konvents
50. Олон Улсын Гэрээний Эрх Зүйн Тухай Венийн Конвенц
Хүчин төгөлдөр50. Олон Улсын Гэрээний Эрх Зүйн Тухай Венийн Конвенц
1969-05-23, Улаанбаатарkonv-050
гэрээ олон улсын эрх зүйн эх сурвалж бөгөөд төр, нийгмийн байгууллагын ялгааг үл харгалзан улс үндэстний хооронд энх тайванч хамтын ажиллагаа хөгжүүлэх хэрэглүүр болохын хувьд ач холбогдол нь улам өсөн нэмэгдэж буйг зөвшөөрч, гэрээтэй холбогдсон маргааныг олон улсын аливаа маргааны нэгэн адил гагцхүү эв зүйгээр, шударга ёс, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу зохицуулж байх ёстойг нотлон, ард түмэн эрх тэгш, өөртөө засан тохинох эрхтэй байх, бүх улс эрх тэгш, тусгаар тогтносон бүрэн эрхтэй байх, тэдгээрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг хориглох, хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн дагаж мөрдөх зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд илэрхийлсэн олон улсын эрх зүйн зарчмыг анхааралдаа авч, энэхүү конвенцид гэрээний эрх зүйг хуульчилж дэвшилттэйгээр хөгжүүлсэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэх, тухайлбал олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс түмний хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, тэдгээрийн бие биетэйгээ хамтран ажиллах явдлыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж,
Энэхүү конвенцийг улс хооронд байгуулах гэрээнд хэрэглэнэ.
Энэхүү конвенцийн зорилгоор: (а) “гэрээ” гэж нэг баримт бичигт, эсхүл хоёр буюу өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа эсэх, мөн түүнчлэн түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан бөгөөд олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ; (b) “соёрхон батлах”, “хүлээн зөвшөөрөх”, “батлах”, “нэгдэн орох” гэж улс гэрээг заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, тодорхой тохиолдолд тийнхүү нэрлэх олон улсын арга хэмжээг хэлнэ; (c) “бүрэн эрхийн итгэмжлэл” гэж өөрийн улсыг төлөөлөн хэлэлцээ хийх, гэрээний эх бичвэрийг батлах буюу жинхлэх, гэрээг заавал биелүүлэх тухай өөрийн улсын зөвшөөрлийг илэрхийлэх буюу гэрээнд холбогдох бусад аливаа үйлдлийг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн улсын эрх бүхий байгууллагаас нэг буюу хэд хэдэн этгээдийг томилж байгаа баримт бичгийг хэлнэ; (d) “тайлбар” гэж гэрээнд гарын үсэг зурах, гэрээг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орохдоо гэрээний тодорхой заалтуудыг тухайн улсын хувьд хэрэгжүүлэхэд хуулийн үйлчлэлийг нь хасах буюу өөрчлөхийг зорьж уг улсаас аливаа хэллэг, томъёоллоор хийсэн нэг талын мэдэгдлийг хэлнэ; (e) “хэлэлцээнд оролцогч улс” гэж гэрээний эх бичвэрийг зохиох, хүлээн зөвшөөрөхөд оролцсон улсыг хэлнэ; (f) “хэлэлцэн тохирогч улс” гэж гэрээ хүчин төгөлдөр болсон эсэхээс үл хамааран уг гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн улсыг хэлнэ; (g) “оролцогч” гэж гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлсэн бөгөөд түүний хувьд тухайн гэрээ хүчин төгөлдөр байгаа улсыг хэлнэ; (h) “гуравдахь улс” гэж гэрээнд оролцоогүй улсыг хэлнэ; (i) “олон улсын байгууллага” гэж засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ.
Энэхүү конвенцийн нэр томъёог хэрэглэхтэй холбогдсон 1 дэх хэсгийн заалтууд эдгээр нэр томъёог аливаа улсын дотоодын хууль тогтоомжид хэрэглэх буюу тэдгээрийн утгыг тайлбарлах явдлыг үл хөндөнө.
Улс болон олон улсын эрх зүйн бусад субъектийн хооронд, эсхүл олон улсын эрх зүйн бусад тийм субъектийн хооронд байгуулсан олон улсын хэлэлцээр, мөн бичгийн бус хэлбэрээр байгуулсан олон улсын хэлэлцээрт энэхүү конвенцийг хэрэглэхгүй байгаа нь: (а) тэдгээр хэлэлцээрийн хуулийн хүчин төгөлдөр байдал; (b) энэхүү конвенцоос үл хамааран тэдгээр хэлэлцээр Конвенцид заасан аливаа хэм хэмжээний үйлчлэлд олон улсын эрх зүйн нөлөөгөөр хамрагдах үед тэдгээрт уг хэм хэмжээг хэрэглэх явдал; (с) олон улсын эрх зүйн бусад субъект мөн оролцож байгаа олон улсын хэлэлцээрийн хүрээнд энэхүү конвенцийг улс хоорондын харилцаанд хэрэглэх явдалд тус тус үл нөлөөлнө.
Энэхүү конвенцид заасан бөгөөд Конвенцоос үл хамааран олон улсын эрх зүйн нөлөөгөөр үйлчлэлд нь гэрээ хамрагдах аливаа хэм хэмжээг хэрэглэх явдалд хохирол учруулахгүйгээр, Конвенцийг тухайн улсуудын хувьд хүчин төгөлдөр болсны нь дараа байгуулсан улс хоорондын гэрээнд гагцхүү хэрэглэнэ.
Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болсон аливаа гэрээ, олон улсын байгууллагын хүрээнд батлагдсан аливаа гэрээнд энэхүү конвенцийг уг байгууллагын холбогдох дүрэмд хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ.
Улс бүр гэрээ байгуулах эрхийн чадвартай байна.
