Монгол Улсын хууль
Өмгөөллийн Тухай
Хүчин төгөлдөрӨмгөөллийн Тухай
2002-05-16, Улаанбаатар02-h-18
Энэ хуулийн зорилт нь өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн байгууллагын бүтэц, чиг үүргийг тогтоох, өмгөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Өмгөөллийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
1 Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1, энэ хууль, өмгөөлүүлэх эрхийг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Өмгөөллийн үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:
хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, хууль дээдлэх;
өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;
өмгөөллийн үйл ажиллагаа төрийн ивээлд байх, аливаа байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох;
өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах.
Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагааг дараахь хэлбэрээр явуулна:
эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиож туслах;
иргэний хэрэг, захиргааны зөрчлийн хэргийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэхэд үйлчлүүлэгч этгээдийг төлөөлөх;
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох;
иргэд, байгууллагын хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх;
хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.
Өмгөөлөгч нь олон улсын шүүхийн байгууллага, бусад байгууллагад үйлчлүүлэгчийн сонирхлыг төлөөлж болно.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд, ял шийтгэлгүй, тогтоосон журмын дагуу мэргэшлийн шалгаруулалтад орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэнийг өмгөөлөгч гэнэ.
Монголын өмгөөлөгчдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус, мэргэжлийн байгууллага байна.
Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны Их хурал /цаашид “Их хурал” гэх/ байна.
Их хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Холбооны дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
Холбооны Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийг сонгох, чөлөөлөх;
Холбооны Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/-ийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
Холбооны Хянан шалгагчдын зөвлөл /цаашид “Хянан шалгагчдын зөвлөл” гэх/ -ийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах;
өмгөөлөгчийн Сахилгын хороо /цаашид “Сахилгын хороо” гэх/ -г байгуулж, дүрмийг батлах;
Холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
Ерөнхийлөгч, түүний ажлын албаны орон тоо, цалингийн хэмжээг тогтоох.
Их хурлыг гурван жилд нэг удаа Удирдах зөвлөл зарлан хуралдуулна.
Их хурал нийт өмгөөлөгчдийн төлөөлөгчдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
Их хурал асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана.
Их хурлын хуралдааны дэгийг Их хурал тогтооно.
Их хурлын чөлөөт цагт Холбооны удирдах байгууллага нь есөн гишүүнээс бүрдсэн Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн эрх хэмжээг Холбооны дүрмээр тогтооно.
Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч удирдан зохион байгуулна.
Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Холбооны дүрмээр зохицуулна.
Өмгөөлөгчийн сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт өгөх, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий Сахилгын хороо Холбооны дэргэд ажиллана.
Сахилгын хороо таван гишүүнтэй байна.
Хянан шалгагчдын зөвлөл нь Холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа болон Холбоонд ирсэн албан бичиг, өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Хянан шалгагчдын зөвлөл нь гурван гишүүнтэй байна.
Холбооны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан Хянан шалгагчдын зөвлөлд орж болохгүй.
Холбооны аймаг, нийслэлийн салбар зөвлөл өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдлын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ зохион байгуулах ажлыг эрхлэнэ.
Энэ хуулийн 10.1 дэх хэсгийн заалт өмгөөлөгчид хамтран өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх бие даасан хуулийн этгээд байгуулан ажиллахад үл хамаарна.
Холбоо өөрийн бэлгэ тэмдэгтэй байна.
Эрүү, иргэн, захиргааны хэрэг, зөрчлийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг холбогдох хуулиар тогтооно.
Өмгөөлөгч нь өмгөөлөл, төлөөллийн үйл ажиллагаа гүйцэтгэхдээ дараахь эрх эдэлнэ:
хууль зүйн туслалцаа хүсэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль ч байгууллагад төлөөлөх;
өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдолтой тэдгээрийн байгаа газарт чөлөөтэй нэвтрэн орж, ганцаарчлан уулзах;
эрүү, иргэний хэргийн нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж хуулбарлан авах;
нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт шаардах буюу хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах санал хүсэлт тавих;
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэл байвал татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;
хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авахаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчид хүсэлт гаргах, баримт сэлтийг бэхжүүлэх зорилгоор дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглах;
тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авах;
хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцаж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч болон бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх;
өөрийн байлцсан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлтээ бичгээр гаргах;
давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өөрийн санаачилгаар буюу шүүгдэгчийн хүсэлтээр оролцож санал, дүгнэлт гаргах;
хууль тогтоомжид заасан бусад эрх.
Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараахь үүрэг хүлээнэ:
Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;
өмгөөллийн үүрэг гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;
эрүүгийн хэрэгт өмгөөллийн үүрэг гүйцэтгэх явцад үйлчлүүлэгчээс дахин гэмт хэрэг үйлдэх тухай мэдсэн тохиолдолд энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;
үйлчлүүлэгчийн гэм буруу нотлогдсон, эсхүл нотлогдохгүй байгаа талаар нийтэд мэдээлэхгүй байх;
Холбоо, харьяалагдах аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүн байх;
өмгөөлөгч жилд хоёр удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх;
өмгөөлөх байгууллагаас өгсөн томилолтыг биелүүлэх.
Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эд хөрөнгө буюу эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмшихийг хориглоно.
Өмгөөлөгч нь аливаа зүйлийг үйлчлүүлэгч болон бусдад дамжуулан өгөх, зуучлахыг хориглоно.
Өмгөөлөгч мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч бол өөрийн явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч аль нэг талд хожим тухайн асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх буюу аль нэг талын өмгөөлөгчөөр оролцох, эсхүл урьд өмнө өмгөөлөгчөөр оролцож байсан хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахыг хориглоно.
Өмгөөлөгч талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр талуудын эвлэрэх явдалд саад учруулахыг хориглоно. Өмгөөлөгч маргааныг эвийн журмаар шийдвэрлэх тохиролцооны нөхцөл болон үр дагаврыг эрх зүйн үүднээс үйлчлүүлэгчид тайлбарлах үүрэг хүлээнэ.
Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх буюу Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлд хүсэлт гаргана. Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь мэргэжлийн өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа өгөх үүрэгтэй.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхэд туслахыг хүссэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллага нь мэргэжлийн өмгөөлөгчдийн болон өмгөөлөл эрхэлдэг байгууллагын нэр, хаягийн лавлагааг өгөх үүрэгтэй.
Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлүүлэх эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй, түүнчлэн өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллага энэ тухай Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
Энэ хуулийн 13.3-д заасан тохиолдолд томилогдох өмгөөлөгчийн ажиллах хуваарийг Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөл гаргасан байх үүрэгтэй.
Энэ хуулийн 13.2, 13.3-д заасан тохиолдолд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж, тулгаж болохгүй.
Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа эрх зүйн туслалцаатай холбоотой бүхий л мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна.
Аливаа этгээдээс өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа хүсч хандсан болон үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор асуухыг хориглоно.
Өмгөөлөгч өмгөөллийн нууцыг задлах, эсхүл амин хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
Өмгөөллийн нууцыг хугацаагүй хадгална.
Хуульд зааснаас бусад тохиолдолд өмгөөлөгчийн яриаг чагнах, албан байранд өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үзлэг, нэгжлэг хийх, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой материал, баримт бичгийг гаргуулан авахыг хориглоно.
Өмгөөллийн нууцыг мэдэх болсон өмгөөллийн байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах үүргийг мөн хүлээнэ.
Өмгөөллийн нууцыг хуулиар хамгаална.
Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь түүнд хэн ч шахалт, дарамт үзүүлэх буюу хөндлөнгөөс оролцох, саад учруулах, ямар нэг баталгаа шаардах, заналхийлэхийг хориглоно.
Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй.
Энэ хуулийн 15.2–т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд эдгээр байгууллага, түүний албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
Өмгөөлөгчийн давтан сургалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Төр, захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Холбоо, түүний аймаг, нийслэлийн салбар зөвлөлөөс үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Өмгөөлөгч Холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгөд хамгаалалтын арга хэмжээ авч болно.
Өмгөөлөгч шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
Өмгөөллийн үйл ажиллагааг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ - ийн үндсэн дээр эрхэлнэ.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд тусгай зөвшөөрөл авахаар мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй.
Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Монгол хэл мэддэг, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан харьяалалгүй хүн, гадаадын иргэн хуульч Монгол Улсын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахыг хүсвэл мэргэшлийн шалгалт өгсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл авна.
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгоно.
Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байна.
Мэргэшлийн хороо есөн гишүүнтэй байна.
Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шүүх, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, Холбооноос зургаан хүний төлөөлөлтэйгөөр, тэдгээр байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Мэргэшлийн хорооны гишүүн нь эрдмийн зэрэг, цолтой байна.
Мэргэшлийн хорооны даргыг уг хорооны гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
Мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн хуульчид тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
Мэргэшлийн шалгаруулалт явуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Энэ хуулийн 12.3-т заасан өмгөөлөгчийн үүрэг, тусгай зөвшөөрлийн шаардлага, нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Сахилгын хорооны саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
Өмгөөлөгч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эрх бүхий байгууллага эцсийн шийдвэр гаргах хүртэл эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.
Өмгөөлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон Холбооны санаачилгаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.
Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
өмгөөлөгчийн үүрэг, ёс зүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн;
тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Сахилгын хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгчээс өмгөөллийн үйлчилгээний хөлс авна.
Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан үзэж түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлс төлөхөөс чөлөөлж болно.
Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэхүү санхүүжилтийг Холбоонд олгох бөгөөд уг зардлыг санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутсаны улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор өмгөөлөгч хариуцлагын албан журмын даатгалд даатгуулна. Өмгөөлөгч нь хариуцлагын даатгалд даатгуулах даатгалын байгууллагаа өөрөө сонгоно.
Хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг өмгөөлөгч, даатгалын байгууллага харилцан тохиролцож тогтооно.
Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын доод хэмжээг Холбоо тогтооно.
Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн хуульч нь өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрчилгээний хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгсөний үндсэн дээр тусгай зөвшөөрөл авна.
Хууль тогтоомж, өмгөөлөгчийн болон хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн өмгөөлөгчид сахилгын дараахь шийтгэл ногдуулна:
сануулах;
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавих.
Өмгөөлөгч Сахилгын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.