Монгол Улсын хууль
Харилцаа Холбооны Тухай /Шинэчилсэн Найруулга/
Хүчин төгөлдөрХарилцаа Холбооны Тухай /Шинэчилсэн Найруулга/
2001-10-18, Улаанбаатар01-H-20
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбооны чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
"шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг;
"сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг;
"ашиглалт" гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагааг;
"үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг;
“үйлчлэгч” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
"хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
“зааглах цэг" гэж үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэгийг;
"бүх нийтийн үйлчилгээний үүрэг" гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэхийг;
“бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” гэж бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгийг;
“харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх төрлийг;
“цахилгаан холбооны үйлчилгээ” гэж цахилгаан холбооны сүлжээг ашиглан бүх төрлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг;
“дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.
“дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.
“мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг;
“зохицуулалт” гэж харилцаа холбооны чиглэлээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг;
“домэйн нэр” гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг;
“норматив баримт бичиг” гэж харилцаа холбооны үйл ажиллагааг явуулах шаардлагыг агуулсан норм, дүрэм, заавар, аргачлалыг;
“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг;
“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг;
“баталгаажуулах” гэж харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгааг итгэмжлэгдсэн эрх бүхий этгээд бичгээр тодорхойлохыг.
“үйлчилгээний хүртээмж” гэж чанар, стандартын шаардлага хангасан харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний төрлийг.
Улсын Их Хурал харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно.
Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах;
бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах.
харилцаа холбооны бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа шинжилгээний байгууллагын дүрэм, зардлыг санхүүжүүлэх журмыг батлах.
Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;
харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион байгуулах;
харилцаа холбооны шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;
тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах;
сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;
бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтанд хяналт тавих;
харилцаа холбооны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах;
төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;
үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах;
бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах;
харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
харилцаа холбооны дараахь журмыг батлах:
төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам;
захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам;
төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам;
интернетийн дундын холболтын журам.
Энэ хуулийн 5.1.4-т заасан баримт бичигт дараахь бодлогын асуудлыг тусгана:
харилцаа холбооны бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх;
бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбооны хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах;
харилцаа холбооны инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
харилцаа холбооны бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах;
төрийн байгууллагын үйл ажиллагаа болон харилцаа холбооны чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын харилцан уялдааг хангах;
үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх;
бусад.
харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах.
зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн Зохицуулах хорооны саналыг харгалзан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийн хувь, хэмжээг тогтоох;
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг томилох, чөлөөлөхдөө эрх бүхий байгууллага нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.
Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологи нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байна.
Дараахь байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна:
төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол төрийн захиргааны байгууллага;
Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
Шүүхийн ерөнхий зөвлөл;
Улсын ерөнхий прокурорын газар.
Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага Засгийн газраар шийдвэрлүүлэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээний асуудлаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.
Салбар хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлого, төлөвлөлтийн асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дараагийн жилийн эхний улиралд багтаан харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хэрэгжилтэд харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийнэ.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн шатны Засаг дарга харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
нутаг дэвсгэртээ харилцаа холбооны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах;
байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээг барьж байгуулах, сэргээн босгох, осол, гэмтлийг шуурхай арилгахад орон нутгийн бусад байгууллагыг татан оролцуулах, ажиллах хүч, техник хэрэгслээр хангах, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэрэг бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх;
радио, телевизийн болон харилцаа холбооны бусад сүлжээ байгуулж, ашиглах санаачлагыг дэмжих, туслалцаа үзүүлэх;
улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөл хөтөлбөр, түүнчлэн тухайн орон нутгийн иргэдийн хүсэлтээр харилцаа холбооны шугам, сүлжээ байгуулах тохиолдолд бусдын эзэмшлийн газрыг харилцаа холбооны шугам, сүлжээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулах;
харилцаа холбооны дэд бүтэц, шугам сүлжээ байгуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах;
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана.
Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ.
Зохицуулах хорооны дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно.
Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Зохицуулах хорооны гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилно.
Зохицуулах хорооны даргыг нэг удаа улируулан томилж болно.
Харилцаа холбооны салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны даргаар, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Зохицуулах хорооны гишүүнээр томилно:
эдийн засаг, мэдээлэл холбоо, техник, хууль зүй, удирдлагын дээд боловсролтой, өндөр мэргэжил, ажлын туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай;
Зохицуулах хорооны дарга, гишүүн нь үйлчлэгчийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаар эзэмшигч, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд байж болохгүй.
Зохицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана.
Зохицуулах хороо нь ажлын албатай байна.
Зохицуулах хороо нь орон нутагт орон тооны бус гишүүдээс бүрдэх салбар зөвлөлтэй байж болно.
Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ.
Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана.
Зохицуулах хороо нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэлнэ.
Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.
Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;
харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах;
харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах;
харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
радио, телевизийн болон тэдгээрийг дамжуулах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
энэ хуулийн 6.1.4-д заасан журмын дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох;
тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;
дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;
домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах;
Зохицуулах хорооны төсөв, ажлын албаны жилийн төлөвлөгөөг батлах.
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
—
Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
хандив, зээл, тусламжийн хөрөнгө;
бусад хөрөнгө.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг зөвхөн энэ хуулийн 11.1-д заасан зориулалтаар зарцуулна.
Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.10, 9.12-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай, мөн зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай хуулийн этгээдэд олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэ хууль болон Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуулиар зохицуулна.
Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хуульд заасан зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанаас бусад харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг иргэн, хуулийн этгээд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мөн зүйлийн 9.8, 9.13, 9.15-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй.
Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргаж Зохицуулах хороонд ирүүлнэ:
санхүү-эдийн засаг, техникийн чадавх болон мэргэжлийн хүний нөөцийн талаарх тооцоо, мэдээлэл, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;
хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;
харилцаа холбооны чиглэлээр өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд мэдээ, тайлан ирүүлж байсныг нотолсон баримт бичиг.
Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулна. Гэрээнд дараах нөхцөлийг тусгана:
үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл;
холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт;
Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг;
онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
харилцан холболт хийх нөхцөл;
хуульд заасан бусад.
Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
өргөдөл гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй;
өргөдөл гаргагч нь харилцаа холбооны сүлжээг байгуулах, ашиглах, санхүү-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хүчин, техникийн иж бүрдлээр хангагдаагүй;
нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн;
зохицуулалтын чиглэлд нийцээгүй.
Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгоно. Сонгон шалгаруулалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно.
Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээний үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл;
төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөлт болон түүнийг хэрэгжүүлснээр үүсэх үр дүн;
техник, технологийн сонголт, үзүүлэлт;
үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт;
өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө;
санхүүгийн төлөвлөлт, чадавх;
хүний нөөцийн чадавх;
тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангах байдал.
Энэ хуулийн 14.5-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.
Энэ хуулийн 14.6-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна.
Энэ хуулийн 14.3-т заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно.
Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана:
энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй;
сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт хуульд заасан шаардлага хангаагүй;
энэ хуулийн 14.8-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй.
Энэ хуулийн 14.9.1-д заасан үндэслэлээр зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй.
Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана:
Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн дүгнэлтийн дагуу өгсөн хугацаат үүргийг биелүүлээгүй;
төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын чиглэлд нийцэхгүй нь тогтоогдсон.
Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:
Зохицуулах хорооны хяналт, шалгалт, мониторингийн тайлангаар зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон;
тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;
тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, тайлан ирүүлээгүй, дутуу ирүүлсэн.
Зохицуулах хороо энэ хуулийн 14.12-т заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;
харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан;
тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй;
хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан.
Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.
Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.
Харилцаа холбооны сүлжээг зориулалтаар нь нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэж ангилна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.11-д заасан харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд интернэт, транзит урсгалыг бөөнөөр нийлүүлэх, шуудангийн сүлжээ болон зааглах цэг хоорондын сүлжээний үйл ажиллагаа хамаарна.
Хэрэглэгчийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад зориулсан шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сүлжээ бүрдэнэ.
Улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бүрдсэн, нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээг цахилгаан холбооны үндсэн сүлжээ гэнэ. Үндсэн сүлжээ нь төрийн өмчлөлд байж болно.
Цахилгаан холбооны сүлжээ эзэмшигч нь техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгүй ажиллагаатай байхаар сүлжээг зохион байгуулна.
Үндсэн сүлжээг төр, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж байгуулж, өмчилж болно.
Шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Радио, телевизийн сүлжээ нь радио болон телевизийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээс бүрдэнэ.
Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3-т заасан мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд интернэт протокол ашигласан харилцан холболтын болон өгөгдөл хадгалах дэд бүтэц, контент түгээх сүлжээ болон зааглах цэг хоорондын виртуал сүлжээний үйл ажиллагаа хамаарна.
Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний сүлжээг байгуулан ажиллуулж болно.
Тусгай хэрэглээний сүлжээ төрийн хамгаалалтад байна.
