Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2009 › Гол, Мөрний Урсац Бүрэлдэх Эх, Усны Сан Бүхий Газрын Хамгаалалтын Бүс, Ойн Сан Бүхий Газарт Ашигт Малтмал Хайх, Ашиглахыг Хориглох Тухай

Монгол Улсын хууль

Гол, Мөрний Урсац Бүрэлдэх Эх, Усны Сан Бүхий Газрын Хамгаалалтын Бүс, Ойн Сан Бүхий Газарт Ашигт Малтмал Хайх, Ашиглахыг Хориглох Тухай

Хүчин төгөлдөр

Гол, Мөрний Урсац Бүрэлдэх Эх, Усны Сан Бүхий Газрын Хамгаалалтын Бүс, Ойн Сан Бүхий Газарт Ашигт Малтмал Хайх, Ашиглахыг Хориглох Тухай

2009-07-16, Улаанбаатар09-h-11

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж
2.1.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, үндэсний аюулгүй байдлын тухай

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

, Байгаль орчныг хамгаалах тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

, Усны тухай

Усны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 18 дугаарт нийтлэгдсэн.

, Ойн тухай

Ойн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

, Ашигт малтмалын тухай хууль

Ашигт малтмалын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

“гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;

3.1.2.

“ойн сан бүхий газар” гэж Ойн тухай хуулийн 3.1.2-т заасныг;

3.1.3.

“усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг.

4 дугаар зүйл.Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
4.1.

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.

4.2.

Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.

4.3.

Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.

4.4.

Энэ хуулийн 4.3-т заасан хилийн заагийн гадна үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийж, таримал ой, хиймэл нуур, усан сан байгуулсан бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

4.5.

Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

4.6.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГБАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл.Байгаль орчныг нөхөн сэргээх
5.1.

Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй.

5.2.

Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.

5.3.

Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД
6 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
6.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.