Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2019 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2019-03-22, Улаанбаатар19-h-04

1 дугаар зүйл.

Албан татвар төлөгчийн 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.

2 дугаар зүйл.

Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.

3 дугаар зүйл.

Албан татвар төлөгч 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж эдлүүлнэ.

4 дугаар зүйл.

Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтоос бусад үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцож, албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

5 дугаар зүйл.

Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтын элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулах хугацааг доор дурдсан журмаар тодорхойлно:

5.1.

2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдүүлээгүй үлдсэн жилийн 40 жилд эзлэх хувийг тооцно.

5.2.

25 жилээс энэ хуулийн 5.1-д заасан хувиар элэгдэл, хорогдол байгуулаагүй жилийг тооцно.

5.3.

Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг энэ хуулийн 5.2-т заасан элэгдэл, хорогдол байгуулаагүй жилд хуваан 2020 оноос эхлэн татварын жил бүр байгуулах элэгдэл, хорогдлын хэмжээг тооцно.

6 дугаар зүйл.

Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно.

7 дугаар зүйл.

Энэ хуулийн 1, 2, 3, 4, 6 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

8 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.