Тусгай хэрэглээний сүлжээг тусгай хэрэглээний сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ гэж ангилна.
Тусгай хэрэглээний сүлжээ байгуулах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно.
Тусгай хэрэглээний сүлжээнд цахилгаан холбооны суваг, тоног төхөөрөмжийг үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.
Харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах тусгай хэрэглээний холбооны мэдээллийн нууцлалт, хамгаалалтыг энэ хуулийн 20.1-д заасан байгууллага хариуцна.
Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно.
Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
Тусгай хэрэглээний сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.
Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана.
Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно.
Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна.
Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна.
Үйлчлэгч нь дараахь эрхтэй байна:
харилцаа холбооны үйлчилгээний тарифыг Зохицуулах хорооноос гаргасан аргачлалын дагуу тогтоох;
хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах;
гэрээнд заасан бусад эрх.
Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:
тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах;
харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах;
харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;
харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;
энэ хуулийн 23.1-д заасан нөхцөл байдал тохиолдсон үед холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу саадгүй хэрэглүүлэх;
хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх;
зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх;
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах;
хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;
зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх;
хэрэглэгчийг иргэний бүртгэлийн дугаараар бүртгэх;
бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх;
хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
Үйлчлэгч байгууллагын эрх бүхий ажилтан нь төрийн тусгай хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа холбооны шугам, сүлжээнд засвар, үйлчилгээ хийхээр саадгүй нэвтэрнэ.
—
Хэрэглэгч дараахь эрхтэй байна:
харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан, баталгаажсан тоног төхөөрөмж, холбогдох эрхээр баталгаажсан программ хангамж ашиглах;
харилцаа холбооны сүлжээнд гарсан гэмтлийг арилгахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;
энэ хуулийн 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
гэрээнд заасан бусад эрх.
Хэрэглэгч дараахь үүрэгтэй байна:
өөрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх;
харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
үйлчлэгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг хангаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглах;
гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
Харилцаа холбооны сүлжээг хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;
—
—
нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах.
Нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг хувийн өмчлөл, эзэмшил, нийтийн эдэлбэрийн газар, барилга байгууламж болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хэсгээр дамжуулан гэрээний үндсэн дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага харилцаа холбооны тоног төхөөрөмж дээр ажиллах зөвшөөрлийг саадгүй олгох үүрэгтэй.
Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:
агаарын баганат шугамаас тал бүртээ 10 метр;
кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;
радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станцаас тал бүртээ ЗОО метр голчтой;
радио, телевизийн нэвтрүүлэх станцын болон долгион үүсгэх тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ.
Харилцаа холбооны сүлжээ байрлаж байгаа хамгаалалтын зурвас газартай холбогдсон асуудлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна.
Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина.
Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
барилга, гэр, хашаа барих, мод тарих;
кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгах;
зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарах.
Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэх бол үйлчлэгчээс урьдчилан зөвшөөрөл авна.
Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт ажил гүйцэтгэсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх, засан тохижуулах арга хэмжээг өөрийн зардлаар, хариуцан хэрэгжүүлнэ.
Харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд улсын байцаагч хяналт тавина.
Улсын байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
харилцаа холбооны болон радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлт, тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтийг хянан шалгах;
харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлд мөрдвөл зохих технологийн горим, тогтоосон стандарт, техникийн нөхцөл болон энэ хуульд заасан бусад шаардлагын биелэлтийг шалгах;
тусгай зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлсэн, бүртгэлгүйгээр радио давтамж ашигласан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох.
Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно.
Зохицуулах хороо болон холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, эрх олгох журам, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх аргачлалыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга батална.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэх захиргааны байгууллагын жагсаалтыг Засгийн газар батална.
Энэ хуулийн 30¹.3-т заасан жагсаалтад хамаарах байгууллага хоёр жил тутам харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлангаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж, тайланг олон нийтэд нээлттэй, ил тод байлгана.
“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит” гэж тухайн байгууллагад ашиглаж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, техникийн шийдэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь байгууллагын стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлж, стандартад нийцэж байгаа эсэхийг хөндлөнгийн этгээдээс тогтоож, дүгнэлт, зөвлөмж гаргах хараат бус үйл ажиллагааг ойлгоно.
Төрийн аудитын байгууллагаас захиргааны байгууллагын үйл ажиллагаанд аудит хийхтэй холбогдсон харилцаанд энэ зүйл хамаарахгүй.
Арбитрын хэлэлцээртэй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
Энэ хуулийн 31.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэнэ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 31.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ..