Монгол Улсын хууль
Эрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2002-01-03, Улаанбаатар02-h-04
Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас нь чөлөөлсүгэй.
Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.
2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн заалтад нийцүүлэх арга хэмжээг авсугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар ялаас чөлөөлөгдсөн, түүнчлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт шийтгүүлж ялаа эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан хүмүүсийг ялгүйд тооцсугай.
Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан ажиллагааг 2002 оны 10 дугаар сарын 1-ний дотор, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 12 дугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын дээд шүүх / Ч.Ганбат/, Улсын ерөнхий прокурор /М.Алтанхуяг/, Хууль зүй, дотоод хэргийн яам /Ц.Нямдорж/-д даалгасугай.
Бусад хууль тогтоомжийг Эрүүгийн хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар / Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.