Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2010 › Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний Тухай /Шинэчилсэн Найруулга/

Монгол Улсын хууль

Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний Тухай /Шинэчилсэн Найруулга/

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээний Тухай /Шинэчилсэн Найруулга/

2010-04-16, Улаанбаатар10-h-04

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин /хөлс/-гийн доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж
2.1.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн Хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Хөдөлмөрийн тухай хууль

Хөдөлмөрийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

, Иргэний хууль

Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
3.1.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

3.2.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно.

3.3.

Энэ хуулийн 3.1 дэх хэсгийн заалт нь ажилтан цалин /хөлс/-гаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр тогтоолгох, ажил олгогч болон ажиллуулагч /цаашид “ажил олгогч” гэх/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү тогтоосон цалин /хөлс/ олгоход саад болохгүй.

4 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх зарчим, хүчин зүйл
4.1.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

5.1-д заасны дагуу тогтоосон түвшингээс багагүй байх бөгөөд хэрвээ хүн амын амьжиргааны доод түвшинг мөн хуулийн 5.3-т заасны дагуу тогтоосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн өндөр тогтоосон бүсийн түвшингээс багагүй байна.

4.2.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараахь хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилнө:

4.2.1.

хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт;

4.2.2.

хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа;

4.2.3.

нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ;

4.2.4.

эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин.

4.2.5.

инфляцын түвшин.

ХОЁРДУГААР БҮЛЭГХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ, МӨРДӨХ
5 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх
5.1.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно.

5.2.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохтой холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай тогтоол гаргах;

5.2.2.

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зорилгоор дэргэдээ хөдөлмөрийн бүтээмж, цалин /хөлс/-гийн асуудлаар мэргэшсэн судлаачдын баг ажиллуулах;

5.2.3.

энэ хуулийн 5.4-т заасны дагуу тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаархи мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;

5.2.4.

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг гаргах.

5.3.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно.

5.4.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ хуулийн 4.2-т заасан хүчин зүйлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд энэ хуулийн 6.1, 6.2-т заасан саналын дагуу шинэчлэн тогтоож болно.

6 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх асуудлаар санал гаргах
6.1.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран гаргаж болно.

6.2.

Улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөх саналыг Засгийн газар гаргаж болно.

7 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаж мөрдөх
7.1.

Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г олгох үүрэг хүлээх бөгөөд ажил олгогч нь энэ хуулийн 5.3-т заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хамаарах бол түүнээс багагүй үндсэн цалин /хөлс/-г өмчийн төрөл, хэлбэр болон тухайн салбарын ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагад гишүүнчлэлтэй эсэхээс үл хамааран олгоно.

7.2.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэх хугацаа нь дараагийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр байна. Хэрэв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинэчлэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрдүүлнэ.

7.3.

Энэ хуулийн хэрэгжилтэд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

7.4.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэхтэй холбогдсон бусад хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдлөг болгоно.

7.5.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон энэ хуулийн 5.3-т заасан салбарын болон салбар дундын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зарлан мэдээлэх үүргийг хэлэлцээр байгуулагч талууд хүлээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
8 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
8.1.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг ажилтан, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага нь хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүхэд гаргаж болно.

8.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.3.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин /хөлс/ олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн нөхөн төлнө.

9 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
9.1.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.