Монгол Улсын хууль
Монгол Улсын Үндсэн Хуульд Оруулсан Нэмэлт, Өөрчлөлтийг Дагаж Мөрдөхөд Шилжих Журмын Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн Хуульд Оруулсан Нэмэлт, Өөрчлөлтийг Дагаж Мөрдөхөд Шилжих Журмын Тухай
2019-11-14, Улаанбаатар19-h-25
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг тус тус судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван ес¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
—
Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.