шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

11.3.

Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн өөрийн гэрээслэл, эсхүл түүний төрөл, садангийн зөвшөөрлийг бичгээр авах буюу шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.

11.4.

Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа зарим эрхтэн, эсхүл эрхтнүүдийн ажиллагааг зохиомлоор хэвийн байлгаж болно.

11.5.

Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч нь энэ хуулийн 11.1-д заасан мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

11.6.

—

11.7.

Амьгүй донороос эд, эрхтэн авсны дараа донорын гадаад байдлыг анхны янзанд нь оруулахыг эд, эрхтэн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.

12 дугаар зүйл.Донорын цус, эд, эрхтэнг эмчилгээний зориулалтаар авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах
12.1.

Донороос цус, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, шилжүүлэн суулгах нөхцөл, технологийн болон шаардлага хангахгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Энэ ажлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасны дагуу холбогдох зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага эрхэлнэ.

12.2.

Тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг авч зохих журмын дагуу шинжлэх, хадгалах, тээвэрлэх бөгөөд энэ хуулийн 8.1, 9.1-д заасан этгээдэд захиалгаар нийлүүлнэ.

13 дугаар зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг улсын хилээр нэвтрүүлэх
13.1.

Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн экспортолж, импортлохыг хориглоно.

13.2.

Эд, эрхтэн бэлтгэж хадгалдаг олон улсын байгууллагатай байгуулсан Монгол Улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэн экспортолж, импортолж болно.

13.3.

Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГДонорын эгнээг өргөжүүлэх
14 дугаар зүйл.Донорын үйлсийг сурталчлах
14.1.

Донорын эгнээг өргөжүүлэхийн тулд донорын хөдөлгөөнийг сурталчлах ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэнэ.

14.2.

Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын төлөө иргэд сайн дураараа цус, эд, эрхтнээ өгөхийн ач холбогдол, донорын үйлсийг сурталчлах мэдээлэл сурталчилгааны ажлын зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

14.3.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн нь донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, донорын үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.

15 дугаар зүйл.Донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг урамшуулах
15.1.

Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхтэй оролцсон донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүнийг жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр сувилуулах журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

15.2.

Энэ заалт Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4-т заасан цусны донорт хамаарахгүй.

15.3.

Донорыг урамшуулах, алдагдсан эрч хүчийг нөхөн сэргээх үүднээс байгууллага, хамт олон, хувь хүн эд материал, санхүүгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГБусад зүйл
16 дугаар зүйл.Санхүүжилт
16.1.

Донороос цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, тохирсон донор хайх үйл ажиллагааны зардлыг төр хариуцна.

16.2.

Донорын цус, цусан бүтээгдэхүүний боловсруулалт болон аюулгүйн баталгааг хангах арга хэмжээний зардал, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарын үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад албадтай хамтран тогтооно.

17 дугаар зүйл.Донорын үйлчилгээний хяналт
17.1.

Донороос цус, эд, эрхтэнг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгахтай холбогдсон хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн хяналтын алба нар хяналт тавина.

17¹ дугаар зүйл.Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх
17¹.1.

Гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах асуудлыг Засгийн газар хариуцна.

17¹.2.

Гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хамтран ажиллана.

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.