Хэрэв тухайн этгээд гэрээний эх бичвэрийг батлах буюу жинхлэх зорилгоор, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор: (a) холбогдох бүрэн эрхээ нотлох, эсхүл; (b) уг этгээдийг тэрхүү зорилгоор улсаа төлөөлж байгаа гэж үзэж бүрэн эрхээ нотлохыг шаардахгүй нь холбогдох улсуудын дадал, эсхүл бусад нөхцөл байдлаас илэрхий байвал түүнийг улсаа төлөөлж байна гэж үзнэ.
Дараахь хүмүүсийг гүйцэтгэж буй үүргийнхээ дагуу, бүрэн эрхээ нотлох шаардлагагүйгээр улсаа төлөөлж байгаа гэж тооцно: (а) төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар гэрээ байгуулахтай холбогдсон бүх үйлдлийг гүйцэтгэхэд; (b) дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар томилогч болон хүлээн авагч улсын хоорондын гэрээний эх бичвэрийг батлахад; (с) олон улсын хурал буюу олон улсын байгууллага, эсхүл уг байгууллагын аль нэг салбар байгууллагад улсаа төлөөлөхөөр томилогдсон төлөөлөгчид тийм хурал, байгууллага буюу салбар байгууллагад гэрээний эх бичвэрийг батлахад.
Улсаа төлөөлж гэрээ байгуулах эрхтэй гэж 7 дугаар зүйлийн үндсэн дээр тогтоогдоогүй этгээд гэрээ байгуулах үйлдэл хийснийг дараа нь тухайн улс нотлоогүй бол эрх зүйн үйлчлэл байхгүйд тооцно.
Гэрээний эх бичвэрийг 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд түүнийг зохиоход оролцсон бүх улс зөвшөөрсний дагуу батлана.
Олон улсын хуралд санал хураахад байлцаж, оролцсон улсуудын гуравны хоёрын саналаар өөр журам баримтлахаар шийдээгүй бол эл олонхийн саналаар тухайн гэрээний эх бичвэрийг батлана.
Гэрээний эх бичвэрийг: (а) энэхүү эх бичвэрт заасан буюу түүнийг зохиоход оролцсон улсуудын тохиролцсон журмыг баримталсны дүнд; эсхүл, (b) тийм журам байхгүй бол эдгээр улсын төлөөлөгчид гэрээний эх бичвэр буюу түүнийг агуулж буй хурлын төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурах, ad referendum үсэг зурах буюу үзэглэх замаар жинхэлж, эцэслэнэ.
Улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг солилцох, гэрээг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох буюу урьдчилан тохиролцсон бусад аргаар илэрхийлнэ.
Гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг тухайн улсын төлөөлөгч уг гэрээнд гарын үсэг зурах замаар илэрхийлнэ. Чингэхдээ: (а) гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болохыг уг гэрээнд заасан байвал; (b) гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй байх ёстой гэж хэлэлцээнд оролцогч улсууд өөрөөр тохиролцсон байвал; эсхүл, (c) гарын үсэг зурснаар тийнхүү хүчинтэй болно гэсэн тухайн улсын чиг санаа төлөөлөгчдийнх нь бүрэн эрхээс үүдэн гарч байгаа буюу хэлэлцээний үед илэрхийлсэн байвал.
1 дэх хэсэгт заасан зорилгоор: (а) гэрээний эхийг үзэглэх гэж хэлэлцээнд оролцогч улсууд тийнхүү тохиролцсон нь тогтоогдсон бол гэрээнд гарын үсэг зурахыг нотлохыг хэлнэ; (b) гэрээнд тухайн улсын төлөөлөгч ad referendum гарын үсэг зурахыг уг улс нотолбол гэрээнд эцэслэн гарын үсэг зурахыг нотлохыг хэлнэ.
Улс хоорондын солилцох баримт бичгүүдээс бүрдэж буй гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг уг баримт бичгүүдийг солилцох замаар илэрхийлнэ. Чингэхдээ: (а) баримт бичгүүдийг солилцох нь тийнхүү хүчинтэй байхыг тэдгээр баримт бичигт заасан бол; эсхүл, (b) баримт бичгүүдийг солилцох нь тийм хүчинтэй байх ёстойг тэдгээр улс өөрөөр тохиролцсон бол.
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө улс соёрхон батласнаар илэрхийлнэ. Чингэхдээ: (а) соёрхон батласнаар тийм зөвшөөрлөө илэрхийлнэ гэж гэрээнд заасан бол; (b) хэлэлцээнд оролцогч улсууд гэрээг соёрхон батлах шаардлагатай гэж тохиролцсоныг өөрөөр тогтоосон бол; (c) тухайн улсын төлөөлөгч соёрхон батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурсан бол; эсхүл, (d) тухайн улс соёрхон батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурах чиг санаатай нь түүний төлөөлөгчийн бүрэн эрхээс үүдэн гарч байгаа буюу энэ тухайгаа хэлэлцээний явцад илэрхийлсэн байвал.
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө соёрхон батлахтай адил нөхцлөөр улс хүлээн зөвшөөрч буюу баталж илэрхийлнэ.
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө улс түүнд нэгдэн орох замаар илэрхийлнэ. Чингэхдээ: (a) тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж гэрээнд заасан бол; (b) тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж хэлэлцээнд оролцогч улсууд тохиролцсон нь өөрөөр тогтоогдвол; эсхүл, (c) тухайн улс ийм зөвшөөрлөө гэрээнд нэгдэн орох замаар илэрхийлж болно гэж бүх оролцогчид хожим тохиролцсон бол.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичиг нь дор заасан мөчөөс эхлэн гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл болно: (a) хэлэлцэн тохирогч улсууд тэдгээр баримт бичгийг солилцсон; (b) гэрээ хадгалагчид хадгалуулсан; эсхүл, (c) тохиролцсоны дагуу хэлэлцэн тохирогч улсуудад буюу гэрээ хадгалагчид мэдэгдсэн.
