Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2011 › Төсвийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

Монгол Улсын хууль

Төсвийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

2011-12-23, Улаанбаатар11-h-33

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Өрийн удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.

Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна.

3.2.

Энэ хуульд заасан хөтөлбөрийн төлөвлөлт, үр дүнгийн гэрээ, түүний гүйцэтгэл, тайлагналтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилд хамаарахгүй.

3.3.

Энэ хуульд заасан ил тод байдалтай холбогдсон зохицуулалт нь хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамаарах төсөвт болон энэ хуулийн 3.2-т заасан гүйцэтгэх ажилд хамаарахгүй.

3.4.

Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.

3.5.

Засгийн газар, орон нутаг өр үүсгэх замаар зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, дамжуулан зээлдүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулна.

4 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.

“төсвийн тусгай шаардлага” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг;

4.1.2.

“дунд хугацаа” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;

4.1.3.

“дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.10-т заасныг;

4.1.4.

“төсвийн төсөл” гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг;

4.1.5.

“төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

4.1.6.

“улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

4.1.7.

“суурь түвшинд үндэслэсэн төсөв” гэж макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж, тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийн тооцоог;

4.1.8.

“жилийн төсвийн хязгаар” гэж төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөв боловсруулахад баримтлах орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээг;

4.1.9.

“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;

4.1.10.

“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;

4.1.11.

“төсвийн тэнцэл” гэж тухайн төсвийн жилийн төсвийн нийт орлого, зарлагын зөрүүг;

4.1.12.

“төсвийн ашиг” гэж төсвийн зарлагаас давсан орлогыг;

4.1.13.

“төсвийн алдагдал” гэж төсвийн орлогоос давсан зарлагыг;

4.1.14.

"орлого" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авах бүх төрлийн гүйлгээг;

4.1.15.

"зарлага" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг;

4.1.16.

“хөтөлбөр” гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг;

4.1.17.

“арга хэмжээ” гэж хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг;

4.1.18.

“орц” гэж тухайн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг;

4.1.19.

“эдийн засгийн томсгосон ангилал” гэж эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын хэд хэдэн зүйлийг нэгтгэн бүлэглэснийг;

4.1.20.

“эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал” гэж эдийн засгийн ангиллын анхдагч зүйлийг;

4.1.21.

“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;

4.1.22.

“орлогын шилжүүлэг” гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг;

4.1.23.

“төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн санхүүжилт” гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу орон нутгийн засаг захиргааны байгууллагад холбогдох шатны төсвөөс олгох хөрөнгийг;

4.1.24.

"төсвийн хөрөнгө оруулалт" гэж улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг;

4.1.25.

“татварын зарлага” гэж татварын хуулиар тухайн жилд татвар төлөгчид олгох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг;

4.1.26.

“төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг;

4.1.27.

“орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

4.1.28.

“орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;

4.1.29.

“орон нутгийн төсвийн суурь орлого” гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг;

4.1.30.

“орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг болон орон нутгийн чиг үүрэг, төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлагын нийлбэрийг;

4.1.31.

“орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдал” гэж орон нутгийн төсвийн суурь орлогоос давсан орон нутгийн төсвийн суурь зарлагыг;

4.1.32.

“Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;

4.1.33.

—

4.1.34.

“төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

4.1.35.

“төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;

4.1.36.

“төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.37.

“төсвийн төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.38.

“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.39.

"төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч" гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг;

4.1.40.

“төрийн сангийн үйл ажиллагаа” гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнахыг;

4.1.41.

"төрийн сангийн нэгдсэн данс" гэж Засгийн газрын нэгдсэн зохицуулалт бүхий төсвийн ерөнхий данс болон Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бүх төсвийн захирагчийн Монголбанкинд байрших мөнгөн хөрөнгийн харилцах дансыг;

4.1.42.

"төсвийн ерөнхий данс" гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах дансыг;

4.1.43.

“зарцуулалтын эрх” гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг;

4.1.44.

—

4.1.45.

—

4.1.46.

—

4.1.47.

“Засгийн газрын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;

4.1.48.

“болзошгүй өр төлбөр” гэж Засгийн газрын гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдон төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг;

4.1.49.

“дотоод аудит” гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг;

4.1.50.

“эргэлтийн сан” гэж үйл ажиллагаа нь нэгээс дээш төсвийн жил дамжин байнга хэрэгжих, өөрийн эх үүсвэрийг хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулж, түүнээс орох орлого, эсхүл зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлтийг тухайн үйл ажиллагааг дахин санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг.

4.1.51.

“эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.

4.1.52.

“зээллэг” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.15-д заасныг.

4.1.53.

“гадаадын тусламж” гэж олон улсын байгууллага, түнш орноос Засгийн газрын шугамаар, эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр Монгол Улсад олгож байгаа хөрөнгийн эх үүсвэрийг.

4.1.54.

—

4.1.55.

“Ирээдүйн өв сангийн төсөв” гэж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.

4.1.56.

“гүйцэтгэлд суурилсан санхүүжилт” гэж хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүн, төрийн үйлчилгээний чанар зэрэг гарцын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилахыг.

4.1.57.

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹.1-д заасныг.

4.1.58.

“Үндэсний баялгийн сангийн төсөв” гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу төрөлжсөн сан бүрд төвлөрүүлж, зарцуулах, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГТӨСВИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
5 дугаар зүйл.Төсвийн зарчим
5.1.

Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.

төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;

5.1.2.

төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;

5.1.3.

санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

5.1.4.

ил тод байдлыг хангасан байх;

5.1.5.

хариуцлагатай байх.

6 дугаар зүйл.Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх
6.1.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.2.

Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах;

6.2.2.

жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх;

6.2.3.

урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх;

6.2.4.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байх;

6.2.5.

төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.

6.2.6.

Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:

6.2.6.а.

тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;

6.2.6.б.

төсөвт төвлөрүүлэх татвар болон төлбөрийн хэмжээг бууруулах бол мөн хэмжээгээр зардлыг бууруулах.

6.2.6.в.

Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дэх төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хамаарах өөрчлөлт нь энэ хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шаардлагыг хангасан байх.

6.2.7.

төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөрийн үр дүн болон гарцыг шалгуур үзүүлэлтийн хамт тодорхойлж баталж, хэрэгжүүлэх.

6.3.

Энэ хуулийн 5.1.2-т заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.

төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах;

6.3.2.

санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах;

6.3.3.

төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын өрийн баталгаа, гадаад зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах;

6.3.4.

төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх.

6.4.

Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.

төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;

6.4.2.

төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;

6.4.3.

иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах;

6.4.4.

хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох;

6.4.5.

төсвийн захирагч төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй байх;

6.4.6.

хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх;

6.4.7.

төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх;

6.4.8.

төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.

6.5.

Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.

төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2.

төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

6.5.3.

төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.4.

төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.5.

хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

6.5.6.

төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх.

6.6.

Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.6.1.

төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;

6.6.2.

төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх;

6.6.3.

төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;

6.6.4.

төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх;

6.6.5.

орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх;

6.6.6.

тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.

7 дугаар зүйл.Төсвийн жил
7.1.

Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

7.2.

Төсвийн жил нь сар, улирал, хагас жил, бүтэн жил гэсэн үед хуваагдана.

7.3.

Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна.

7.4.

Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрээр, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр бэлтгэж, тайлагнана.

7.5.

Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталсан өдрөөс эхлэн зохион байгуулж болно.

7.6.

Төсвийн жил эхлэхэд төсвийн захирагчийн тухайн төсвийн жилийн батлагдсан төсвийг зарцуулах эрх нь нээгдэнэ.

7.7.

Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

7.8.

Салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарч төсвийн хэрэгжилтийн хугацаа нь төсвийн жилээс зөрүүтэй бол төсвийн төлөвлөлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу зохицуулна.

7.9.

Энэ хуулийн 7.7 дахь хэсэг эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагын төсвийн захирагчид хамаарахгүй.

8 дугаар зүйл.Төсвийн цаглабар
8.1.

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид “Стратегийн баримт бичиг” гэх/, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.1.1.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;

8.1.2.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.1.3.

Засгийн газар Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, мөн хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх;

8.1.4.

Улсын Их Хурал Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэж, батлах;

8.1.5.

Улсын Их Хурал Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор хэвлэн нийтлэх.

8.2.

—

8.3.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарыг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.

8.3.1.

төсвийн ерөнхийлөн захирагч дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан жилийн төсвийн хязгаарын саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх;

8.3.2.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 6 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;

8.3.3.

Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор батлах;

8.3.4.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7 дугаар сарын 5-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

8.4.

Тухайн жилийн улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.4.1.

төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;

8.4.2.

төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.4.3.

төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх;

8.4.4.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлэх;

8.4.5.

Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.4.6.

Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх;

8.4.7.

төрийн аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 15-нд хүргүүлж, нийтэд мэдээлэх;

8.4.8.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 15-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ;

8.4.9.

Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах.

8.5.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын жилийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.5.1.

аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэх;

8.5.2.

аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах;

8.5.3.

сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэх;

8.5.4.

сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;

8.5.5.

аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.6.

Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.6.1.

төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчид харъяалагддаггүй төсвийн шууд захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.6.2.

төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.6.3.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн, жилийн төсвийн хуваарийг жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний дотор батлах.

8.7.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.7.1.

аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор батлах;

8.7.2.

аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.8.

Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.

8.8.1.

төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 02-ны дотор харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;

8.8.2.

төсвийн төвлөрүүлэн захирагч тусгай сан, төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 04-ний дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.8.3.

төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 06-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.8.4.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 08-ны дотор нэгтгэн гаргах;

8.8.5.

—

8.9.

Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, орон нутгийн төсвийн улирал, хагас, бүтэн жилийн төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараах цаглабрын дагуу боловсруулна:

8.9.1.

төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх;

8.9.2.

төсвийн төвлөрүүлэн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.9.3.

сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны төсвийн хагас жилийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны дотор дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.9.4.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 4 дүгээр сарын 20-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.9.5.

төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.9.6.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор гаргах;

8.9.7.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба төрийн аудитын төв байгууллага 5 дугаар сарын 05-ны дотор аудит хийж, санал дүгнэлт гаргах;

8.9.8.

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.10.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг дараах цаглабрын дагуу боловсруулна:

8.10.1.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх;

8.10.2.

төрийн аудитын төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар, Улсын Их Хуралд, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх;

8.10.3.

Засгийн газар энэ хуулийн 8.10.2-т заасан аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.10.4.

Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, Улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

8.10.5.

—

ГУРАВДУГААР БҮЛЭГТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
9 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
9.1.

Улсын Их Хурал төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах;

9.1.2.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, тэдгээрийн тодотголыг хэлэлцэж, батлах;

9.1.3.

нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

9.1.4.

төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

9.1.5.

Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох.

10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
10.1.

Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.2.

Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар батлах;

10.1.3.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.4.

төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлах;

10.1.5.

—

10.1.6.

төсвийн төсөл нь Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

10.1.7.

төсвийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.8.

нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнах;

10.1.9.

—

10.1.10.

Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;

10.1.11.

төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах;

10.1.12.

—

10.1.13.

төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх, кодлох, төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмыг батлах;

10.1.14.

тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх.

10.1.15.

улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, сонгон шалгаруулах журмыг батлах

10.2.

Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.

10.3.

Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөл нь төсвийн төсөл болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ.

10.4.

Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

10.5.

Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах болон төрийн болон орон нутгийн өмчид бүртгэхдээ төслийн кодыг үндэслэнэ.

11 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
11.1.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.

төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон жилийн төсвийн хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

11.1.2.

санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах;

11.1.3.

төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох;

11.1.4.

төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

11.1.5.

төсвийн дэлгэрэнгүй ангиллыг батлах;

11.1.6.

—

11.1.7.

төсөв, татварын харилцааг зохицуулах хуулийн төсөл нь төсөв, санхүүгийн бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

11.1.8.

зээл, тусламжийн санхүүжилт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх;

11.1.9.

—

11.1.10.

төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;

11.1.11.

төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах;

11.1.12.

төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

11.1.13.

энэ хуулийн 8.6.3-т заасан төсвийн хуваарийг батлан мөрдүүлэх, түүнд өөрчлөлт оруулах;

11.1.14.

—

11.1.15.

хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөл, төлбөрийн хуваарийг тогтоох;

11.1.16.

төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох;

11.1.17.

төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох;

11.1.18.

орон нутгийн саналд үндэслэн орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах;

11.1.19.

орон нутгийн саналд үндэслэн Засаг даргын болон Захирагчийн нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох;

11.1.20.

энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулан авах.

11.1.21.

Монгол Улсын Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын тусламж авах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах;

11.1.22.

орон нутгийн саналд үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, бүртгэлтэй холбоотой журам батлах.

11.1.23.

улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний аргачлалыг батлах.

11¹ дугаар зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

—

11² дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
11².1.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12².1-д заасны дагуу боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

12 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
12.1.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.

—

12.1.2.

улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;

12.1.3.

Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;

12.1.4.

жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийг төсвийн цаглабрыг баримтлан бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

12.1.5.

төсвийн тодотгол хийх тухай Засгийн газрын саналыг боловсруулах;

12.1.6.

төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

12.1.7.

нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах;

12.1.8.

Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргах;

12.1.9.

олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

12.1.10.

төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;

12.1.11.

банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох;

12.1.12.

—

12.1.13.

төв төрийн сангийн чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө, нөөцийн санг байршуулах;

12.1.14.

эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

12.1.15.

төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих;

12.1.16.

төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

12.1.17.

төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах;

12.1.18.

эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан төвийг байгуулж ажиллуулах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

12.1.19.

төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн удирдах;

12.1.20.

энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулж авах.

12.1.21.

гадаадын тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг татвар, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах.

12.1.22.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг олгох.

12.1.23.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээг жил бүрийн 02 дугаар сарын 1-нээс 04 дүгээр сарын 1-ний дотор хийж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй уялдуулах ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулна.

12.2.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.2.1.

—

12.2.2.

—

12.2.3.

хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах.

12¹ дугаар зүйл.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

—

12² дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
12².1.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн үзэл баримтлалд бодлогын өөрчлөлт, түүний үндэслэлийг эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүрээр тусгана.

13 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

—

14 дугаар зүйл.Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрх
14.1.

Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:

14.1.1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн;

14.1.2.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн;

14.1.3.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.4.

Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

14.1.5.

—

14.1.6.

Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

14.1.7.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

14.1.8.

—

14.1.9.

—

14.1.10.

—

14.1.11.

Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

14.1.12.

Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

14.1.13.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн;

14.1.14.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн;

14.1.15.

Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн;

14.1.16.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн;

14.1.17.

Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.18.

аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

14.1.19.

аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.20.

аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн.

14.1.21.

Шүүхийн сахилгын хорооны дарга Шүүхийн сахилгын хорооны төсвийн.

14.1.22.

улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч тухайн шатны төсвийн.

14.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.

жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах;

14.2.2.

өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;

14.2.3.

өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;

14.2.4.

өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах;

14.2.5.

өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;

14.2.6.

хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

14.2.7.

өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

14.2.8.

хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнах;

14.2.9.

хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

14.2.10.

өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

14.2.11.

төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, эсхүл хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагад 3-5 жил тутамд нэг удаа чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах;

14.2.12.

эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох.

14.3.

Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон Зөвлөл Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.

14.4.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

14.5.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтантай байна.

14.6.

Энэ хуулийн 14.2.11-т заасан чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийх, чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газар батална.

15 дугаар зүйл.Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүний бүрэн эрх
15.1.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно.

15.2.

—

15.3.

Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно.

15.4.

Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.4.1.

төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8–д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

15.4.2.

энэ хуулийн 14.2.8-д заасан тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

16 дугаар зүйл.Төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрх
16.1.

Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.

16.2.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч тогтооно.

16.3.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийг харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч тогтооно.

16.4.

Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:

16.4.1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын төсвийн;

16.4.2.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын төсвийн;

16.4.3.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайдын төсвийн, Шадар сайдын, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн;

16.4.4.

төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн;

16.4.5.

агентлагийн дарга тус агентлагийн төсвийн;

16.4.6.

Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;

16.4.7.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн;

16.4.8.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүхийн төсвийн;

16.4.9.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн;

16.4.10.

Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга тус байгууллагын төсвийн;

16.4.11.

аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга тухайн шатны шүүхийн төсвийн;

16.4.12.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Улсын ерөнхий прокурорын газрын төсвийн;

16.4.13.

аймаг, нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга тухайн шатны прокурорын байгууллагын төсвийн;

16.4.14.

аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

16.4.15.

аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;

16.4.16.

Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн;

16.4.17.

Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн;

16.4.18.

төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.

16.4.19.

Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны төсвийн.

16.4.20.

улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, улсын зэрэглэлтэй хотын хороолол, тосгоны ажлын албаны дарга тухайн шатны төсвийн.

16.5.

Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.5.1.

төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

16.5.2.

батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.5.3.

батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;

16.5.4.

төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;

16.5.5.

батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;

16.5.6.

дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

16.5.7.

байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах;

16.5.8.

санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх.

16.5.9.

дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох.

17 дугаар зүйл.Төсвийн байгууллага
17.1.

Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна.

17.2.

—

17.3.

Төсвийн захирагчийн нэг удаагийн шинж чанартай, байнгын бус үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь түүнийг шууд харьяалах төсвийн захирагчид харьяалагдаж, төсвийн харилцаанд оролцоно.

18 дугаар зүйл.Тусгай сан
18.1.

Төрийн болон орон нутгийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгай сангаар дамжуулан гүйцэтгэж болно.

18.2.

Тусгай сан нь Засгийн газрын тусгай сан, орон нутгийн тусгай сан гэсэн төрөлтэй байна.

18.3.

Засгийн газрын тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг хуулиар зохицуулна.

18.4.

Орон нутгийн тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг энэ хуулиар зохицуулна.

18.5.

Засгийн газрын тусгай сан нь улсын төсвийн, орон нутгийн тусгай сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

18.6.

Энэ хуулийн 4.1.50-д заасан эргэлтийн сангийн үлдэгдлийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг тухайн жилийн төсвийн тухай хуулиар шийдвэрлэнэ.

18.7.

Эргэлтийн сан байгуулах, эргэлтийн сангийн орлого, зориулалт, зарцуулалт, тайлагналттай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

19 дугаар зүйл.Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх
19.1.

Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна.

19.2.

Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15, 14.1.19-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна.

19.3.

Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна.

19.4.

Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

19.5.

Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

19.6.

Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө:

19.6.1.

улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай;

19.6.2.

энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр орон нутагт шилжүүлсэн төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдах төсвийн байгууллагын ахлах нягтлан бодогчийг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сангийн хэлтсийн даргатай;

19.6.3.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус;

19.6.4.

дүүргийн төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг дүүргийн төрийн сангийн хэлтсийн даргатай.

19.7.

Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

20 дугаар зүйл.Санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо
20.1.

Бүх шатны төсөв боловсруулах, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтыг төсвийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлнэ.

20.2.

Санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоон дахь мэдээлэл нь холбогдох шийдвэр, эрх зүйн акт, нягтлан бодох бүртгэлийн баримтаар баталгаажсан байна.

20.3.

Холбогдох байгууллага, албан тушаалтан төсвийн мэдээллийн тогтолцоонд үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь оруулах, мэдээллийн үндсэн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТӨСВИЙН БҮТЭЦ
21 дугаар зүйл.Төсвийн шатлал
21.1.

Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ.

21.2.

Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвөөс бүрдэнэ.

21.3.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөв байна.

21.4.

Төсвийн шатлал бүрд ногдох орлого, тухайн шатны төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар тогтооно.

22 дугаар зүйл.Төсвийн ангилал
22.1.

Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана.

22.2.

Төсвийг дор дурдсаны дагуу ангилна:

22.2.1.

төсвийн шатлалаар;

22.2.2.

төсвийн захирагчаар;

22.2.3.

эдийн засгийн ангиллаар;

22.2.4.

хөтөлбөрөөр;

22.2.5.

арга хэмжээгээр;

22.2.6.

санхүүжүүлэх эх үүсвэрээр.

22.3.

Энэ хуулийн 22.2-т заасан ангилал нь төсвийн анхдагч ангилал байна.

22.4.

Шаардлагатай гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн бусад ангилал болон төсвийн ангиллын дугаарлалт (код)-ын түвшинг тогтоож болно.

22.5.

Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно.

22.6.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шат бүрд төсвийн ангиллыг дараах байдлаар хэрэглэнэ:

22.6.1.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг төсвийн шатлал бүрээр тогтоох;

22.6.2.

төсвийн зарлагын дээд хязгаарыг төсвийн шатлал, тэдгээрт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, зарлагын томсгосон ангиллаар тогтоох;

22.6.3.

төсвийн төлөвлөлт, бүртгэл, тайлагналтыг төсвийн ангиллын төрөл тус бүрээр, тэдгээрийн дэлгэрэнгүй ангиллын дагуу бэлтгэх;

22.6.4.

төсөв батлах эрх бүхий байгууллага нь төсвийг шатлал бүрээр, түүнд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, тусгай сан, орлого, санхүүжүүлэх эх үүсвэр бүрээр нь батлах;

22.6.5.

төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн төвлөрүүлэн захирагч бүрээр, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдахгүй төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.6.

төсвийн төвлөрүүлэн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.7.

төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар бүртгэж, тайлагнах;

22.6.8.

төсвийн гүйцэтгэлийн явцын хяналтыг энэ хуулийн 22.2-т заасан ангиллаар хийх бөгөөд эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын дотор томсгосон ангиллаар хяналтын түвшинг тогтоож болно.

22.7.

Энэ хуулийн 22.2-т заасан төсвийн ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоох, түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.8.

Төсвийн ангиллыг Засгийн газрын санхүүгийн статистикийн олон улсын стандартад нийцүүлэн хөрвүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.9.

Энэ хуулийн 22.6.8-д заасан ангиллаар тогтоосон төсвийг зүйл хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн захирагчийн ангилал бүрээр тогтоох, томсгосон хяналтын түвшинг тогтоох нийтлэг журмыг Засгийн газар тогтоон мөрдүүлнэ.

23 дугаар зүйл.Төсвийн орлого
23.1.

Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ.

23.2.

Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар

Татварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

23.3.

Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг түрээслэсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, Засгийн газрын зээллэг, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.

23.4.

Улсын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.4.1.

аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 60 хувь;

23.4.2.

нэмэгдсэн өртгийн албан татвар;

23.4.3.

онцгой албан татвар;

23.4.4.

гаалийн албан татвар;

23.4.5.

авто бензин, дизелийн түлшний албан татвар;

23.4.6.

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

23.4.7.

ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

23.4.8.

агаарын бохирдлын төлбөр;

23.4.9.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 1 дугаарт нийтэгдсэн.

11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

23.4.10.

ус бохирдуулсны төлбөр.

23.4.11.

газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;

23.4.12.

газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувь.

23.4.13.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр.

23.5.

Улсын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.5.1.

төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12.9-д зааснаас бусад төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.5.2.

төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;

23.5.3.

хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.6.

Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.6.1.

хотын албан татвар;

23.6.2.

—

23.6.3.

—

23.6.4.

автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

23.6.5.

үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр;

23.6.6.

—

23.6.7.

өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

23.6.8.

энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж.

23.6.9.

газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20 хувь.

23.6.10.

аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь.

23.6.11.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татвар.

23.6.12.

агаарын бохирдлын төлбөр.

23.7.

Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.7.1.

орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.7.2.

орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.7.3.

хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.8.

Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.8.1.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;

23.8.2.

галт зэвсгийн албан татвар;

23.8.3.

энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

23.8.4.

агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

23.8.5.

ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

23.8.6.

байгалийн ургамал ашигласны төлбөр;

23.8.7.

ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

23.8.8.

түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

23.8.9.

хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр;

23.8.10.

—

23.8.11.

нохойны албан татвар.

23.8.12.

хог хаягдлын үйлчилгээний хураамж

23.8.13.

газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь.

23.8.14.

газрын төлбөр;

23.8.15.

малын тоо толгойн албан татвар.

23.8.16.

энэ хуулийн 23.6.11-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар.

23.8.17.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар.

23.8.18.

хотын албан татвар.

23.9.

Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.9.1.

орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.9.2.

орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.9.3.

хууль тогтоомжийн сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт орох бусад орлого.

23.10.

Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламжийн орлого нь төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байна.

23.11.

Газар, байгалийн баялгийн нөөцийг хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлого нь төсвийн орлого байна.

23.12.

Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг үл харгалзан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ.

23.13.

Энэ хуулийн 23.6.10-т заасан орлогыг аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсөвт хуваарилах журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.14.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу хот, тосгонд шилжүүлсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлого нь тухайн хот, тосгоны төсвийн орлогод хамаарна.

24 дугаар зүйл.Төсвийн зарлага
24.1.

Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ.

24.2.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өөрөө санхүүжүүлснээс бусад хэлбэрээр төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал, хувь оролцоо, дүрмийн санд оруулсан хөрөнгө, түүнтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна.

24.3.

Татварын зарлагыг нэр төрөл, салбар бүрээр нь төлөвлөж, төсвийн гүйцэтгэлд тусган дэлгэрэнгүй тайлагнана.

24.4.

Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.

24.5.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан байна.

24.6.

Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.

24.7.

Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд болон орон нутагт ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөгт зориулж зарцуулахыг хориглоно.

24¹ дугаар зүйл.Засгийн газрын зээл олгох
24¹.1.

Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:

24¹.1.1.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

24¹.1.2.

Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар;

24¹.1.3.

Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу дамжуулан зээлдүүлэх.

25 дугаар зүйл.Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага
25.1.

Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:

25.1.1.

олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж;

25.1.2.

төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив.

25.2.

Хуульд өөрөөр заагаагүй бол зөвхөн доор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:

25.2.1.

эмнэлгийн үйлчилгээ;

25.2.2.

бүх шатны боловсролын үйлчилгээ;

25.2.3.

соёлын үйлчилгээ.

25.2.4.

хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх.

25.3.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн авах тусламж, хандивын хэмжээ тухайн төсөвт байгууллагын батлагдсан төсвийн 50 хувиас хэтрэхгүй байна.

25.4.

Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно:

25.4.1.

санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;

25.4.2.

байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.

25.5.

Дараах тохиолдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн төсвийн байгууллага хандив, тусламж авахыг хориглоно:

25.5.1.

хандив, тусламж өгсөн этгээд нь төсвийн байгууллагын хэрэгцээнд өөрийн барааг худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлдэг байх;

25.5.2.

байгууллагын ажилтны энэ хуулийн 25.4.2-т зааснаас бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байх.

25.6.

Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална.

25.7.

Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.

25.8.

Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.

25.9.

Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээд татвар ногдуулсны дараах ашгаас хандив, тусламж өгнө.

25.10.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно.

25.11.

Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

25.12.

Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тусламжийн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

25.13.

Энэ хуулийн 25.11-д заасан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, журмын биелэлтийг хангуулна.

25.14.

Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон буяны байгууллагаас буцалтгүй тусламж болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаатай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангуулна.

25¹ дугаар зүйл.Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр
25¹.1.

Хөрөнгө оруулалтын зориулалт бүхий арилжааны нөхцөлтэй Засгийн газрын гадаад зээл болон үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөр, Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө.

25¹.2.

Энэ хуулийн 25¹.1-д заасан төлбөрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар үүсгэсэн өрийн үйлчилгээний төлбөрийг төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулах замаар төлнө.

26 дугаар зүйл.Санхүүгийн бүртгэл, стандарт
26.1.

Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө.

26.2.

Төсвийн бүртгэлийг тохируулсан аккруэл сууриар бүртгэж, тайлагнана.

26.3.

Улсын салбар, төсвийн бүртгэлд ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
27 дугаар зүйл.Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага
27.1.

Төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлага тавигдана:

27.1.1.

төсвийн зарчмыг мөрдлөг болгох;

27.1.2.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх;

27.1.3.

төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

27.1.4.

жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх;

27.1.5.

төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх;

27.1.6.

төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх;

27.1.7.

орлого, зарлагыг дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнах.

27.1.8.

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх;

27.1.9.

төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх.

27.1.10.

тухайн жилийн төсвийн төсөлд Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдлийн хэмжээг тусгасан байх.

27.2.

Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх жилийн төсвийн хязгаар нь дараах шаардлагыг хангасан байна:

27.2.1.

төсвийн хязгаарыг урсгал болон хөрөнгийн зардлаар тогтоосон байх;

27.2.2.

хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилан тусгах.

27.3.

Улсын төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг тусгасан төсвийн удирдамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

27.4.

Төсвийн удирдамжид дараах зүйлийг тусгана:

27.4.1.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо болон гаргасан шийдвэрийн талаарх холбогдох этгээдийн тайлбар;

27.4.2.

Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаар;

27.4.3.

Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх бодлогын удирдамж;

27.4.4.

хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага;

27.4.5.

төсвийн төслийн санхүүжилтийн хүсэлт гаргах ерөнхий нөхцөл;

27.4.6.

төсвийн төсөл бэлтгэх тусгай маягт, түүний заавар;

27.4.7.

төсвийн төсөл хүргүүлэх хугацаа.

27.5.

Орон нутгийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг төсвийн удирдамжид тусган, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлнэ.

27.6.

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө дараах эрэмбийг баримтална:

27.6.1.

шилжих буюу он дамжин хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;

27.6.2.

их засвар, засвар арчлалтын төсөл, арга хэмжээ;

27.6.3.

шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ.

27¹ дугаар зүйл.Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ
27¹.1.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгсөн төслүүд байна.

27¹.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээнд оруулах төслийн саналыг энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу бэлтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

27¹.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно.

28 дугаар зүйл.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт
28.1.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хамруулна.

28.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг дараах журмаар боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

28.2.1.

улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтээр хэлэлцүүлсэн байх;

28.2.2.

улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд орон нутгийн иргэдийн саналыг авсан байх.

28.3.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг дараах зүйлийг харгалзан тогтооно:

28.3.1.

улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого;

28.3.2.

эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж;

28.3.3.

нийгмийн ач холбогдол;

28.3.4.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл;

28.3.5.

төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний стандарт;

28.3.6.

салбарын хөгжлийн бодлого;

28.3.7.

бүсчилсэн хөгжлийн бодлого;

28.3.8.

орон нутгийн хөгжлийн хэрэгцээ;

28.3.9.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;

28.3.10.

болзошгүй өр төлбөр болон санхүүгийн бусад эрсдэлийн үнэлгээ.

28.3.11.

Өрийн удирдлагын тухай хууль болон Стратегийн баримт бичигт заасан шаардлага.

28.3.12.

олон нийтээр хэлэлцүүлсэн санал.

28.4.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.3.1-28.3.8, 28.3.12-т заасныг харгалзан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах 30.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөл, арга хэмжээнд техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийнэ.

28.5.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах төслийг энэ хуулийн 28.3.9, 28.3.11-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулна.

28.6.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэхэд үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон нөхцөлд зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийнэ.

28.7.

Энэ хуулийн 28.4, 28.6-д заасан судалгаа, тооцоо нь дараах төсөл, арга хэмжээнд хамаарахгүй:

28.7.1.

үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон төсөл, арга хэмжээ;

28.7.2.

байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх төсөл, арга хэмжээ.

28.8.

—

28.9.

—

28.10.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, гадаад зээллэг, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төр, хувийн хэвшлийн түншлэл, Засгийн газрын өрийн баталгаа Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээ хамаарна.

28.11.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28¹ дугаар зүйл.Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах
28¹.1.

Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

28¹.1.1.

төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;

28¹.1.2.

байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах.

28¹.2.

Энэ хуулийн 28¹.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 8 дугаар сард, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд дараах журмаар зохион байгуулна:

28¹.2.1.

иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх;

28¹.2.2.

хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах;

28¹.2.3.

хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах.

28¹.2.4.

төсвийн төслийг боловсруулахад ашигласан тоон мэдээлэл, судалгаа, аргачлал нь олон нийтэд нээлттэй байж, санал өгөх боломжтой байх;

28¹.2.5.

олон нийтийн хэлэлцүүлэгт зориулж санал авах асуудлаар хялбаршуулсан танилцуулгыг боловсруулах.

28¹.3.

Энэ хуулийн 28¹.2-т заасан төсвийн тодотголд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр боловсруулах төсвийн тодотгол хамаарахгүй.

28¹.4.

Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна.

28¹.5.

Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална.

28¹.6.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын төслийг боловсруулахад энэ зүйлд заасан хэлэлцүүлэг хамаарахгүй.

29 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын төсөвлөлт
29.1.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шинээр болон үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бэлтгэнэ.

29.2.

Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргасан байна.

29.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны Захирагч хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг дараах байдлаар жилийн төсвийн төсөлд тусгана:

29.3.1.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хязгаарт багтаах;

29.3.2.

улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах;

29.3.3.

нэг жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төслийг хөтөлбөр болон төсвийн ерөнхийлөн захирагчаар тооцож тусгах;

29.3.4.

санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгах;

29.3.5.

шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах;

29.3.6.

тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх.

29.4.

Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.

29.5.

Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэгэн адил мөрдөнө.

29.6.

Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана.

29.7.

Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө.

29.8.

Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй.

29¹ дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага

“29¹.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн төсөл, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн, холбогдох аргачлалын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч эрэмбэлсэн, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүд байна.

29¹.2.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх:

29¹.2.1.

тухайн төслийн хэрэгжих газрын болон бусад шаардлагатай зөвшөөрлийг авсан байх;

29¹.2.2.

барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх

29¹.2.3.

техник эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай төсөл, арга хэмжээнд техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааг хийлгэсэн байх;

29¹.2.4.

урсгал зардал гарах төслийн урсгал зардлыг тооцсон байх;

29¹.2.5.

тухайн жилийн төсвийн хязгаарт багтсан, хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдсан байх.

29¹.2.6.

олон нийтээр хэлэлцүүлсэн байх.

29¹.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний урьдчилсан үнэлгээг хийж төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг эрэмбэлэн тогтооно.

29¹.4.

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд хэрэгжүүлнэ.

29¹.5.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.

30 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэл
30.1.

Төсвийн хөрөнгө оруулалт болон төсвийн эрсдэлийн оновчтой удирдлагыг хангах зорилгоор нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно.

30.2.

Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.

30.3.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн үүрэг нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

30.4.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, төлбөрийн үүрэг, болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.

30.5.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.

31 дугаар зүйл.Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл
31.1.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:

31.1.1.

санхүүжилтийг үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх;

31.1.2.

хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлсон байх;

31.1.3.

жилийн төсвийн хязгаарт багтаасан байх;

31.1.4.

эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийн хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.5.

эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.6.

худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.

31.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 31.1.3-т заасан хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлнэ.

31.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 31.1-д заасан шаардлагыг хангаагүй төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг буцаана.

31.4.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд дараах тооцоог хавсаргана:

31.4.1.

төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоо;

31.4.2.

төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын тооцоо;

31.4.3.

шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооцоо;

31.4.4.

нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй болсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, эсхүл санхүүжилтийг бууруулах санал, тооцоо;

31.4.5.

төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан болон тухайн жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн урьдчилсан тооцоо;

31.4.6.

төсвийг хэрэгжүүлэхэд шаардагдах орц, төсөв, санхүүжүүлэх эх үүсвэр, хүрэх үр дүнг хөтөлбөрөөр болон эдийн засгийн ангиллаар илэрхийлсэн зарлагын хуваарилалтын тооцоо;

31.4.7.

—

31.5.

Засгийн газар болон Засаг даргын зөвлөл нь төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр хэлэлцэнэ.

32 дугаар зүйл.Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
32.1.

Засгийн газар улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг энэ хуулийн 32.2-т заасан танилцуулгын хамт энэ хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

32.2.

Төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгана:

32.2.1.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, ирээдүйн чиг хандлагын төсөөлөл, тооцоо;

32.2.2.

макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах талаар Засгийн газраас тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан байдал;

32.2.3.

төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг тооцсон байдал;

32.2.4.

төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ;

32.2.5.

төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр, өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, дараагийн хоёр жилийн төсөөлөл;

32.2.6.

хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, санхүүжилтийн эх үүсвэрээр/;

32.2.7.

санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар;

32.2.8.

гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, объект, үнийн дүнгээр/;

32.2.9.

тусгай сангийн орлого, зарлагын тооцоо;

32.2.10.

төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөвт төлөх ногдол ашгийн хэмжээ;

32.2.11.

төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тэдгээртэй холбогдсон тайлбар, танилцуулга;

32.2.12.

төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар;

32.2.13.

төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй тохиолдолд түүний үндэслэл, санал;

32.2.14.

нэгдсэн төсвийн орлого, зарлагын үзүүлэлтийн хураангуй тайлбар;

32.2.15.

төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал;

32.2.16.

төсөв алдагдалтай төлөвлөгдсөн бол уг алдагдлыг санхүүжүүлэх тухай санал;

32.2.17.

Засгийн газрын өрийн үлдэгдэл, төслийн зээлийн дотоод эх үүсвэрийн хэмжээ, Засгийн газраас гаргасан баталгаа, түүний дүн;

32.2.18.

нэгдсэн төсвийн орлогын нэг хувиас хэтэрсэн дүнтэй тэнцэх болзошгүй өр төлбөр, түүнээс учирч болзошгүй эрсдэлийн тооцоо;

32.2.19.

—

32.2.20.

төсвийн төсөлтэй холбогдуулан шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн төсөл.

32.2.21.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу түншлэлээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан төслүүдийн танилцуулга, мэдээлэл, хэрэгжилт, үр дүн, төсөвтэй уялдсан байдал болон төсвөөс санхүүжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан төслүүдийн төсвөөс төлөх төлбөрийн хуваарь, төсвийн төсөлд тусгах саналыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлснээр хянаж тусгасан мэдээлэл.

32.2.22.

энэ хуулийн 28¹.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс гарсан саналыг тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн тусгасан талаарх мэдээлэл.

32.3.

Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна.

32¹ дугаар зүйл.Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах
32¹.1.

Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

32¹.2.

Энэ хуулийн 32¹.1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоо, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.

32¹.3.

Энэ хуулийн 32¹.1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй.

32¹.4.

Энэ хуулийн 32¹.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 28¹ дүгээр зүйл хамаарахгүй.

32¹.5.

Улсын Их Хурал энэ хуулийн 32¹.1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална.

33 дугаар зүйл.Улсын Их Хурал төсөв батлах
33.1.

Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн, төсвийг энэ хуулийн 8.4-т заасан цаглабарын дагуу хуульчлан батална.

33.2.

Төсөвт дараах зүйлийг тусгаж, батална:

33.2.1.

төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого;

33.2.2.

төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ;

33.2.3.

төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээ, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт;

33.2.4.

бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг;

33.2.5.

төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг хавсралтаар;

33.2.6.

хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, анхны төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/;

33.2.7.

—

33.2.8.

төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр.

33.2.9.

Энэ хуулийн 32.2.21-д заасан мэдээллийг хавсралтаар /төслийн нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, гэрээний төрөл, хэлбэр, хувийн хэвшлийн түншлэгч болон түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт өртөг, тухайн жилд төсвөөс төлөх төлбөр, болзошгүй өр төлбөрийн мэдээлэл, дүн, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаарх мэдээлэл/.

33.2.10.

Хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, төслийн код, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, анхны төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/;

33.2.11.

энэ хуулийн 33.2.6, 33.2.10-д заасан төслийн код нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдаж үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.

34 дугаар зүйл.Төсвийн тодотгол
34.1.

Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

34.1.1.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

34.1.2.

урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

34.1.3.

энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;

34.1.4.

төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

34.1.5.

хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон.

34.2.

Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ:

34.2.1.

дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;

34.2.2.

урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;

34.2.3.

энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах.

34.3.

Тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно:

34.3.1.

санхүүжүүлэх хэмжээ нь багасахаар, эсхүл хасагдахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан;

34.3.2.

тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
35 дугаар зүйл.Төрийн сангийн нэгдсэн данс
35.1.

Санхүүгийн хөрөнгийг Монголбанкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдана.

35.2.

Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна.

35.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ.

35.4.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр ирүүлсэн зөвшөөрөлгүйгээр банк аливаа төсвийн байгууллагад данс нээхийг хориглоно.

35.5.

Банкинд төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур нээсэн төсвийн байгууллагын дансанд тухайн шатны төрийн сан болон төрийн аудитын байгууллага үзлэг, хяналт хийн, энэ хуулийн 35.3-т заасан зөвшөөрөлгүйгээр нээсэн дансыг хаалгах, хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд татан төвлөрүүлнэ.

35.6.

Төсвийн байгууллага төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкинд данс нээх, түүнийг хаахтай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанктай хамтран батална.

36 дугаар зүйл.Төрийн сангийн тогтолцоо
36.1.

Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид "төрийн сан" гэх/-оос бүрдэнэ.

36.2.

Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны Захирагчийн ажлын албаны дэргэд байна.

36.3.

Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон төсвийн хэмжээг нь харгалзан төрөлжүүлж, тэдгээрт хамаарах төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн алба байгуулж болно.

36.4.

Энэ хуулийн 36.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх алба байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон улсын зэрэглэлтэй хотын Захирагч шийдвэрлэнэ.

36.5.

Энэ хуулийн 36.3-т заасан алба байгуулсан тохиолдолд төсвийн байгууллагад уг албатай давхардсан чиг үүрэг хэрэгжүүлэх орон тоо бий болгохыг хориглоно.

36.6.

Төв төрийн сан нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ.

37 дугаар зүйл.Төрийн сангийн нийтлэг чиг үүрэг
37.1.

Төрийн сан дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

37.1.1.

төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих;

37.1.2.

төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх;

37.1.3.

төсвийн хяналтыг зардлын бүлэглэсэн дүнгээр хэрэгжүүлэх;

37.1.4.

төсвийн зарлагын төлбөрийн дарааллыг тогтоох;

37.1.5.

төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавих;

37.1.6.

төсвийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон төлбөрийн даалгавартай харьцуулж төлбөрийн амлалтыг бүртгэх;

37.1.7.

төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 4 дугаарт нийтлэгдсэн.

дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах;

37.1.8.

төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох.

37.2.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

38 дугаар зүйл.Төв төрийн сангийн чиг үүрэг
38.1.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төв төрийн сангийн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.1.1.

төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах;

38.1.2.

төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг төлбөр болон орлогын гүйлгээг гүйцэтгэх журам, заавар боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.3.

төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.4.

төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг боловсруулж хэрэгжүүлэх;

38.1.5.

мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

38.1.6.

улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүгийн зах зээлээс бүрдүүлэх;

38.1.7.

улсын төсвийн зарлагыг тогтмол хугацаанд санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансны хүрээнд улсын төсөв болон улсын төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн жилийн эцэст хаагдсан байхаар мөнгөн хөрөнгийн өглөг үүсгэн бүрдүүлэх;

38.1.8.

хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкаар дамжуулан богино хугацааны хөрөнгө оруулалтад оруулах асуудлыг шийдвэрлэх;

38.1.9.

төсвийн захирагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;

38.1.10.

санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх;

38.1.11.

нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг нэгтгэн боловсруулах;

38.1.12.

төсвийн захирагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх.

39 дугаар зүйл.Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх
39.1.

Энэ хуулийн 14.1.6, 14.1.11-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчтай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно.

39.2.

Энэ хуулийн 39.1-д заасан гэрээнд дараах зүйлийг тусгана:

39.2.1.

санхүүжилтийн зориулалт болон хязгаарлалт;

39.2.2.

хамрах хүрээ;

39.2.3.

хүрэх үр дүнгийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт;

39.2.4.

санхүүжилт болон тайлагналт;

39.2.5.

хяналт болон хариуцлага.

39.3.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх санхүүжилтийг дараах байдлаар тооцож холбогдох төсвийн захирагчид шилжүүлнэ:

39.3.1.

урьдчилан төлөвлөсний дагуу орон нутгийн суурь зарлагад тусгах;

39.3.2.

урьдчилан тооцох боломжгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт хэлбэрээр олгох.

39.4.

Энэ хуулийн 39.1-д заасан гэрээний биелэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, дотоод аудит хийнэ.

40 дугаар зүйл.Үр дүнгийн гэрээ
40.1.

Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.

40.2.

Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна.

40.3.

Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.

40.4.

Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:

40.4.1.

төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах;

40.4.2.

хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.

40.5.

Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.

41 дугаар зүйл.Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах
41.1.

Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ.

41.2.

Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:

41.2.1.

хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх;

41.2.2.

батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;

41.2.3.

төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах;

41.2.4.

төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах;

41.2.5.

энэ хуулийн 37.1.8-д заасан эрхийн хүрээнд төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх;

41.2.6.

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх;

41.2.7.

хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах.

41.3.

Төсвийн сар, улирлын хуваарийг төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг үндэслэн энэ хуулийн 11 дүгээр зүйл, 65.1, 66.1-д заасан эрх бүхий этгээд баталж, мөрдүүлнэ.

41.4.

Төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсвэл төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горимыг энэ хуулийн 41.6-д заасан эрх бүхий этгээд тогтоож, төсвийн зарлагыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

41.4.1.

төсвийн байгууллагад ажилтны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нь;

41.4.2.

нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг доод хэмжээгээр нь;

41.4.3.

Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгийг өмнөх оны түвшинд;

41.4.4.

батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, шүүх, прокурорын байгууллага, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, татвар, гааль болон бусад төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг өмнөх оны түвшинд;

41.4.5.

энэ хуулийн 41.4.4-т зааснаас бусад төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны урсгал төсвийг тэдгээрийн өмнөх оны урсгал төсвийн 50 хувиар;

41.4.6.

Засгийн газрын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг уг зээлийн гэрээнд заасан хугацаа, төлбөрийн хэмжээг баримтлан.

41.5.

Доод шатны төсөвт хамаарах үйл ажиллагааны энэ хуулийн 41.4-т заасан санхүүжилтийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор дээд шатны төсвөөс богино хугацааны зээл олгож болно.

41.6.

Санхүүжилтийн түр горим, түүнийг хэрэгжүүлэх төсвийн сар улирлын хуваарийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга болон улсын зэрэглэлтэй хотын Захирагч тогтоон, мөрдүүлнэ.

41.7.

Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, өөрийн орлого, зарлагын хэмнэлт, тэдгээрийн зарцуулалт, гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах, олон нийт, байгууллагын хамт олонд нээлттэй байх шаардлага, нөхцөлийг тогтоосон журмыг Засгийн газар батална.

42 дугаар зүйл.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх
42.1.

Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.

42.2.

Төсвийн захирагч төсөвтөө дараах байдлаар зохицуулалт хийж болно:

42.2.1.

төсвийн ерөнхийлөн захирагч нь:

42.2.1.а.

өөрийн төсвийн багцад хамаарах хөтөлбөр хооронд;

42.2.1.б.

түүнд шууд харьяалагдах төвлөрүүлэн захирагчдын төсөв хооронд;

42.2.1.в.

төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;

42.2.1.г.

түүнд шууд харьяалагдах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд.

42.2.2.

төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд хамаарах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд;

42.2.3.

төсвийн шууд захирагч нь зөвхөн өөрийн урсгал зардалд.

42.3.

Төсвийн шууд захирагчийн төсөвтөө зохицуулалт хийх асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:

42.3.1.

төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийх саналаа харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.2.

төсвийн төвлөрүүлэн захирагч нь саналаа харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

42.3.3.

зохицуулалт хийх санал нь улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт хамаарахаар бол төсвийн ерөнхийлөн захирагч нь саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн төсөвт хамаарахаар бол саналаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад болон улсын зэрэглэлтэй хотын Захирагчид тус тус хүргүүлэх;

42.3.4.

энэ хуулийн 42.3.3-т заасан байгууллага, эсхүл албан тушаалтан нь энэ хуулийн 42.2-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчдын саналыг хянаж, зөвшөөрсний дагуу төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэх.

42.4.

Энэ хуулийн 42.2-т заасан төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авна.

42.5.

Энэ хуулийн 15.2-т заасан төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийн төсөвт зохицуулалт хийх асуудлыг өөрийн баталсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан шийдвэрлэнэ.

42.6.

Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх хязгаар, нөхцөл, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42.7.

Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.

43 дугаар зүйл.Төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт
43.1.

Тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн дараах үлдэгдлийг төсвийн дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болно:

43.1.1.

Засгийн газрын өрийн бичиг, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

43.1.2.

—

43.1.3.

Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээгээр болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөв;

43.1.4.

—

43.1.5.

төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан тусламж, хандив.

43.2.

Зарцуулах эрх нь дараагийн төсвийн жилд дамжсан, энэ хуулийн 43.1.3-т зааснаас бусад төсвийн нийт дүн нь төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн гурван хувиас хэтрэхгүй бөгөөд түүнээс давсан хэсгийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

43.3.

Төсвийн жил дуусахад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

заасан эргэлтийн сангийн үлдэгдэл хөрөнгийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг энэ хуулийн 18.6-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хөрөнгийг дараагийн жилийн батлагдсан төсвийн дагуу зарцуулна.

43.4.

—

43.5.

Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.3, 43.1.5-д зааснаас бусад төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахгүй.

43.6.

Төсөв зарцуулах эрхийг дараагийн төсвийн жилд шилжүүлсэн нь батлагдсан төсвөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тухайн жилд хүрэх үр дүнгийн зорилтот түвшинг бууруулах үндэслэл болохгүй.

44 дугаар зүйл.Туслах үйл ажиллагаа
44.1.

Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно:

44.1.1.

төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр, эсхүл энэ хуулийн 35.4-т заасан цахим хэлбэрээр зөвшөөрсөн байх;

44.1.2.

туслах үйл ажиллагаанаас алдагдал учирвал түүнийг нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх;

44.1.3.

санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны талаар зохих ёсоор тусгасан байх;

44.1.4.

байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй, ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх;

44.1.5.

туслах үйл ажиллагаа эрхлэх нь тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүй байх.

44.2.

Туслах үйл ажиллагааны зардалд тухайн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон шууд болон шууд бус бүх төрлийн зардал, өглөг, санхүүгийн үүргийг оруулж тооцно.

44.3.

Үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно.

44.4.

Туслах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг төсвийн жилийн дундуур авсан бол түүний төсвийг нэмэлт төсөв хэлбэрээр, бусад тохиолдолд тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

44.5.

Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг дараах зүйлд зарцуулна:

44.5.1.

тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах;

44.5.2.

тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх;

44.5.3.

тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

44.6.

—

44.7.

Туслах үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгийг энэ хуулийн 44.5.2, 44.5.3-т заасан зориулалтаар зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

45 дугаар зүйл.Төсвийн зарлагын хэмнэлт
45.1.

Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно:

45.1.1.

урсгал төсвөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ нь буурсны улмаас бий болсон үлдэгдлийг;

45.1.2.

төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлын үр ашгийг нэмэгдүүлж, чанарыг бууруулахгүйгээр нэгжид ногдох өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг;

45.1.3.

нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр нэгжийн өртөг, зардлыг бууруулснаас бий болох үлдэгдлийг.

45.1.4.

техник, технологийн өөрчлөлт хийх зэргээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулснаас бий болсон үлдэгдэл;

45.1.5.

энэ хуулийн 14.2.12, 16.5.9-т заасны дагуу зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоосны улмаас орон тоо буурсан бол түүнд ногдох цалин хөлс, бусад урсгал зардлын үлдэгдэл;

45.1.6.

төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хүрэх үр дүн чанарыг нь бууруулахгүйгээр илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон үлдэгдэл.

45.2.

Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ:

45.2.1.

нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол;

45.2.2.

төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.3.

хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

45.2.4.

—

46 дугаар зүйл.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журам
46.1.

Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.

46.2.

Энэ хуулийн 46.1-д заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.3.

Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:

46.3.1.

эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх;

46.3.2.

байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;

46.3.3.

нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

46.3.4.

тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх.

46.4.

Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно.

46.5.

Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараахь арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:

46.5.1.

байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах дараахь тохиолдолд:

46.5.1.а.

ажилтны цалин хөлсийг хуульд заасан хугацаанд олгох боломжгүй байдалд хүрсэн;

46.5.1.б.

төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулсан.

46.5.2.

төсвийн жилд, эсхүл дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар өр төлбөр үүсгэх;

46.5.3.

зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолтын зардлыг санхүүжүүлэх;

46.5.4.

—

46.6.

Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагад энэ хуулийн 44.5.1, 46.3 хамаарахгүй.

47 дугаар зүйл.Нэмэлт төсөв
47.1.

Төсвийн захирагч нь дараах нэмэлт төсвийг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно:

47.1.1.

төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж;

47.1.2.

төсвийн жилийн явцад Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээ болон олон улсын байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл;

47.1.3.

Засгийн газрын нөөц сан, Засаг даргын болон Захирагчийн нөөц хөрөнгө, түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс зохих байгууллагын шийдвэрийн дагуу тухайн төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө;

47.1.4.

дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө;

47.1.5.

төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого;

47.1.6.

—

47.1.7.

Эрүүл мэндийн даатгалын сангийн нэмэлт орлого.

47.1.8.

гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын олсон нэмэлт орлого.

47.2.

Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

47.3.

Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГӨМЧ ХӨРӨНГӨ, БОЛЗОШГҮЙ ӨР ТӨЛБӨР
48 дугаар зүйл.Өмч хөрөнгө
48.1.

Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, зарцуулалт, бүртгэл, тайлагналттай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.

49 дугаар зүйл.Засгийн газар өр үүсгэх

—

50 дугаар зүйл.Засгийн газар зээл олгох

—

51 дугаар зүйл.Засгийн газрын баталгаа

—

52 дугаар зүйл.Болзошгүй өр төлбөр
52.1.

Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд мэдээлнэ.

52.2.

Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.

52.3.

Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.

52.4.

Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өглөг үүсгэсэнд тооцохгүй.

52.5.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.

52.6.

Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй:

52.6.1.

Засгийн газрын тусгай сангийн үүсгэсэн өр;

52.6.2.

төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;

52.6.3.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу гаргасан баталгаа;

52.6.4.

Засгийн газрын өрийн баталгаа гаргасан зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;

52.6.5.

болзошгүй өр төлбөрт хамаарах болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан холбогдох бусад мэдээлэл.

52.7.

Болзошгүй өр төлбөрийн хүрээнд улсын төсвөөс тухайн төлбөрийг гүйцэтгэх эрсдэл үүссэн бол тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

53 дугаар зүйл.Засгийн газрын өрийн удирдлага
53.2.

Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, Засгийн газрын зээл авах, зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГТӨСВИЙН ТАЙЛАГНАЛТ
54 дугаар зүйл.Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан
54.1.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд улс, орон нутгийн төсвийн санхүүгийн тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан хамаарна.

54.2.

Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланг санхүүгийн нэгтгэсэн тайланд хамааруулна.

54.3.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн гүйцэтгэл болон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.

54.4.

Санхүүгийн нэгтгэсэн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

54.4.1.

үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

54.4.2.

санхүүгийн байдлын тайлан;

54.4.3.

мөнгөн гүйлгээний тайлан;

54.4.4.

өмчийн өөрчлөлтийн тайлан;

54.4.5.

санхүүгийн тайлангийн тодруулга.

54.5.

Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

54.5.1.

тухайн жилийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл /нийт дүнгээр, хөтөлбөрөөр, төсвийн захирагчаар, хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр/;

54.5.2.

татварын зарлагыг хуулийн этгээд, салбар бүрээр, холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт;

54.5.3.

тухайн жил худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл;

54.5.4.

хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга /хөтөлбөрийн гүйцэтгэлийн биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт, тасарсан бол шалтгаан/;

54.5.5.

нэмэлт төсвийн гүйцэтгэл, түүний танилцуулга.

54.5.6.

Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны мэдээлэл.

54.6.

Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсөвт зохицуулалт хийсэн тохиолдолд хөтөлбөрийн гүйцэтгэлийг анх төлөвлөсөн хүрэх үр дүнгийн зорилттой нь харьцуулсан байдлаар тайлагнана.

55 дугаар зүйл.Сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлан
55.1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын Их Хуралд ирүүлнэ.

55.2.

Энэ хуулийн 55.1-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

55.3.

Улсын Их Хурал энэ хуулийн 55.1-д заасан мэдээлэлтэй танилцсаны дараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэж, нийтэд мэдээлнэ.

55.4.

Сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланд дараах мэдээллийг тусгасан байна:

55.4.1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлого, үр дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан байдал;

55.4.2.

ирэх дөрвөн жилийн макро эдийн засаг, төсвийн төлөв байдлын төсөөлөл;

55.4.3.

Засгийн газрын өр, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өр ба хүүгийн төлбөрийн дүн;

55.4.4.

Монгол Улсын төсвийн тогтворжуулалтын сангийн үлдэгдлийн нийт дүн, энэ нь төсвийн тогтвортой байдлыг хангаж байгаа эсэх болон дараагийн хоёр жилийн хугацаан дахь тухайн сангийн эх үүсвэрийн өөрчлөлтийн тухай үнэлгээ;

55.4.5.

болзошгүй өр төлбөр;

55.4.6.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, хүлээгдэж байгаа арга хэмжээ, түүнд төсвөөс гаргах зардлын хэмжээ, эх үүсвэр;

55.4.7.

Засгийн газрын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан, хүлээгдэж байгаа Засгийн газрын өр төлбөр, баталгааны дүн;

55.4.8.

сонгуулийн жилд Засгийн газраас гаргасан шийдвэр нь дараагийн жилүүдийн санхүү, төсвийн төлөв байдалд нөлөөлөх үзүүлэлт;

55.4.9.

эдийн засаг, санхүү, төсвийн дунд хугацааны төсөөлөл нь Улсын Их Хурлаар батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, эсхүл тухайн жилийн төсөв, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа талаарх тайлбар.

55.5.

Энэ хуулийн 55.4.5-55.4.8-д заасан мэдээлэл, түүний төсөвт үзүүлэх нөлөөллийг тоон илэрхийллээр харуулна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
56 дугаар зүйл.Төсвийн шатлал хоорондын харилцаа
56.1.

Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дараах хэлбэрээр шилжүүлэг олгоно:

56.1.1.

доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг;

56.1.2.

доод шатны төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

56.1.3.

—

56.2.

Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас дээд шатны төсөвт дараахь байдлаар төвлөрүүлнэ:

56.2.1.

доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

56.2.2.

доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас их тохиолдолд суурь зарлагатай тэнцэх хэсгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.

56.3.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийг дараах зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй:

56.3.1.

төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн;

56.3.2.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөл тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан;

56.3.3.

—

56.3.4.

орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандартыг мөрдөөгүйгээс нийт төсөв нь алдагдалтай гарсан;

56.3.5.

орон нутгийн төсвийн тогтвортой байдал алдагдсан;

56.3.6.

орон нутгийн төсвийг энэ хуулиар тогтоосон хугацаанд батлаагүй.

56.4.

Орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандарт, тэдгээрийн орцын болон төсвийн нормативыг Засгийн газар тогтооно.

56.5.

—

56.6.

Энэ хуулийн 56.3-т заасан зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутгийн төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн харилцаанд оролцогчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч тухайн орон нутагт тогтворжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

57 дугаар зүйл.Орон нутгийн төсөв
57.1.

Орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг энэ хуулиар, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

57.2.

Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ.

57.3.

Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.

57.4.

Сум, дүүргийн болон орон нутгийн зэрэглэлтэй хотын төсвийн орлогын улирлын чанартай дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн төсвөөс богино хугацаатай зээл олгож болно.

57.5.

Орон нутгийн төсөвт Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.

58 дугаар зүйл.Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх
58.1.

Энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

58.1.1.

аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон, нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого;

58.1.2.

улсын төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

58.1.3.

улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг.

58.2.

Орон нутгийн чиг үүрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ хуулийн 32.2.6, 33.2.6-д заасан жагсаалтад тусгасны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлж болно.

59 дугаар зүйл.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
59.1.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

59.1.1.

—

59.1.2.

Ашигт малтмалын тухай хуулийн 47³ дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10 хувь;

59.1.3.

орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг;

59.1.4.

—

59.1.5.

газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.

59.2.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот нь Орон нутгийн хөгжлийн сангаас болон улсын төсвөөс олгосон шилжүүлгийг доор дурдсанаар сум дүүрэг,орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Орон нутгийн хөгжлийн санд хуваарилна:

59.2.1.

—

59.2.2.

энэ хуулийн 59.8-д зааснаас бусад хэсгийн 60 хувийг дараах итгэлцүүрийг харгалзан хуваарилах:

59.2.2.1.

хүн амын тоо;

59.2.2.2.

нутаг дэвсгэрийн хэмжээ;

59.2.2.3.

ашигт малтмал болон газрын тосны ашиглалтын талбайн хэмжээ.

59.2.3.

улсын төсвөөс аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын Орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын шижүүлгийг 60 дугаар зүйлийн 60.6-д зааснаар хуваарилах.

59.2.4.

энэ хуулийн 59.1.3, 60.2.5-д заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй.

59.3.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлохдоо дараах итгэлцүүрийг үндэслэн тогтооно:

59.3.1.

орон нутгийн хөгжлийн индекс;

59.3.2.

хүн амын тоо;

59.3.3.

нутаг дэвсгэрийн хэмжээ;

59.3.4.

—

59.3.5.

өмнөх жилийн төлөвлөлт, зарцуулалт, үйл ажиллагааны үнэлгээ.

59.4.

—

59.5.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлалыг Засгийн газар батална.

59.6.

—

59.7.

Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна.

59.8.

Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс энэ хуулийн 59.3.5-д заасан итгэлцүүрээр хуваарилагдах хөрөнгийг сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилна.

59.9.

Энэ хуулийн 59.7, 59.8-д заасны дагуу орлогын шилжүүлгийг тодорхойлсны дараа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн үлдсэн хэсгийг энэ хуулийн 59.3.1, 59.3.2, 59.3.3-т заасан итгэлцүүрээр тодорхойлно.”

60 дугаар зүйл.Орон нутгийн хөгжлийн сан
60.1.

Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.

60.2.

Орон нутгийн хөгжлийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

60.2.1.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;

60.2.2.

—

60.2.3.

—

60.2.4.

татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

60.2.5.

тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг.

60.2.6.

—

60.2.7.

ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

60.2.8.

малын тоо толгойн албан татварын орлого. Уг орлогын эх үүсвэрийг бэлчээрийн даац тогтоох, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийх, бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.

60.2.9.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламж.

60.2.10.

энэ хуулийн 59.8-д заасан хуваарилалт.

60.3.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

60.3.1.

орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.

60.3.2.

улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;

60.3.3.

үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;

60.3.4.

нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;

60.3.5.

зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

60.3.6.

орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

60.4.

Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт тухайн засаг захиргааны нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй.

60.5.

—

60.6.

Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогыг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүрэг, тосгон, орон нутгийн зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн санд олгоно.

60.7.

—

60.8.

—

60.9.

Энэ хуулийн 60.6-д заасан нутаг дэвсгэр нь хоёр болон түүнээс дээш тооны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хамрах бол хувь тэнцүүлэх замаар орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг хийнэ.

60.10.

Энэ хуулийн 60.6-60.9-д заасан орлогын шилжүүлэг хийх нарийвчилсан аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

60.11.

—

60.12.

Хот нь энэ хуулийн 60.1-д зааснаас гадна хуульд тусгайлан заасан сантай байж болно.

61 дугаар зүйл.Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх
61.1.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйл, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ.

61.2.

Энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар холбогдох шатны төсвөөс санхүүжүүлнэ.

61.3.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

61.4.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын болон Захирагчийн өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална.

61.5.

—

62 дугаар зүйл.Орон нутгийн хэрэгцээнд зориулж өр үүсгэх
62.1.

Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 41.5,-д заасан зориулалтаар улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэж болно.

62.2.

—

62.3.

—

62.4.

—

62.5.

—

62.6.

—

62.7.

—

63 дугаар зүйл.Орон нутгийн төсөвт иргэд, олон нийтийн оролцоог хангах
63.1.

Баг, хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна.

63.2.

Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгоно.

63.3.

Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын алба ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

63.4.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл нь энэ хуулийн 63.3-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална.

64 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлийн бүрэн эрх
64.1.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

64.1.1.

Засаг даргын болон Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

64.1.2.

тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх;

64.1.3.

төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах;

64.1.4.

төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн талаарх Засаг даргын болон Захирагчийн мэдээллийг сонсох.

65 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн бүрэн эрх
65.1.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

65.1.1.

тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Зөвлөлд тайлагнах;

65.1.2.

орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

65.1.3.

холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчтай төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх гэрээг байгуулж ажиллах;

65.1.4.

орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулах;

65.1.5.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар болон Зөвлөлөөр баталсан орон нутгийн төсвийг энэ хуулийн 8.5.5-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

65.1.6.

энэ хуулийн 39.1-д заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь, тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

65.1.7.

аймаг, нийслэлийн болон улсын зэрэглэлтэй хотын жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж, мөрдүүлэх;

65.1.8.

тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

66 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн бүрэн эрх
66.1.

Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.1.1.

тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Зөвлөлд тайлагнах;

66.1.2.

орон нутаг дахь төсвийн байгууллага, төлөөлөн гүйцэтгэх төрийн чиг үүргийн төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

66.1.3.

аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх гэрээг байгуулж ажиллах;

66.1.4.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлөөр баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлэх;

66.1.5.

энэ хуулийн 39.2-т заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

66.1.6.

сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж мөрдүүлэх;

66.1.7.

тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

67 дугаар зүйл.Орон нутгийн төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх
67.1.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

67.2.

Орон нутгийн төсвийн төслийн танилцуулгад энэ хуулийн 32.2.1-32.2.12, 32.2.19, 32.2.20-д зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

67.2.1.

орон нутгийн төсвийн бодлогын зорилтыг тусгасан дунд хугацааны төлөвлөгөө;

67.2.2.

энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан төсвийн ангиллын дагуу боловсруулсан төсвийн төслийн тооцоо, танилцуулга;

67.2.3.

аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал;

67.2.4.

дээд шатны төсөвт тусган баталсан дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ.

67.3.

Энэ хуулийн 67.1-д заасан төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга болон хот, тосгоны Захирагч олон нийтэд танилцуулж, тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд танилцуулна.

68 дугаар зүйл.Орон нутгийн төсөв батлах
68.1.

Орон нутгийн төсөвт энэ хуулийн 33.2.1-33.2.7-д заасныг тусгаж, батална.

68.2.

Төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлөөр хэлэлцэх явцад нэмж тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тухайн шатны төсвийг өргөн мэдүүлсэн этгээдээс энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар санал, дүгнэлтийг авсны үндсэн дээр тусгана.

68.3.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөлөөс баталсан тухайн жилийн төсвийг ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлнэ.

АРАВДУГААР БҮЛЭГХЯНАЛТ, ШАЛГАЛТ
69 дугаар зүйл.Дотоод аудит
69.1.

Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.

69.2.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана.

69.3.

Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.

69.4.

Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.

69.5.

Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
70 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
70.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

70.2.

Энэ хуулийн 28¹.2, 28¹.4-т заасныг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно.

70.3.

Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

70.4.

Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

70.5.

Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

71 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
71.1.

Энэ хуулийн 71.2, 71.3-т зааснаас бусад заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

71.2.

Төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, нийтэд мэдээлэх, төсвийн цаглабрыг мөрдүүлэх, сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэх, Улсын Их Хуралд танилцуулах, нийтэд мэдээлэхтэй холбогдсон энэ хуулийн зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

71.3.

2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 71.2 дахь хэсэг хамаарахгүй.

71.4.

—

71.5.

Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн “төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн,” гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв”, гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн” гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн,” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв,” гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

71.6.

Энэ хуулийн 60.2.6 дахь заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.