Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2012 › Зээлийн Батлан Даалтын Сангийн Тухай

Монгол Улсын хууль

Зээлийн Батлан Даалтын Сангийн Тухай

Хүчин төгөлдөр

Зээлийн Батлан Даалтын Сангийн Тухай

2012-02-10, Улаанбаатар12-h-05

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж
2.1.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Иргэний хууль

Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.

Энэ хуулиар Засгийн газар үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч болон давхар батлан даагчаар орж байгаа зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

4 дугаар зүйл.Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал
4.1.

Зээлийн батлан даалтын сан /цаашид “Сан” гэх/ нь барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, хуулийн этгээд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.

“жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 32 дугаарт нийтлэгдсэн.

5.1-д заасан этгээдийг;

5.1.2.

“батлан даалт” гэж Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг;

5.1.3.

“зээлийн батлан даалт” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

28 дугаар зүйлд заасныг;

5.1.4.

“жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

6.4.4-т заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГСАНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6 дугаар зүйл.Санг үүсгэн байгуулах
6.1.

Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд Сангийн үүсгэн байгуулагч байж болно.

6.2.

Үүсгэн байгуулагчдын анхны хурлаар Сангийн дүрмийг батлах бөгөөд Сангийн дүрмийг баталснаар Санг үүсгэн байгуулсанд тооцно.

7 дугаар зүйл.Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт
7.1.

Сан нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, зээлийн батлан даалтын хороотой байна.

7.2.

Сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна зохион байгуулалтын бусад бүтэцтэй байхаар дүрэмдээ зааж болно.

7.3.

Сангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд үүсгэн байгуулагчдын хурлаас Сангийн дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.

7.4.

Сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурлаас Сангийн дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсны дараа үүсгэн байгуулагчдын энэхүү эрх нь Удирдах зөвлөлд шилжих бөгөөд Сангийн дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

7.5.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.

7.6.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн үйл ажиллагаатай шууд холбоотой этгээдийн төлөөллийг оруулж болно.

8 дугаар зүйл.Сангийн дүрэм
8.1.

Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:

8.1.1.

нэр, хаяг байршил;

8.1.2.

зорилго;

8.1.3.

үйл ажиллагааны чиглэл, зарчим;

8.1.4.

удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоо, эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх журам;

8.1.5.

Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, зохион байгуулалтын бусад бүтцийн эрх хэмжээ, чиг үүрэг;

8.1.6.

Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам.

8.2.

Сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.

ГУРАВДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
9 дугаар зүйл.Сангийн үндсэн үйл ажиллагаа
9.1.

Сан нь дараах үйл ажиллагааг явуулна:

9.1.1.

банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;

9.1.2.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах.

9.1.3.

төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогод нийцүүлэн Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах.

9.1.4.

уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах.

9.2.

Сан нь энэ хуулийн 9.1-д заасан батлан даалтыг гаргахдаа тухайн зээл олгох банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэнэ.

9.3.

Сангийн хөрөнгийг банкинд хадгаламж, харилцах хэлбэрээр болон Засгийн газрын өрийн бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад хэлбэрээр байршуулж болно.

10 дугаар зүйл.Бусад үйл ажиллагаа
10.1.

Сан нь үндсэн үйл ажиллагаагаатайгаа холбогдуулж дараах бусад үйл ажиллагааг явуулна:

10.1.1.

зээлийн мэдээлэл болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан эрх бүхий байгууллага, шаардлагатай бусад төрийн болон хувийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох, лавлагаа авах;

10.1.2.

зээлийн батлан даалт болон холбогдох бусад үйл ажиллагаанаас бий болсон хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор тэдгээрийг бусдад худалдах, хуулиар зөвшөөрсөн бусад арга хэмжээг авах.

11 дугаар зүйл.Сангийн үйл ажиллагааны журам
11.1.

Удирдах зөвлөл Сангийн үйл ажиллагааны дараах журмыг батална:

11.1.1.

батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, бусад нөхцөл;

11.1.2.

батлан даалт гаргах журам;

11.1.3.

батлан даалтаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам;

11.1.4.

батлан даалт гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам;

11.1.5.

Сангийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг удирдах, байршуулах журам;

11.1.6.

бүртгэл, мэдээллийн хадгалалтын журам.

11.2.

Сангийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.Батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж
12.1.

Сан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хураамж авах бөгөөд батлан даалтын шимтгэл, хураамжийн хэмжээг Сан тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ
13 дугаар зүйл.Засгийн газар, түүний харьяа байгууллагын оролцоо
13.1.

Сангийн хүсэлтээр сангийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас Санд нэмэлт санхүүжилт, хөнгөлөлттэй зээл олгож болно.

13.2.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хүртэл хувийг давхар батлан даана.

13.3.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь тухайн жилд Сангийн гаргахаар төлөвлөсөн нийт батлан даалтын дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг болзошгүй өр төлбөрийг нөхөхөд зориулан бэлэн мөнгө хэлбэрээр дансандаа байршуулна.

13.4.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах давхар батлан даалтын шимтгэл, үйлчилгээний хөлсийг Сантай зөвшилцөж, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГСАНГИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, БҮРТГЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН
14 дугаар зүйл.Сангийн өөрийн хөрөнгө
14.1.

Сан үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй байна.

14.2.

Сангийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

14.3.

Сангаас гаргах батлан даалтын нийт хэмжээ нь Сангийн өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна.

14.4.

Сангийн үйл ажиллагааны зохистой харьцаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийн хэмжээндээ хувь тэнцүүлэн дахин хөрөнгө оруулж өөрийн хөрөнгийн дутууг нөхөх саналыг Сан тавьж болно.

14.5.

Энэ хуулийн 14.4-т заасан саналыг хөрөнгө оруулагч хүлээж аваагүй бол аль нэг хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хэд хэдэн хөрөнгө оруулагч хамтран хөрөнгийн дутууг нөхөх зөрүүг олгож, зохистой харьцааны үзүүлэлтийг шаардлагатай түвшинд хүргэх арга хэмжээг авч болно.

15 дугаар зүйл.Сангийн санхүүгийн тайлан
15.1.

Сан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 4 дугаарт нийтлэгдсэн.

, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан гаргана.

15.2.

Сан санхүүгийн тайлангаа жил бүр Санхүүгийн зохицуулах хороо, жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

15.3.

Сангийн санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
16 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны тавих хяналт
16.1.

Санхүүгийн зохицуулах хороо Сангийн өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

16.2.

Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 16.1-д заасан дүрэм, журмыг батлахдаа жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.

ДОЛДУГААР БҮЛЭГСАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ
17 дугаар зүйл.Санг татан буулгах
17.1.

Санг Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу татан буулгана.

НАЙМДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.