19-23 дугаар зүйлийг хөндөхгүйгээр, гэрээний хэсгийг заавал биелүүлэх тухай улсын зөвшөөрөл нь гагцхүү тухайн гэрээгээр зөвшөөрсөн буюу хэлэлцэн тохирогч бусад улс үүнийг зөвшөөрч байгаа тохиолдолд хүчин төгөлдөр байна.
Гэрээний өөр өөр заалтаас сонголт хийхийг зөвшөөрч байгаа гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл нь гагцхүү чухам ямар заалтад нь уг зөвшөөрөл хамаарч байгааг тодорхой заасан тохиолдолд хүчин төгөлдөр байна.
Гэрээг обьектгүй, зорилгогүй болгож болзошгүй үйлдлээс улс түдгэлзэх үүрэгтэй. Чингэхдээ: (a) тухайн улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах нөхцлөөр гэрээнд гарын үсэг зурсан буюу гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцсон бол энэхүү гэрээний оролцогч болохгүй гэсэн чиг санаа тодорхой илэрхийлэх хүртэл; эсхүл, (b) гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө, мөн тийнхүү хүчин төгөлдөр болох нь хэт удаанаар саатахгүй нөхцөлд түүнийг заавал биелүүлэх зөвшөөрлөө тухайн улс илэрхийлсэн бол. 2 дугаар анги. ТАЙЛБАР
Тухайн улс гэрээнд гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орохдоо дор дурдсанаас бусад тохиолдолд тайлбар хийж болно: (a) тухайн тайлбарыг гэрээгээр хориглосон бол; (b) гагцхүү тодорхой зарим тайлбар хийж болохыг гэрээнд заасан бөгөөд тэдгээрийн тоонд тухайн тайлбар орохгүй бол; эсхүл, (c) (а), (b) дэд хэсгийн үйлчлэлд хамаарахгүй тохиолдолд тайлбар нь гэрээний объект, зорилготой нийцэхгүй байгаа бол.
Гэрээгээр тодорхой зөвшөөрсөн тайлбарыг хэлэлцэн тохирогч бусад улс хүлээн зөвшөөрнө гэж гэрээнд зориуд заагаагүй бол цаашид ямарваа байдлаар хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.
Гэрээг бүхэлд нь түүнд оролцогчдын хооронд хэрэглэх явдал оролцогч улс бүр гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийн зайлшгүй чухал нөхцөл болох нь хэлэлцээнд оролцогч улсуудын хязгаарлагдмал тоо, гэрээний обьект, зорилгоос тодорхой харагдаж байвал тайлбарыг бүх оролцогч улс хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Гэрээ олон улсын байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичиг болж байгаа бөгөөд түүнд өөрөөр заагаагүй бол тайлбарыг тухайн байгууллагын эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Дээрх заалтуудын үйлчлэлд хамаарахгүй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол: (а) дараахь улсын тухайд уг гэрээ хүчин төгөлдөр байвал, эсхүл хүчин төгөлдөр болсон үед хэлэлцэн тохирогч өөр нэг улс тайлбарыг хүлээн зөвшөөрснөөр уг тайлбар хийсэн улс нь тайлбарыг хүлээн авсан улсын тухайд гэрээнд оролцогч болно; (b) тайлбарыг зөвшөөрөхөөс татгалзагч улс чиг санаагаа өөрчлөхөө тодорхой мэдэгдээгүй бол хэлэлцэн тохирогч нөгөө улс тайлбарыг зөвшөөрөхөөс татгалзах нь тийнхүү татгалзагч улс болон тайлбар хийгч улсын хооронд тухайн гэрээ хүчин төгөлдөр болоход саад болохгүй; (c) гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлсэн бөгөөд тайлбар агуулж буй баримт бичиг хэлэлцэн тохирогч улсуудаас наад зах нь нэг улс уг тайлбарыг хүлээн авмагц хүчин төгөлдөр болно.
Энэ заалт 2, 4 дэх хэсгийн зорилгод, түүнчлэн гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн улс тайлбарын тухай мэдэгдэл авснаас хойш арван хоёр сар өнгөртөл буюу гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлсэн өдрөөс өмнө эдгээр хугацааны аль нь сүүлчийнх болохоос хамааран, тайлбараас татгалзахаа илэрхийлээгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
19, 20, 23 дугаар зүйлийн дагуу нөгөө оролцогчийн тухайд баримталж байгаа тайлбар нь: (а) тайлбар хийгч улсын тухайд тэрхүү нөгөө оролцогчтой харилцах харилцаанд тайлбар хийсэн гэрээний заалтыг тухайн тайлбарын үйлчлэлийн хүрээнд өөрчилнө; (b) нөгөө оролцогч улсын тухайд тайлбар хийгч улстай харилцах харилцаанд дээрх заалтыг мөн адил хэмжээгээр өөрчилнө.
Тайлбар нь бусад оролцогчийн inter se харилцаанд гэрээний заалтыг өөрчлөхгүй.
Хэрэв тайлбараас татгалзагч улс тайлбар хийгч улстай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохоос татгалзахгүй бол тайлбарт хамаарах заалтыг тэр хоёр улсын харилцаанд уг тайлбарын үйлчлэх хүрээнд хэрэглэхгүй.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбарыг ямар ч үед эгүүлэн авч болох бөгөөд түүнийг эгүүлэн авахад тайлбарыг хүлээн авсан улсын зөвшөөрөл шаардагдахгүй.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол тайлбараас татгалзасныг ямар ч үед эгүүлэн авч болно.
Гэрээнд өөрөөр заагаагүй буюу өөрөөр тохиролцоогүй бол: (a) тайлбарыг эгүүлэн авах нь гагцхүү хэлэлцэн тохирогч нөгөө улс энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа түүнд хамааралтай болно; (b) тайлбараас татгалзсаныг гагцхүү тайлбар хийгч улс энэ тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа эгүүлэн авч болно.
