Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2016 › Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Эмнэлгийн Тусламж, Үйлчилгээний Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2016-04-22, Улаанбаатар16-h-23

1 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулна.

2 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн “урамшуулал”, 15.22 дахь хэсгийн “урамшууллын жишиг” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг одоогийн мөрдөж байгаа аргачлалын дагуу тооцно.

4 дугаар зүйл.

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.