Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2012 › Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай

Монгол Улсын хууль

Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай

Хүчин төгөлдөр

Ус Бохирдуулсны Төлбөрийн Тухай

2012-05-17, Улаанбаатар12-h-20

1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Байгаль орчныг хамгаалах тухай хууль

Байгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль

Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 41 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

“бохирдуулах бодис” гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;

3.1.2.

“ус бохирдуулагч” гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;

3.1.3.

“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;

3.1.4.

“ус бохирдуулсны төлбөр” гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;

3.1.5.

”усны чанарын стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;

3.1.6.

”хаягдал усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;

3.1.7.

”ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;

3.1.8.

”ариутгах татуурга” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.

4 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
4.1.

Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.

4.2.

Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.

4.3.

Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.

4.4.

Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана.

4.5.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

4.6.

Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан Засгийн газар тогтоож болно.

5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл
5.1.

Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд хаягдал усны дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна:

5.1.1.

хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

5.1.2.

ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

5.2.

Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

5.3.

Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хаягдал усны дүгнэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор татварын алба болон ус бохирдуулагчид хүргүүлнэ.

6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт
6.1.

Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:

6.1.1.

хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;

6.1.2.

хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;

6.1.3.

хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.

6.2.

Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах
7.1.

Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно:

Бохирдуулах бодис

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/

доод

дээд

Жинлэгдэх бодис

килограмм

50

1000

Органик бодис

килограмм

50

1000

Эрдэс бодис

килограмм

20

400

Хүнд металл

килограмм

500

10000

Аюултай бохирдуулах бодис

грамм

1000

10000

7.2.

Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

7.3.

Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50 хувийг хотын дэд бүтцийн санд төвлөрүүлж, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна.

8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
8.1.

Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:

8.1.1.

хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;

8.1.2.

хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.

8.1.3.

хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.

8.2.

Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.

8.3.

Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.

8.4.

Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална.

9 дугаар зүйл.Төлбөрийг төлөх, тайлагнах
9.1.

Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.

9.2.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.2.1.

сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

9.2.2.

аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

9.2.3.

татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

9.2.

Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

9.3.

Төлбөрийн тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

10.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.