Тайлбар хийх, тайлбарыг тодорхой хүлээн зөвшөөрөх, тайлбараас татгалзсаныг бичгийн хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд хэлэлцэн тохирогч улсууд болон гэрээнд оролцох эрх бүхий бусад улсын сонорт хүргэвэл зохино.
Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах гэрээнд гарын үсэг зурах үед тайлбар хийсэн бол түүнийгээ тайлбар хийгч улс уг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэхдээ албан ёсоор нотлоно. Энэ тохиолдолд тайлбарыг нотлосон өдөр хийсэнд тооцно.
Тайлбарыг нотлохын өмнө түүнийг зөвшөөрсөн буюу татгалзсанаа тодорхой илэрхийлсэн бол тэдгээр үйлдийг нотлох шаардлагагүй.
Тайлбарыг эгүүлэн авах буюу тайлбараас татгалзсаныг эгүүлэн авахдаа түүнийг бичгийн хэлбэрээр үйлдвэл зохино. 3 дугаар анги. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ГЭРЭЭГ ТҮР ХЭРЭГЛЭХ
Гэрээ нь түүнд заасан буюу хэлэлцээнд оролцсон улсуудын тохиролцсон журам, хугацаанд хүчин төгөлдөр болно.
Тийм заалт буюу тохиролцоо байхгүй бол хэлэлцээнд оролцогч бүх улс гэрээг заавал биелүүлэхээ илэрхийлмэгц уг гэрээ хүчин төгөлдөр болно.
Гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө тухайн улс гэрээг хүчин төгөлдөр болсны дараа ямар нэг хугацаанд илэрхийлсэн тохиолдолд хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн улсын илэрхийлсэн хугацаанд уг гэрээ хүчин төгөлдөр болно.
Гэрээний эх бичвэрийг жинхлэх, гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлэх, гэрээ хүчин төгөлдөр болох журам буюу хугацаа, тайлбар, гэрээ хадгалагчийн үүрэг, гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө зайлшгүй гарах бусад асуудлыг зохицуулах гэрээний заалтыг гэрээний эх бичвэрийг батласан мөчөөс эхлэн хэрэглэнэ.
Гэрээ буюу түүний хэсгийг гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө дор дурдсан тохиолдолд түр хэрэглэнэ: (a) энэ тухай гэрээнд заасан; эсхүл, (b) хэлэлцээнд оролцогч улсууд энэ тухай өөр ямар нэг байдлаар тохиролцсон.
Гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцээнд оролцогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн улс гэрээнд оролцогч болох чиг санаагүй байгаагаа гэрээг хоорондоо түр хэрэглэж буй бусад улсад мэдэгдвэл гэрээ буюу гэрээний зарим хэсгийг түр хэрэглэх явдал уг улсын тухайд дуусгавар болно.
Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүнд оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.
Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно. Энэ журам 46 дугаар зүйлд хохирол учруулахгүйгээр үйлчилнэ. 2 дугаар анги. ГЭРЭЭГ ХЭРЭГЛЭХ
Өөр чиг санаа гэрээнээс илрээгүй буюу өөрөөр тогтоогүй бол тухайн оролцогч түүний тухайд гэрээ хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө гарсан аливаа үйлдэл буюу үйл баримтын талаар, эсхүл тэрхүү хугацаанаас өмнө үгүй болсон аливаа нөхцөл байдлын талаар гэрээний заалтуудыг заавал биелүүлэх үүрэггүй.
Өөр чиг санаа гэрээнээс илрээгүй буюу өөрөөр тогтоогүй бол гэрээг оролцогч улс бүр бүх нутаг дэвсгэртээ заавал биелүүлнэ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 103 дугаар зүйлийг мөрдөхдөө нэг асуудлаар дараалан байгуулсан гэрээнд оролцогч улсуудын эрх, үүргийг дараахь хэсгүүдийн дагуу тодорхойлно.
Гэрээ өмнөх буюу дараагийн гэрээнээс үүдэж байгаа, эсхүл тийм гэрээтэй үл нийцнэ гэж тооцохгүй бол тэрхүү өмнөх буюу дараагийн гэрээний заалт давамгайлах хүчинтэй байна.
Өмнөх гэрээний бүх оролцогч мөн дараагийн гэрээний оролцогч болсон боловч өмнөх гэрээний үйлчлэлийг 59 дүгээр зүйлийн дагуу бүрмөсөн буюу түр зогсоогоогүй бол түүнийг дараагийн гэрээний заалтуудтай нийцэж буй зөвхөн тэр хэмжээнд хэрэглэнэ.
Дараагийн гэрээний оролцогчид бүгдээрээ өмнөх гэрээний оролцогч биш байвал: (a) аль аль гэрээнд оролцогч улсуудын хооронд 3 дахь хэсэгт заасантай адил журам үйлчилнэ; (b) аль аль гэрээнд оролцогч улс болон зөвхөн нэг гэрээнд нь оролцогч улсын хооронд хоёулаа оролцож буй гэрээ тэдгээрийн эрх, үүргийг зохицуулна.
4 дэх хэсгийг 41 дүгээр зүйл, түүнчлэн 60 дугаар зүйлийн дагуу гэрээг зогсоох буюу үйлчлэлийг нь түр зогсоох тухай аливаа асуудал, эсхүл аль нэг улс өөр гэрээгээр нөгөө улсын тухайд хүлээсэн үүрэгтэй нь үл нийцэх заалттай гэрээ байгуулсан буюу хэрэглэсний үр дүнд үүдэн гарч болох хариуцлагын тухай аливаа асуудалд хохирол учруулахгүйгээр хэрэглэнэ. 3 дугаар анги. ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ
Гэрээг агуулгынх нь дагуу гэрээний нэр томьёонд өгч болох ердийн утга болон гэрээний обьект, зорилгын үүднээс үнэнч шударгаар тайлбарлах ёстой.
