Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай

Монгол Улсын хууль

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай

Хүчин төгөлдөр

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай

2002-12-12, Улаанбаатар02-h-46

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж
2.1.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль

1 Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн

1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль

2 Компанийн тухай -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 34 дүгээрт нийтлэгдсэн

2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль

3 Банкны тухай -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 11 дүгээрт нийтлэгдсэн

3, Зөвшөөрлийн тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.

Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна.

3.2.

Банк, даатгал, үнэт цаасны компани, тэтгэврийн сан, хоршооны эрхлэх хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газар, санхүүгийн түрээсийн үйлчилгээ, төслийн нэгж, Засгийн газрын тусгай зориулалттай сангаас олгох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна.

4 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.

“банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг;

4.1.2.

“факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг;

4.1.3.

—

4.1.4.

“төлбөрийн баталгаа гаргах” гэж Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг;

4.1.5.

“цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” гэж бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг;

4.1.6.

“гадаад валютын гүйлгээ” гэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагааг ;

4.1.7.

“итгэлцлийн үйлчилгээ" гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг;

4.1.8.

“богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” гэж тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг;

4.1.9.

”банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж энэ хуулийн 6.1.-д заасан этгээдийг;

4.1.10.

"банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГБанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
5 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах
5.1.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.

6 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
6.1.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.

6.2.

Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36.2.-т заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

7 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа
7.1.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:

7.1.1.

зээл;

7.1.2.

факторингийн үйлчилгээ;

7.1.3.

—

7.1.4.

төлбөрийн баталгаа гаргах;

7.1.5.

төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;

7.1.6.

цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;

7.1.7.

гадаад валютын арилжаа;

7.1.8.

итгэлцлийн үйлчилгээ;

7.1.9.

богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;

7.1.10.

хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.

7.1.11.

үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа.

8 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг
8.1.

Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ:

8.1.1.

банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг;

8.1.2.

бизнес төлөвлөгөө;

8.1.3.

Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг;

8.1.4.

аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

8.1.5.

боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи мэдээлэл;

8.1.6.

хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо;

8.1.7.

тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл;

8.1.8.

тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт.

8.2.

Энэ хуулийн 8.1.-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас лавлагаа авч болно.

9 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
9.1.

Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно:

9.1.1.

банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн;

9.1.2.

бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;

9.1.3.

тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь энэ хуулийн 13.5,13.6-д заасан шалгуурыг хангасан;

9.1.4.

банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан.

9.2.

Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.1.-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно.

9.3.

Зөвшөөрлийн баримт бичигт банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана.

9.4.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ.

10 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм
10.1.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2.-т заасан болон дараахь зүйлийг тусгана:

10.1.1.

өөрийн хөрөнгө /дүрмийн сан/-ийн хэмжээ;

10.1.2.

банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

10.1.3.

хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах журам;

10.1.4.

дотоод хяналтын албаны ажиллах журам.

10.2.

Банк бус санхүүгийн байгууллагын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

11 дугаар зүйл.Банк бус санхүүгийн байгууллагын нэр
11.1.

Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.

11.2.

Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт “Банк бус санхүүгийн байгууллага” болон “ББСБ” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.

11.3.

Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГБанк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага
12 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл
12.1.

Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

12.1.1.

зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх;

12.1.2.

өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

12.1.3.

иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;

12.1.4.

чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах;

12.1.5.

банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.

12.2.

Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 12.1.1.-д хамаарахгүй.

12.3.

Банк бус санхүүгийн байгууллага, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гаргаж өгөх, задлах, ашиглахыг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно.

13 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага
13.1.

Банк бус санхүүгийн байгууллагаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй.

13.2.

Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 70 хувиас илүүгүй байна.

13.3.

Тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

13.3.1.

банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх;

13.3.2.

олгосон зээлийн төлөгдөх хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн бол тухайн этгээд банк бус санхүүгийн байгууллагын удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох.

13.4.

Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ.

13.5.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:

13.5.1.

: зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

13.5.2.

ял шийтгэлгүй;

13.5.3.

ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг удирдахад харшлахгүй байх.

13.6.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГӨөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан
14 дугаар зүйл.Банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгө
14.1.

Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.

14.2.

Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

14.3.

Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.

14.4.

Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө.

14.5.

Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл авна.

14.6.

Дүрмийн санг нэмэгдүүлэх, хорогдуулах шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

15 дугаар зүйл.Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх
15.1.

Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

15.2.

Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна.

15.3.

Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Санхүүгийн зохицуулах хороо шаардах эрхтэй.

15.4.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

15.5.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол Санхүүгийн зохицуулах хороо залруулахыг шаардана.

16 дугаар зүйл.Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах
16.1.

Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

16.2.

Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна.

17 дугаар зүйл.Аудитын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгөх
17.1.

Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

17.2.

Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд даруй мэдээлнэ:

17.2.1.

төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;

17.2.2.

тухайн банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд өөрийн банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.

18 дугаар зүйл.Банк бус санхүүгийн байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл
18.1.

Банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

18.2.

Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгнө:

18.2.1.

банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

18.2.2.

банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банк бус санхүүгийн байгууллагаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;

18.2.3.

банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банк бус санхүүгийн байгууллагын эхлэлтийн тайлан тэнцэл.

18.3.

Санхүүгийн зохицуулах хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ.

18.4.

Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзана.

18.5.

Банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгах тухай Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгана.

ТАВДУГААР БҮЛЭГБанк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт
19 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт
19.1.

Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ.

19.2.

Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна:

19.2.1.

бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

19.2.2.

зөвшөөрлийг түдгэлзүүлэх;

19.2.3.

гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах;

19.2.4.

зөвшөөрлийг хүчингүй болгох.

19.3.

Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГХариуцлага
20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

20.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
21.1.

Энэ хуулийг 2003 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.