Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2026 › Гадаад Зээлийн Ашиглалт, Үр Ашгийг Нэмэгдүүлэх Тухай

Монгол Улсын хууль

Гадаад Зээлийн Ашиглалт, Үр Ашгийг Нэмэгдүүлэх Тухай

Хүчин төгөлдөр

Гадаад Зээлийн Ашиглалт, Үр Ашгийг Нэмэгдүүлэх Тухай

2026-05-22, Улаанбаатар26-h-01

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуульд заасан төслийн санхүүжилтийг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
2.1.

Энэ хуулийн үйлчлэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх дараах төсөл хамаарна:

2.1.1.

газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;

2.1.2.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл.

2.2.

Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төсөл нэмэхийг хориглоно.

2.3.

Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, НЭГДСЭН ТӨСӨВ ХООРОНДЫН ХАМААРАЛ
3 дугаар зүйл.Гадаад зээлийн ашиглалтын зардал
3.1.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн тухайн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох бөгөөд нэмэгдсэн дүн нь уг хязгаарт хамаарахгүй.

3.2.

Тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ
4 дугаар зүйл.Гадаад зээлийн ашиглалтын хяналт, ил тод байдал
4.1.

Засгийн газар энэ хуулийн биелэлтийн талаарх тайланг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хамт Монгол Улсын Их Хуралд хүргүүлнэ.

4.2.

Энэ хуулийн 2.1-д заасан төслийн хэрэгжилт, санхүүжилт, гадаад зээлийн ашиглалттай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олон нийтэд ил тод, нээлттэй, тогтмол мэдээлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам
5.1.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтад санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1, 3.2-т заасан зохицуулалтад хамруулна.

5.2.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.

5.3.

Энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.