Гэрээг тайлбарлахын тулд агуулга нь гэрээний эх бичвэрээс гадна удиртгал, хавсралт зэрэг дараахь зүйлийг хамрана: (a) тухайн гэрээг байгуулахтай холбогдуулан бүх оролцогчийн хооронд байгуулсан гэрээнд хамаарах аливаа хэлэлцээр; (b) гэрээ байгуулахтай холбогдуулан нэг буюу хэд хэдэн оролцогчийн үйлдсэн бөгөөд бусад оролцогчоос гэрээнд хамааруулахаар хүлээн зөвшөөрсөн аливаа баримт бичиг.
Агуулгын хамт дараахь зүйлийг харгалзан үзнэ: (a) гэрээг тайлбарлах буюу түүний заалтуудыг хэрэглэх талаар оролцогчдын хооронд дараа нь байгуулсан аливаа хэлэлцээр; (b) гэрээг тайлбарлах талаар оролцогчдын тохиролцоог тогтоож буй гэрээг хэрэглэх цаашдын дадал; (c) оролцогчдын хоорондын харилцаанд хэрэглэж буй олон улсын эрх зүйн аливаа хэм хэмжээ.
Оролцогчид тухайн нэр томъёог тусгай утгаар хэрэглэхийг зорьсон нь тогтоогдсон тохиолдолд тэр утгаар нь хэрэглэнэ.
Тайлбарлах нэмэлт арга хэрэгсэл 31 дүгээр зүйлийг хэрэглэхээс үүдэн гарах утгыг нотлох буюу мөн зүйлийн дагуу тайлбарлахад: (а) утга нь бүдэг буюу ойлгомжгүй хэвээр байх; эсхүл, (b) огт учир утгагүй буюу ухваргүй үр дүнд хүргэхээр байвал тайлбарлах нэмэлт арга хэрэгслийг хэрэглэх, түүний дотор бэлтгэл материал болон гэрээ байгуулсан нөхцөл байдлыг эргэн судалж болно.
Гэрээний хоёр буюу хэд хэдэн хэлээр жинхэлсэн эх бичвэрүүдийн хооронд зөрүү гарсан тохиолдолд аль нэг тодорхой эх бичвэр давамгайлах хүчинтэй байна гэж гэрээнд заагаагүй буюу оролцогчид тохиролцоогүй бол хэл тус бүр дээрх эх бичвэр адил хүчинтэй байна.
Гэрээний эх бичвэрийг жинхэлсэн хэлээс өөр хэлээр үйлдсэн гэрээний хувилбарыг гагцхүү гэрээнд заасан буюу гэрээнд оролцогчид тохиролцсон бол адил хүчинтэй гэж үзнэ.
Гэрээний нэр томъёог жинхэлсэн эх бичвэр бүрд ижил утгатай гэж үзнэ.
1 дэх хэсэгт заасны дагуу аль нэг тодорхой эх бичвэрийг давамгайлах хүчинтэй байхаар тогтоосноос бусад тохиолдолд, хэрэв адил хүчинтэй эх бичвэрүүдийг харьцуулахад гарсан утгын зөрөөг 31, 32 дугаар зүйлийг хэрэглэн арилгаж чадахгүй бол гэрээний объект, зорилгыг харгалзан дээрх эх бичвэрийн аль алинд илүү тохирч байгаа утгыг хэрэглэнэ. 4 дүгээр анги. ГЭРЭЭ БОЛОН ГУРАВДАХЬ УЛС
Гэрээ гуравдахь улсын зөвшөөрөлгүйгээр түүнд үүрэг буюу эрх үл үүсгэнэ.
Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг гуравдахь улсад үүрэг үүсгэх хэрэгсэл болгохыг зорьж байгаа бөгөөд уг үүргийг бичгээр илэрхий хүлээн зөвшөөрсөн бол гэрээний тэрхүү заалтаас гуравдахь улсын үүрэг үүснэ.
Хэрэв гэрээнд оролцогчид түүний заалтыг хэрэглэн гуравдахь улсад буюу түүний оролцсон бүлэг улсад, эсхүл нийт улсад эрх олгохыг зорьж байгаа бөгөөд гуравдахь улс үүнийг зөвшөөрвөл тэрхүү гэрээний заалтаас түүний эрх үүснэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол сөрөг нотолгоо гарах хүртэл тэр улсын зөвшөөрөл хэвээр байна гэж үзнэ.
1 дэх хэсгийн үндсэн дээр эрх эдэлж буй улс гэрээнд заасан буюу гэрээний дагуу тогтоосон уг эрхээ эдлэх болзлыг биелүүлнэ.
Хэрэв 35 дугаар зүйлийн дагуу гуравдахь улсын үүрэг үүссэн бөгөөд өөрөөр тохиролцсоныг тогтоогоогүй бол зөвхөн гэрээнд оролцогчид болон гуравдахь улсын зөвшөөрөлтэйгээр уг үүргийг хүчингүй болгох буюу өөрчилж болно.
Хэрэв 36 дугаар зүйлийн дагуу гуравдахь улсын эрх үүссэн бөгөөд уг эрхийг энэхүү гуравдахь улсын зөвшөөрөлгүйгээр хүчингүй болгох буюу өөрчилж болохгүй гэсэн чиг санаа байсан нь тогтоогдвол оролцогчид түүнийг хүчингүй болгох буюу өөрчилж үл болно.
Гэрээнд тусгасан аливаа нэг хэм хэмжээг гуравдахь улс олон улсын эрх зүйн заншлын хэм хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх хүчинтэй болоход 34-37 дугаар зүйл ямар нэг байдлаар саад болохгүй.
Гэрээнд оролцогчдын хооронд тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй бол II хэсэгт заасан хэм хэмжээг уг тохиролцоонд хэрэглэнэ.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол олон талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дор дурдсан заалтыг удирдлага болгоно.
