Монгол Улсын хууль
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай
2002-11-20, Улаанбаатар02-h-41
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
1 Монгол Улсын Үндсэн хууль, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн
1, энэ хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль2 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн
2, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ.
Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ:
Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар бүрдүүлэн зарцуулах төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв гэнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв гэнэ.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хүний хөгжил сангийн төсөв гэнэ.
Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ.
Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
Улсын Их Хурал болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсвийг төсвийн жилд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтныг төсвийн захирагч гэнэ.
Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна.
улсын төсвийн ерөнхийлөн захирагч нь Монгол Улсын Засгийн газар байна
төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын хувьд төсвийн шууд захирагч байна.
Төсвийн захирагчийн хүлээх эрх, үүргийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй :
төсвийн захирагч, төсөвт байгууллагын төсвийн төсөөллийг хүлээн авч хянах, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн нэгтгэн боловсруулах;
төв, орон нутгийн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
төсөвт байгууллагуудад мөрдөгдөх нийтлэг заавар, журмыг энэ хууль болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, баталж мөрдүүлэх;
төсвийн байгууллагуудын харилцах дансны байршил, дансны бүтэц, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх;
төсвийн ерөнхийлөн захирагчийн өөрийн орлогын зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авах ;
санхүүгийн жилийн явцад эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт тодотгол хийх Засгийн газрын саналыг боловсруулах;
төсөвт байгууллагад олгогдсон төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг зохион байгуулж, тайланг гаргуулан авах;
тухайн жилийн төсвийг баталсан хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг үндэслэн төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарийг батлан мөрдүүлэх;
Улсын Их Хурлаас баталсан тухайн жилийн төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллаар эрхэлсэн сайд нарт хуваарилан хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих.
Гадаад Улсын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийг эргүүлж төлөх баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.Төсвөөс нэмэгдэл санхүүжилт шаардагдах гэрээ, хэлэлцээрийг зөвхөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр байгуулна.
Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Концессын тухай хуульд заасны дагуу улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрт зээлийн баталгаа гаргаж болно.
Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна.
Тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь:
аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү,төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай;
сум, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг төсвийн орлого гэнэ.
Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ:
татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар
3 Татварын ерөнхий хууль, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 2 дугаарт нийтлэгдсэн
3 тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ;татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.
Улсын төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:
аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;
нэмэгдсэн өртгийн албан татвар;
онцгой албан татвар;
гаалийн албан татвар;
автобензин, дизелийн түлшний албан татвар;
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;
ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь ;
хүн амын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар.
зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.
агаарын бохирдлын төлбөр
Улсын төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:
төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;
хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад орлого.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна.
Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:
хотын албан татвар;
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь;
газрын төлбөр;
үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.
ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.
Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:
орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт;
хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого.
Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;
бууны албан татвар;
улсын тэмдэгтийн хураамж;
агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж;
байгалийн ургамал ашигласны төлбөр;
ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;
түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
ус, рашаан ашигласны төлбөр;
орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар.
ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.
Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:
орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;
орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;
хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ.
Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлан гаргахтай холбогдсон харилцааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.
Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс бусад төрийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Санхүүгийн тайлант жилийн улсын төсвийн зарлагаас давсан орлого буюу улсын төсвийн ашиг, эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх санд шилжүүлэн зарцуулна.
Төсвийн орлогыг дараахь байдлаар ангилна:
татварын нэр төрлөөр;
төсвийн орлогын нэр төрлөөр;
төсвийн орлогыг төвлөрүүлэгч байгууллагаар.
Төсвийн зарлагыг дараахь байдлаар ангилна:
эдийн засгийн ангиллаар хуваарилсан төсөв;
бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв;
төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв;
төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар харьяалуулсан байгууллагын төсөв.
Төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллыг Засгийн газар тогтоож, батална.
Энэхүү ангиллыг төсвийн тухайн шатны захирагчид дагаж мөрдөх үүрэгтэй.
Засгийн газрын захиран зарцуулах эрхийн хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгө, Төсвийн тогтворжуулалтын сан, болзошгүй зардлын эрсдэлийн санг улсын төсвийн бүрэлдэхүүн хэлбэрээр, Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулан зарцуулж болно.
Байгалийн гэнэтийн аюул, гамшигт үзэгдэл болон гадаад, дотоод зах зээлийн орчны нөлөөллийн улмаас нийт эдийн засаг, улсын төсөвт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор жил тутам дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эрсдэлийн санг байгуулж болно.
Засгийн газрын нөөц хөрөнгө, Төсвийн тогтворжуулалтын сан, болзошгүй зардлын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах , хуваарилагдаагүй зардлыг зарцуулах журмыг хуулиар зохицуулна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулна.
Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ.
Төрийн сангийн дансыг Монголбанк, түүний харьяа салбарууд болон гэрээний үндсэн дээр арилжааны банкуудад байршуулж болно.
Улсын төсвийн орлого, зарлагын холбогдох зарим гүйлгээг Монголбанк, бусад банк холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
Орон нутгийн төсвийн орлого, зарлагын тэнцэл хангагдаагүй нөхцөлд шаардлагатай аймаг, нийслэлийн төсөвт улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно.
Засгийн газар улсын төсөв /үүний дотор Засгийн газрын тусгай сан, хуваарилагдаагүй зардал/-ийн гүйцэтгэлийг бүтэн жилээр гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Улсын төсвийн гүйцэтгэлийг тайлагнах журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.
Улсын төсвийн гүйцэтгэлд Улсын Их Хурал, орон нутгийн төсвийн гүйцэтгэлд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус хяналт тавина.
Монгол Улсын төсвийн бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байна.
Монгол Улсын төсвийн бүртгэлийн стандарт, ангилал, аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, батална.
Төсвийн байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаархи журам, заавар, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.
Энэ хуулийг 2002 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.