Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2003 › Шуудангийн Тухай

Монгол Улсын хууль

Шуудангийн Тухай

Хүчин төгөлдөр

Шуудангийн Тухай

2003-05-15, Улаанбаатар03-h-05

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шуудангийн тухай хууль тогтоомж
2.1.

Шуудангийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль

1 Харилцаа холбооны тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

“шуудан” гэж шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрлийг;

3.1.2.

“шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;

3.1.3.

“шуудангийн илгээмж” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг;

3.1.4.

“захидал” гэж тодорхой этгээдэд хаягласан, дугтуйлсан болон дугтуйлаагүй гар бичмэл, хэвлэмэл баримт бичиг агуулсан шуудангийн илгээмжийг;

3.1.5.

“боодол” гэж тодорхой этгээдэд хаягласан, эд зүйлс агуулсан битүүмжлэгдсэн шуудангийн илгээмжийг;

3.1.6.

“илгээлт” гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг;

3.1.7.

“үйлчлэгч” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;

3.1.8.

“шуудангийн хайрцаг” гэж шуудангийн илгээмжийг цуглуулах, хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан хэрэгслийг;

3.1.9.

“шуудангийн богц” гэж шуудангийн илгээмж хийж тээвэрлэхэд зориулсан савыг;

3.1.10.

“шуудангийн нэгдсэн код” гэж үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, эсхүл тоо, үсгийн хосолсон илэрхийллийг;

3.1.11.

“шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч” гэж шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг;

3.1.12.

“шуудангийн үндсэн сүлжээ” гэж төрийн өмчийн оролцоотой, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч шуудангийн сүлжээг;

3.1.13.

“шуудангийн үйлчилгээ” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;

3.1.14.

“үйлчлүүлэгч” гэж шуудангийн үйлчилгээг авч байгаа иргэн, хуулийн этгээдийг.

4 дугаар зүйл.Шуудангийн төрөл
4.1.

Монгол Улсын шуудан нь нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуудангийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд түүнийг шуудангаар үйлчлэгч этгээд /цаашид “үйлчлэгч”гэх/ эрхлэн явуулна.

4.2.

Монгол Улсын шуудан нь дараахь төрөлтэй байна:

4.2.1.

үйлчлэгчээс эрхлэн үзүүлж байгаа нийтийн шуудан;

4.2.2.

төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах тусгай хэрэглээний шуудан;

4.2.3.

аж ахуйн нэгж, байгууллагын дотоодод ашиглагдах дотоодын хэрэглээний шуудан.

4.3.

Энэ хуулийн 4.2.2-т заасан тусгай хэрэглээний шуудангийн журмыг Засгийн газар, 4.2.3-т заасан дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо тус тус баталж мөрдүүлнэ.

5 дугаар зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.

Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.

хууль дээдлэх;

5.1.2.

шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх;

5.1.3.

үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх;

5.1.4.

шуудангийн илгээмжийг саадгүй, чөлөөтэй илгээх;

5.1.5.

үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;

5.1.6.

нийтийн шуудангийн үйлчилгээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй оролцох;

5.1.7.

шуудангийн сүлжээний ажиллагаа аюулгүй, тогтвортой байх;

5.1.8.

шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГШуудангийн талаархи төрийн зохицуулалт
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.

Засгийн газар шуудангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.

шуудангийн салбарт төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.2.

шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

6.1.3.

шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахтай холбогдсон журмыг тогтоох;

6.1.4.

шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журмыг батлах;

6.1.5.

шуудангийн үндсэн сүлжээ ашиглах эрх олгох, хяналт тавих журам батлах;

6.1.6.

хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.

Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.

бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;

7.1.2.

шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.3.

үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх;

7.1.4.

шуудангийн нэгдсэн код батлах;

7.1.5.

үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

7.1.6.

шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;

7.1.7.

шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;

7.1.8.

олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах, олон улсын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

7.1.9.

хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргын эрх хэмжээ
8.1.

Шуудангийн талаар бүх шатны Засаг дарга дараахь эрх хэмжээтэй байна:

8.1.1.

хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газарт байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх;

8.1.2.

хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.

9 дугаар зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээ
9.1.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохицуулах хороо дараахь эрх хэмжээтэй байна:

9.1.1.

бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;

9.1.2.

энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;

9.1.3.

шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах;

9.1.4.

хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, зохицуулалтын баримт бичиг болон холбогдох журам батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

9.1.5.

шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах;

9.1.6.

шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх;

9.1.7.

хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГНийтийн шуудангийн үйлчилгээ
10 дугаар зүйл.Шуудангийн үйлчилгээ
10.1.

Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын гэсэн зориулалттай байх бөгөөд түүнийг энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.

10.2.

Дараахь эрх бүхий этгээдийн баталсан хуваарь, чиглэлийн дагуу шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулна:

10.2.1.

аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

10.2.2.

үйлчлэгчийн боловсруулсан аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хот, тосгоны доторх шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга.

10.3.

Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг хоёр талын шуудангийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан Монгол Улсын олон улсын болон үйлчлэгч хоорондын гэрээгээр зохицуулна.

10.4.

Илгээмжийг хүлээн авах, цуглуулах, тээвэрлэх, хаягт эзэнд хүргэх үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг хориглоно.

10¹ дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл
10¹.1.

Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.13, 9.15-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд таван жилийн хугацаатай олгож, хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

10¹.2.

Энэ хуулийн 10¹.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

10¹.3.

Шуудангийн сүлжээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.

10¹.4.

Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд Харилцаа холбооны тухай хуулийн 14.1-д зааснаас гадна шуудангийн үйлчилгээний зэрэглэлийг тусгана.

11 дугаар зүйл.Шуудангийн сүлжээний ашиглалт
11.1.

Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, солилцох замаар хаягласан эзэнд нь хүргэх үйл ажиллагаа шуудангийн сүлжээгээр дамжин явагдана.

11.2.

Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үйлчилгээнд ашиглагдах шуудангийн үндсэн сүлжээ нь төрийн мэдэлд байна.

11.3.

Үйлчлэгч нь өөрийн шуудангийн сүлжээ байгуулан үйлчилгээгээ үзүүлж болно.

12 дугаар зүйл.Шуудангийн бүх нийтийн үйлчилгээ
12.1.

Шуудангийн бүх нийтийн үйлчилгээнд үйлчлэгч нь байршил, хүргэх боломжоос үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шуудангийн илгээмжийг энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хүргэх үйлчилгээ хамаарна.

13 дугаар зүйл.Цахим шуудангийн үйлчилгээ
13.1.

Үйлчлэгч нь цахим шуудангийн үйлчилгээ эрхэлж болно.

13.2.

Цахим шуудангийн үйлчилгээнд шуудангийн сүлжээгээр дамжуулан факс, нийтийн цахим шуудан, электрон худалдаа, электрон баримт бичиг хүргэх зэрэг үйлчилгээ хамаарна.

14 дугаар зүйл.Санхүүгийн үйлчилгээ
14.1.

Үйлчлэгч нь Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу захиалгат илгээмжийн худалдаа эрхэлж болно.

14.2.

Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно.

15 дугаар зүйл.Шуудангийн хэрэгсэл
15.1.

Шуудангийн хэрэгсэл нь шуудангийн илгээмж хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүргэхэд зориулсан тоног төхөөрөмж, шуудангийн богц, шуудангийн хайрцаг болон бусад хэрэгслээс бүрдэнэ.

15.2.

Шуудангийн хэрэгсэл нь төрийн болон аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байж болно.

15.3.

Шуудангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлэгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг ашиглаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГҮйлчлэгч, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
16 дугаар зүйл.Үйлчлэгчийн эрх, үүрэг
16.1.

Үйлчлэгч нь дараахь эрхтэй:

16.1.1.

улс хоорондын шуудангийн үйлчилгээнд оролцох, гадаадын ижил төрлийн хуулийн этгээдтэй хамтран ажиллах;

16.1.2.

үйлчилгээндээ захидлын дугтуй, ил захидал зэрэг өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх;

16.1.3.

шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах;

16.1.4.

шаардлагатай гэж үзвэл шуудангийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, биелэлтэд нь хяналт тавих;

16.1.5.

шуудангийн илгээмжид зохих журмын дагуу хяналт тавьж, битүүмжлэхийг үйлчлүүлэгчээс шаардах, илгээхийг хориглосон зүйлийг хүлээж авахаас татгалзах;

16.1.6.

өөрийн байгууллагын таних тэмдэг, тусгай хувцас хэрэглэх;

16.1.7.

хууль, гэрээнд заасан бусад эрх.

16.2.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

16.2.1.

энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

16.2.2.

шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.

16.3.

Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй:

16.3.1.

нийтэд хүртээмжтэй, үр ашигтай шуудангийн үйлчилгээ үзүүлэх;

16.3.2.

шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хэрэгсэлтэй байх;

16.3.3.

шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх;

16.3.4.

шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

16.3.5.

өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах;

16.3.6.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх;

16.3.7.

хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.

16.4.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.3-д зааснаас гадна дараахь үүрэгтэй:

16.4.1.

үйлчилгээндээ орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

16.4.2.

энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээг эрхлэн үзүүлэх;

16.4.3.

хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг үл зогсоох.

16.5.

Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ хуулийн 16.1, 17¹.1-д заасан үйлчлэгч байгууллагын ажилтан нь үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт болон бүх төрлийн тээврийн буудал, орон нутгийн замын пост, гүүр, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхтэй.

17 дугаар зүйл.Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
17.1.

Үйлчлүүлэгч дараахь эрхтэй:

17.1.1.

үйлчлэгчээс стандартад тохирсон үйлчилгээ шаардах, мэдээлэл гаргуулж авах;

17.1.2.

шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх;

17.1.3.

хууль, гэрээнд заасан бусад эрх.

17.2.

Үйлчлүүлэгч дараахь үүрэгтэй:

17.2.1.

илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх;

17.2.2.

шуудангийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлөх;

17.2.3.

хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

17¹ дугаар зүйл.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг
17¹.1.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:

17¹.1.1.

энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;

17¹.1.2.

шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу үйлчлэгчдэд ижил нөхцөлөөр түрээслүүлэх.

17¹.2.

Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:

17¹.2.1.

шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;

17¹.2.2.

энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах.

17¹.2.3.

Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийг хариуцах.

ТАВДУГААР БҮЛЭГШуудангийн үйлчилгээний тариф
18 дугаар зүйл.Тарифын хэмжээ
18.1.

Үйлчлэгч нь дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээний тарифын талаархи саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргэнэ.

18.2.

Зохицуулах хороо үйлчилгээний тариф тогтоох саналыг хянан үзэж, холбогдох саналаа 14 хоногийн дотор тухайн үйлчлэгчид хүргүүлнэ.

18.3.

Үйлчлэгч нь Зохицуулах хорооны саналыг харгалзан үйлчилгээний тариф тогтоох тухай шийдвэр гаргана.

18.4.

Энэ хуулийн 18.3-т заасан шийдвэр гарснаас хойш энэ тухай 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГШуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл
19 дугаар зүйл.Шуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл
19.1.

Шуудангийн илгээмж нь дараахь онцлог бүхий энгийн, баталгаат, үнэ зарласан гэсэн төрөлтэй байна:

19.1.1.

энгийн илгээмжид үйлчлүүлэгч өөрөө тарифын дагуу марк наасан энгийн захидал, баталгаат болон үнэ зарласнаас бусад боодол, илгээлт;

19.1.2.

баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж, хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт;

19.1.3.

үнэ зарласан илгээмжид үйлчлүүлэгч илгээмжээ үнэлэн, нэмэгдэл төлбөр хийж илгээж байгаа захидал, боодол, илгээлт.

19.2.

Шуудангийн үйлчилгээг үйлчлүүлэгчид хүргэх хамрах хүрээгээр нь улс хоорондын болон дотоодын, үйл ажиллагаагаар нь нэмэлт болон үндсэн, хугацаагаар нь ердийн болон буухиа гэсэн зэрэглэл тогтооно.

20 дугаар зүйл.Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа
20.1.

Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ.

20.2.

Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна.

20.3.

Шуурхай зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 1 хоног, аймаг, хотуудын хооронд 3 хоног, бусад газарт 10 хоногийн дотор хүргэсэн байна.

20.4.

Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан хугацаанаас богино байна.

21 дугаар зүйл.Улс хоорондын шуудангийн илгээмж
21.1.

Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

21.2.

Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна.

ДОЛДУГААР БҮЛЭГШуудангийн онцлог үйл ажиллагаа
22 дугаар зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд хэрэглэх хэл
22.1.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шуудангаар үйлчлэгч нь албан хэргээ монгол хэлээр хөтлөн явуулна.

22.2.

Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүрдүүлэлтийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хэлээр хийнэ.

23 дугаар зүйл.Хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж
23.1.

Хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмжийг хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж гэнэ.

23.2.

Шуудангаар үйлчлэгч байгууллагын ажилтан хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг энэ хуулийн 7.1.7-д зааснаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор дараахь журмын дагуу задлана:

23.2.1.

шуудангийн илгээмж задлахад үйлчлэгчийн хоёр, түүнээс дээш ажилтан оролцоно;

23.2.2.

шуудангийн илгээмж задалсан үйл явцын талаар тэмдэглэл үйлдэнэ;

23.2.3.

энэ хуулийн 24.1-д заасан шуудангаар илгээхийг хориглосон зүйл тухайн илгээмжид байвал түүнийг холбогдох байгууллагад шилжүүлнэ.

23.3.

Шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаяг тодорсон бол түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдэнэ.

23.4.

Энэ хуулийн 23.2 - 23.3-т заасан үйл ажиллагаа явуулсан боловч хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлэх буюу энэ хуулийн 7.1.7-д заасан журмын дагуу устгана.

24 дугаар зүйл.Шуудангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
24.1.

Шуудангаар дараахь зүйл илгээхийг хориглоно:

24.1.1.

Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасан галт зэвсэг, сум, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;

24.1.2.

хортон ургамал, амьтан;

24.1.3.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд;

24.1.4.

хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон гадаад валют;

24.1.5.

түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

24.1.6.

садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;

24.1.7.

хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.

24.2.

Шуудангийн сүлжээгээр дамжиж байгаа бүх төрлийн илгээмжийг алдаж үрэгдүүлэх, гэмтээх, зохих зөвшөөрөлгүй задлах, мэдээллийн нууцыг задруулах болон шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэх, хуулбарлахыг хориглоно.

25 дугаар зүйл.Шуудангийн марк
25.1.

Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна.

25.2.

Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл.

25.3.

Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркыг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална.

НАЙМДУГААР БҮЛЭГХяналт, хариуцлага
26 дугаар зүйл.Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээнд тавих хяналт
26.1.

Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч хяналт тавина.

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.