Бүх оролцогчийн хоорондын харилцаанд үйлчлэх ёстой нэмэлт өөрчлөлтийг олон талт гэрээнд оруулах тухай аливаа саналыг хэлэлцэн тохирогч бүх улсад мэдэгдвэл зохих бөгөөд хэлэлцэн тохирогч улс бүр: (a) ийм саналын тухайд ямар алхам хийх тухай шийдвэр гаргахад; (b) гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ хийж, аливаа хэлэлцээр байгуулахад оролцох эрхтэй байна.
Гэрээнд оролцогч болох эрхтэй улс бүр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний оролцогч болох эрхийг мөн эдэлнэ.
Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр нь гэрээний оролцогч боловч түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн оролцогч болоогүй улсад заавал биелүүлэх үүрэг үл хүлээлгэнэ; ийм улсын хувьд 30 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн (b) дэд хэсгийг хэрэглэнэ.
Хэрэв нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа гэрээнд оролцогч болсон улс өөр чиг санаатайгаа мэдэгдээгүй бол түүнийг: (a) нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд оролцогч гэж үзнэ; (b) гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрээр үүрэг хүлээгээгүй гэрээнд оролцогч аливаа улсын тухайд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэрээнд оролцогч гэж үзнэ.
Олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч зөвхөн өөр хоорондын харилцаанд гэрээг өөрчлөх тухай хэлэлцээрийг дараахь тохиолдолд байгуулж болно: (a) тийм өөрчлөлт хийх боломжийг уг гэрээгээр заасан; эсхүл, (b) тийм өөрчлөлт хийхийг гэрээгээр хориглоогүй бөгөөд энэ нь: (i) бусад оролцогчоос гэрээгээр олгогдсон эрхээ эдлэх, хүлээсэн үүргээ биелүүлэхэд үл нөлөөлөх; эсхүл, (ii) гэрээний объект, зорилгыг бүхэлд нь үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс зөрчиж болохгүй заалтыг үл хөндөх.
Хэрэв 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн оролцогчид хэлэлцээр байгуулах чиг санааныхаа тухай болон тэрхүү хэлэлцээрээр гэрээнд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар бусад оролцогчид мэдэгдэнэ.
Гэрээ, эсхүл гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрөл хүчинтэй эсэх талаар зөвхөн энэхүү конвенцийг хэрэглэсний үндсэн дээр маргаж болно.
Гэрээг зогсоох, цуцлах буюу оролцогч улс түүнээс гарахыг зөвхөн уг гэрээний заалт буюу энэхүү конвенцийг хэрэглэсний дүнд гүйцэтгэж болно. Гэрээний үйлчлэлийг түр зогсооход мөн эл журмыг хэрэглэнэ.
Гэрээг хүчингүйд тооцсон, түүнийг зогсоосон буюу цуцалсан, түүнээс аль нэг оролцогч гарсан, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоосон нь энэхүү конвенц буюу тухайн гэрээний заалтыг хэрэглэсний үр дүн байвал гэрээнээс хамаарахгүйгээр олон улсын эрх зүйн дагуу улс үйлчлэлд нь хамрагдах гэрээнд дурдсан аливаа үүргээ биелүүлэх явдлыг хэрхэвч хөндөхгүй.
Хэрэв гэрээнд өөрөөр заагаагүй буюу түүнд оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээнд заасан буюу 56 дугаар зүйлээс үүдэн гарч буй гэрээг цуцлах, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох оролцогчийн эрхийг зөвхөн бүхэл гэрээний тухайд хэрэгжүүлж болно.
Дор дурдсан заалт буюу 60 дугаар зүйлд зааснаас бусад бүх тохиолдолд гэрээг хүчингүйд тооцох, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох тухай энэхүү конвенцоор хүлээн зөвшөөрсөн үндэслэлийг гэрээний тухайд зөвхөн бүхэлд нь баримталж болно.
Хэрэв ийм үндэслэл гэрээний зөвхөн зарим заалтад хамаарч байгаа бол зөвхөн тэдгээр заалтын тухайд дараахь тохиолдолд баримталж болно: (a) дурдсан заалтыг гэрээний үндсэн хэсгээс салангид хэрэглэж болох байвал; (b) тэдгээр заалтыг хүлээж авах явдал өөр оролцогч буюу бусад оролцогчоос гэрээг бүхэлд нь заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэх чухал үндэслэл байгаагүй нь гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөр байдлаар тогтоогдсон бол; (c) гэрээний үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн биелүүлэх нь шударга байвал.
49, 50 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд заль мэх буюу хээл хахуулийг зааж нотлох эрхтэй улс үүнийгээ бүх гэрээний тухайд, эсхүл 3 дахь хэсэгт заасан тохиолдолд гэрээний зарим заалтын тухайд хийж болно.
51, 52, 53 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд гэрээний заалтыг хувааж үл болно.
Хэрэв тухайн улсад дор дурдсан үйл баримт тодорхой болсон бол 46-50 дугаар зүйл буюу 60, 62 дугаар зүйлийн үндсэн дээр гэрээг хүчингүйд тооцох буюу зогсоох, түүнээс гарах буюу үйлчлэлийг нь түр зогсоох үндэслэлийг баримтлах эрхгүй: (a) тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй байх, хүчин төгөлдөр хэвээр байх буюу үйлчлэл нь хэвээр мөрдөгдөхийг тухайн улс илэрхий зөвшөөрсөн байвал; эсхүл, (b) тодорхой тохиолдлоос хамаарч гэрээ хүчинтэй байх, хүчин төгөлдөр хэвээр байх буюу үйлчлэл нь хэвээр мөрдөхийг тухайн улсын төлөв байдлаар дуугүй зөвшөөрсөнд тооцогдохоор байвал. 2 дугаар анги. ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ
Тухайн улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үндэслэхийн тулд гэрээ байгуулах эрх хэмжээний талаархи дотоодын хуулийн аль нэг заалтыг зөрчиж уг зөвшөөрлөө илэрхийлсэн гэсэн тохиолдолд хэрэв уг зөрчил нь илэрхий биш бөгөөд дотоодын онцгой чухал ач холбогдол бүхий эрх зүйн хэм хэмжээг хөндөөгүй бол тийм чиг баримтлах эрхгүй.
