Монгол Улсын хууль
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай
2005-11-17, Улаанбаатар05-h-18
Энэ хуулийн зорилт нь Санхүүгийн зохицуулах хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
1 Монгол Улсын Үндсэн хууль-«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1, Иргэний хууль2 Иргэний хууль-«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль3 Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль-«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.
3, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль4 Үнэт цаасны зах зээлийн тухай хууль-«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.
4, Даатгалын тухай хууль5 Даатгалын тухай хууль-«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 2004 оны 20 дугаарт нийтлэгдсэн.
5, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль6 Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль -«Төрийн мэдээлэл» эмхтгэлийн 2004 оны 20 дугаарт нийтлэгдсэн.
6, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд заасан санхүүгийн үйлчилгээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:
банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа;
үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;
даатгагчийн Даатгалын тухай хуульд заасан үйл ажиллагаа;
даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчийн Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;
хоршооны Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа;
хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа;
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа;
үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;
үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа;
виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан үйл ажиллагаа.
уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;
хуульд заасан санхүүгийн бусад үйл ажиллагаа.
“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.
Банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг банкны тухай хууль тогтоомжоор зохицуулна.
Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.
Хорооны дүрмийг Улсын Их Хурал батална.
Хороо нь эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно.
Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;
санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах;
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;
Хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих.
даатгалын зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8, 4.1.10-т заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтан, агентад тавигдах шаардлагыг тогтоосон журмыг батлах.
технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг хязгаарлагдмал хүрээнд бодитоор турших, нэвтрүүлэх сэндбокс зохицуулалтын орчинг бий болгох, холбогдох зохион байгуулалтын нэгж, зөвлөл байгуулах зэрэг харилцааг зохицуулсан Сэндбокс зохицуулалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих.
иргэдэд санхүүгийн мэдлэг олгох ажлыг зохион байгуулах.
уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.
Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан;
үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан;
даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын тухай хуульд заасан;
даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан;
хадгаламж, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан.
хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан.
малын даатгалын үйл ажиллагааны чиглэлээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан.
виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны чиглэлээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан.
уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны чиглэлээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан.
Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр дараах журам, зааврыг батална:
зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам;
салбар, төлөөлөгч, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх тухай журам;
хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ тогтоох журам;
зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам;
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох журам;
нягтлан бодох бүртгэл, дансны бүртгэлийн маягтыг хөтлөх журам, заавар;
мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг тодорхойлсон журам;
хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам.
Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
Хороо сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг Хороо тогтооно.
Хоёроос доошгүй гишүүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн Хорооны дарга тусгай хуралдааныг зарлан хуралдуулж болно.
Хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
Хорооны хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг урилгаар оролцуулж болно.
Хорооны хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд түүнд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.
Хорооны хуралдаанаар асуудлыг нь хэлэлцэж байгаа хуулийн этгээдэд Хорооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүн ажилладаг бол Хорооны гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.
Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Хорооны дарга гарын үсэг зурна.
Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
Хороо нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийн төслийг өөрийн Веб хуудас буюу өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэн, тайлбар өгч, санал авч болно.
Хороо хуулийн хэрэгжилт, түүнчлэн өөрийн санхүүгийн болон үйл ажиллагааныхаа талаар жил тутам Улсын Их Хуралд тайлагнана.
Хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Улсын Их Хурал зохих бүтцээрээ дамжуулан хяналт тавина.
Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хороо санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, түүнийг хөгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиглэлээр өөр хоорондоо уялдсан үйл ажиллагаа явуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг /цаашид “санамж бичиг” гэх/ үйлдэнэ.
Санамж бичигт санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах талаар Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Хорооны хүлээх үүрэг, харилцан солилцох мэдээлэл зэрэг бусад асуудлыг тусгана.
Хороо Монголбанк, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа энэ хуулийн 10.1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.
Санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд Хорооны дарга зөвлөх эрхтэй оролцож болно.
Хороо үйл ажиллагааныхаа жилийн тайланг Засгийн газар, Монголбанкинд хүргүүлнэ.
Хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ.
Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно.
Хорооны дарга болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна.
Байнгын хорооноос санал болгох нэр дэвшигч хувийн хэвшлийг төлөөлсөн байж болно.
Хорооны гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:
төрийн улс төрийн албан хаагч;
улс төрийн намын удирдах албан тушаалтан;
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд;
санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч.
Хорооны дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын иргэн байна.
Хорооны гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хурал томилоогүй бол энэ хуулийн 11.2-т заасан эрх бүхий этгээд ажлын 14 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
Хорооны дарга, орон тооны гишүүд төрийн тусгай албан хаагч байна.
Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
Улсын Их Хурал дараахь үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;
энэ хуулийн 11.5-д заасан албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон.
Энэ хуулийн 13.1-д заасан үндэслэлээр Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг томилоход нэр дэвшүүлсэн этгээд Улсын Их Хуралд оруулна.
Хорооны дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр огцруулна:
үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн;
эрх бүхий байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;
гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
энэ хуулийн 11.5-д заасныг зөрчсөн нь томилогдсоных нь дараа илэрсэн.
Улсын Их Хурал энэ хуулийн 14.1.1, 14.1.4 -д заасан тохиолдолд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийн саналыг, 14.1.2, 14.1.3-т заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрийг тус тус үндэслэн Хорооны дарга, гишүүнийг огцруулна.
Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуулийн 11.2-т заасан эрх бүхий этгээд өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна.
Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд Хорооны байр суурийг илэрхийлэх;
Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
Хорооны гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг Хорооны даргын томилсон гишүүн гүйцэтгэнэ.
Хорооны дарга нас барсан, эсхүл түүнийг энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол түүний үүргийг шинэ даргыг сонгох хүртэл санхүүгийн салбарт хамгийн олон жил ажилласан орон тооны гишүүн гүйцэтгэнэ.
Энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд Хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу огцруулахыг хориглоно.
Хорооны дарга болон орон тооны гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. Хорооны орон тооны бус гишүүнд урамшуулал олгох журам, урамшууллын хэмжээг Хорооны дүрмээр зохицуулна.
Хороо өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байна.
Ажлын албаны үйл ажиллагааг Хорооны дүрмээр зохицуулна.
Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байх бөгөөд Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангана.
Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна.
Энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан Хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.
Хорооны гишүүн болон ажлын албаны ажилтан дараахь тохиолдолд энэ хуулийн 19.1-д заасан мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу бусдад мэдээлж болно:
энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасны дагуу нууц мэдээгээр хангахыг зөвшөөрсөн;
Монголбанк хүсэлт гаргасан;
санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүсэлт гаргасан;
шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүсэлт гаргасан.
Хорооны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
зөвшөөрөл эзэмшигчид, бүртгэлтэй этгээдээс төвлөрүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс;
хуулийн дагуу үйл ажиллагаа явуулснаас олсон бусад орлого.
Хороо нь холбогдох хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах бөгөөд жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулна.
Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Хороо олгоно.
Бүтцэд нь банк ордог компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн бусад оролцогчид зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ Монголбанкны саналыг авна.
Хороо энэ хуулийн 22.2-т заасны дагуу зөвшөөрөл олгосон бол хяналтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ.
Хороо зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан компанийн толгой компанийн дүрэм, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг шаардан авч, хянан үзэж болно.
Санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа тус бүрийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулна.
Хорооноос олгосон аливаа зөвшөөрөл, эрхийн бүртгэлийг Хороо хөтөлж, хадгална.
Энэ хуулийн 23.1-д заасан бүртгэл хөтлөх журмыг Хороо батална.
Зөвшөөрөл эзэмшигч этгээд тухайн зөвшөөрөл, эрхэд хамаарах үйл ажиллагаа явуулахаа больсон бол энэ тухай Хороонд ажлын 5 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ.
Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ.
Хорооны хянан шалгагч улсын байцаагчийн эрхтэй байна.
Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно.
Хорооны хянан шалгагч энэ хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.2, 19.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 37.1, 37.2 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 61, 62, 63, 64, 65, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 30, 31, 32, 33, 34 дүгээр зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
Хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн албан ажлын болон үйл ажиллагаа явуулж байгаа байранд ажлын цагаар нэвтрэн орох;
шалгалтад шаардлагатай мэдээ, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
холбогдох баримт бичгийг хянан үзэх, түүнийг хуулбарлуулан авах;
шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт авах;
шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах;
зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох;
хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах;
зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бүртгэлтэй этгээд хууль тогтоомжийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох, эсхүл бүртгэлээс хасах талаар Хороонд санал оруулах;
шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Хянан шалгагч нь Хорооноос баталсан удирдамжийн дагуу шалгалт хийх бөгөөд удирдамжийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд урьдчилан танилцуулна.
Шалгалтыг Хорооноос тогтоосон хугацаанд холбогдох этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.
Шалгалтын тайланд дараахь зүйлийг тусгана:
зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хяналт болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлын талаархи дүгнэлт;
тайлантай холбогдуулан зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс хариу шаардах, хариу шаардаагүй бол онцгойлон анхаарах асуудал.
Хороо шалгалт дууссанаас хойш ажлын 45 хоногийн дотор шалгалтын товч тайланг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдэд хүргүүлнэ.
Шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.
Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардаж болно.
Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд нь компанийн аливаа хэлбэрийн нэгдлийн гишүүн бол Хороо тухайн нэгдэлд багтах аль ч этгээдийн, эсхүл уг нэгдлийн санхүүгийн тайланг шаардаж болно.
Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу Хорооны шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө.
Хорооны дэргэд Хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ажиллана.
Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.
Хяналтын зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг дараа оны эхний улиралд Улсын Их Хуралд танилцуулна.
Хяналтын зөвлөл нь дарга, 4 гишүүнээс бүрдэнэ.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Улсын Их Хурлаас 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.
Хяналтын зөвлөлийн даргад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн Байнгын хороо тус бүр хоёр хүний нэр дэвшүүлнэ.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, ажлын дадлага туршлагатай, ёс зүйн хувьд төлөвшсөн Монгол Улсын иргэнийг томилно.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнээр төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Хорооны дарга, гишүүн болон ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг томилохыг хориглоно.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, эсхүл чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;
үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
ашиг сонирхлын зөрчил үүссэн.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 29.6-д зааснаас бусад үндэслэлээр хугацаанаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.
Хяналтын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, гишүүдэд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, тэднийг шуурхай мэдээллээр хангах, хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулах үүргийг Хорооны ажлын алба гүйцэтгэнэ.
Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг энэ хуулийн 28.2-т заасан журмаар тогтооно.
Хяналтын зөвлөлийн шийдвэр гарах хүртэл Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг Хяналтын зөвлөл түр түдгэлзүүлж болно.
Хяналтын зөвлөлийн хуульд нийцсэн шийдвэрийг Хороо биелүүлэх үүрэгтэй.
Хяналтын зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
Хяналтын зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ.
Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
—
—
Санхүүгийн үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаархи хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.