Тухайн зөрчил энэ асуудлын талаар ердийн дадлын дагуу үнэнч шударга ажиллаж байгаа аливаа улсад бодитой илт байвал түүнийг илэрхий зөрчил гэж үзнэ.
Хэрэв тодорхой нэг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлэх улсын төлөөлөгчийн эрх нь тусгай хязгаарлалттай бөгөөд хэрэв хэлэлцээнд оролцогч бусад улсад энэ хязгаарлалтыг тухайн улсын төлөөлөгч зөвшөөрлөө илэрхийлэхээс өмнө мэдэгдээгүй бол түүний зөвшөөрлийг хүчингүй гэж үндэслэхийн тулд тэрхүү төлөөлөгч дээрх хязгаарлалтыг дагаж мөрдөөгүйг баримталж үл болно.
Гэрээ байгуулах үед байсан гэж тухайн улс үзсэн бөгөөд уг улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлэхэд зайлшгүй чухал үндэс болсон үйл баримт буюу нөхцөл байдалтай холбоо бүхий алдаа гэрээнд байвал уг алдааг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон баримтлах эрхтэй.
Хэрэв тухайн улс уг алдаа гарахад төлөв байдлаараа дөхөм үзүүлсэн буюу алдаа гарч болзошгүйг анхаарах боломжийн нөхцөл байдалтай байсан бол 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.
Гэрээний эх бичвэрийн үг хэллэгт зөвхөн хамаарах алдаа гэрээний хүчинтэй байдалд нөлөөлөхгүй; ийм тохиолдолд 79 дүгээр зүйлийг хэрэглэнэ.
Тухайн улс хэлэлцээнд оролцогч өөр нэг улсын хууран мэхлэх үйлдлийн нөлөөгөөр гэрээ байгуулсан бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон тэрхүү хууран мэхлэлтийг зааж өчих эрхтэй.
Хэрэв хэлэлцээнд оролцогч өөр нэг улс төлөөлөгчийг нь шууд буюу шууд бусаар хахуульдсаны үр дүнд гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлүүлсэн бол уг улс тийм гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүй гэж үзэх үндэслэл болгон тэрхүү хахуулийг зааж өчих эрхтэй.
Улсын төлөөлөгчийн эсрэг чиглэсэн үйлдэл буюу сүрдүүлгээр түүнийг албадсаны үр дүнд гэрээг заавал биелүүлэх улсын зөвшөөрлийг илэрхийлүүлсэн бол тэр нь хууль зүйн ямар ч ач холбогдолгүй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан олон улсын эрх зүйн зарчмыг зөрчин хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэсний үр дүнд байгуулсан гэрээ угаасаа хүчингүй байна.
Байгуулагдах мөчдөө олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээнд харшилсан гэрээ угаасаа хүчингүй байна. Энэхүү конвенцийн зорилгод, олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээ нь түүнээс татгалзаж үл болох бөгөөд адил шинж чанартай олон улсын нийтлэг эрх зүйн дараагийн хэм хэмжээгээр зөвхөн өөрчилж болох хэм хэмжээ гэж олон улсын хамтын нийгэмлэгийн улс нийтээр хүлээн авч, зөвшөөрч байгаа хэм хэмжээ байна. 3 дугаар анги. ГЭРЭЭГ ЗОГСООХ, ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ
Дараахь байдалд гэрээг зогсоох буюу түүнээс оролцогч улс гарч болно: (а) гэрээний заалтын дагуу; эсхүл, (b) хэлэлцэн тохирогч бусад улстай зөвлөлдөн оролцогч бүх улсын зөвшөөрснөөр хэдийд ч.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ хүчин төгөлдөр болоход зайлшгүй оролцогчдын тоо цөөрсөн ганц шалтгаанаар олон талт гэрээний үйлчлэл зогсохгүй.
Гэрээнд түүнийг зогсоох заалт байхгүй бөгөөд гэрээг цуцлах буюу түүнээс гарахыг заагаагүй бол зөвхөн дараахь тохиолдолд түүнийг цуцлахгүй, түүнээс гарч болохгүй: (а) оролцогчид цуцлах буюу гарах боломжийг зөвшөөрөх чиг санаатай байсан нь тогтоогдоогүй бол; эсхүл, (b) цуцлах буюу гарах эрх нь гэрээний шинж чанараас үүдэн гарахгүй бол.
Оролцогч улс 1 дэх хэсгийн дагуу гэрээг цуцлах буюу түүнээс гарах саналаа арван хоёр сараас доошгүй хугацаанд мэдэгдэнэ.
Гэрээний үйлчлэлийг бүх оролцогчийн буюу аль нэг оролцогчийн тухайд: (а) гэрээний заалтын дагуу; буюу, (b) хэлэлцэн тохирогч бусад улстай зөвлөлдөн оролцогч бүх улсын зөвшөөрснөөр хэдийд ч түр зогсоож болно.
Олон талт гэрээний хоёр буюу хэд хэдэн оролцогч зөвхөн өөр хоорондын харилцаанд гэрээний заалтын үйлчлэлийг түр зогсоох тухай хэлэлцээрийг дараахь тохиолдолд байгуулж болно: (а) тийнхүү түр зогсоох боломжийг гэрээгээр заасан бол; эсхүл, (b) түр зогсоохыг гэрээгээр хориглоогүй бөгөөд: (i) бусад оролцогч тухайн гэрээнээс үүдэн гарч буй эрхээ эдлэх буюу үүргээ биелүүлэхэд нөлөөлөхгүй бол; (ii) гэрээний обьект, зорилготой нийцэж байгаа бол.
1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн үйлчлэлд хамаарах тохиолдолд, гэрээнд өөрөөр заагаагүй бол дээрх оролцогчид хэлэлцээр байгуулах гэж байгаа болон гэрээний чухам аль заалтын үйлчлэлийг түр зогсоох чиг санаатай байгаагаа оролцогч бусад улсад мэдэгдэнэ.
Гэрээний бүх оролцогч мөн адил асуудлаар дараа нь гэрээ байгуулбал түрүүчийн гэрээг дараахь тохиолдолд зогссонд тооцно: (а) оролцогчид тухайн асуудлыг дараагийн гэрээгээр зохицуулах гэж байгаа нь уг гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөрөөр тогтоосон бол; (b) дараагийн гэрээний заалт нь өмнөх гэрээний заалттай огт нийцэхгүй учир эл хоёр гэрээг нэгэн зэрэг хэрэглэх аргагүй бол.
Оролцогчид тийм чиг санаатай байсан нь дараагийн гэрээнээс үүдэн гарч байгаа буюу өөрөөр тогтоосон бол өмнөх гэрээний үйлчлэлийг зөвхөн түр зогссонд тооцно.
Хоёр талт гэрээг аль нэг оролцогч ноцтой зөрчсөн бол нөгөө оролцогч гэрээг зогсоох буюу түүний үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон уг зөрчлийг зааж өчих эрхтэй болно.
Олон талт гэрээг оролцогчдын нэг нь ноцтой зөрчсөн бол: (а) бусад оролцогч санал нэгтэй хэлэлцээр байгуулж, (i) өөр хоорондоо болон гэрээг зөрчсөн улстай харилцахад; эсхүл (ii) бүх оролцогч хоорондын харилцаанд гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу түр зогсоох, эсхүл гэрээг зогсоох эрхтэй болно; (b) гэрээг зөрчсөний улмаас гоц хохирсон оролцогч гэрээ зөрчсөн улстай харилцахдаа гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон уг зөрчлийг зааж өчих эрхтэй болно; (с) гэрээ нь түүний заалтыг нэг оролцогч ноцтой зөрчсөн нь гэрээнээс үүдэн гарч буй үүргээ цаашид биелүүлэх оролцогч бүрийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх шинж чанартай байвал гэрээг зөрчигч улсаас бусад аливаа улс уг зөрчлийг өөрийнхөө тухайд гэрээний үйлчлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхтэй болно.
Энэ зүйлийн зорилгод, гэрээг ноцтой зөрчсөн гэж: (а) энэхүү конвенцид заасныг хөсөрдүүлэн гэрээнээс татгалзсан; эсхүл (b) гэрээний обьект, зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал ач холбогдолтой заалтыг зөрчсөнийг хэлнэ.
Өмнөх заалтууд гэрээг зөрчсөн тохиолдолд хэрэглэх гэрээний заалтыг хөндөхгүй.
1-3 дахь хэсгийг хүмүүнлэгийн шинж чанартай гэрээнд тусгагдсан хувь хүнийг хамгаалахтай холбогдсон заалт, ялангуяа тийм гэрээгээр хамгаалагдсан хүмүүсийн талаар хонзогнох аливаа хэлбэрийг хориглосон заалтын тухайд үл хэрэглэнэ.
Гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай обьект бүрмөсөн алга болсны буюу устсаны үр дүнд гэрээг биелүүлэх боломжгүй болбол оролцогч улс гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл болгон тэрхүү боломжгүй байдлыг зааж өчих эрхтэй. Хэрэв түр зуур тийм боломжгүй болсон бол түүнийг зөвхөн гэрээний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхтэй.
Хэрэв тухайн оролцогч гэрээгээр хүлээсэн үүргээ, эсхүл гэрээний аливаа оролцогчийн өмнө хүлээсэн олон улсын үүргээ зөрчсөний үр дүнд гэрээг биелүүлэх боломжгүй болбол тэрхүү оролцогч тийм боломжгүй байдлыг гэрээ зогсоох, түүнээс гарах, эсхүл түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл болгон зааж өчих эрхгүй.
Гэрээ байгуулах үед нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд тийнхүү өөрчлөгдөхийг оролцогчид урьдчилан мэдээгүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд уг өөрчлөлтийг гэрээ зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчиж үл болно: (а) тийм нөхцөл байдал байсан нь оролцогчид гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн зайлшгүй чухал үндэслэл болсон; буюу (b) нөхцөл байдлын өөрчлөлтийн үр дагавар гэрээний дагуу биелүүлэх ёстой хэвээр байгаа үүргийн хүрээг үндсээр нь өөрчилж байвал.
Нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг дараахь тохиолдолд гэрээг зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчиж үл болно: (а) гэрээгээр хил тогтоож байгаа бол; эсхүл (b) гэрээнд оролцогчийн зааж байгаа үндсэн өөрчлөлт уг оролцогч гэрээнийхээ үүргийг буюу, эсхүл гэрээний аливаа оролцогчийн өмнө хүлээсэн олон улсын бусад үүргээ зөрчсөний үр дагавар байвал.
Хэрэв оролцогч дээрх заалтуудын дагуу нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг гэрээ зогсоох, эсхүл түүнээс гарах үндэслэл болгон зааж өчих эрхтэй бол тэрээр энэ өөрчлөлтийг гэрээний үйлчлэлийг түр зогсоох үндэслэл болгон мөн зааж өчих эрхтэй.
Дипломат буюу консулын харилцаатай байгаа нь гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байхаас бусад тохиолдолд оролцогчдын хооронд дипломат буюу консулын харилцааг таслах нь тэдний хооронд гэрээгээр тогтоосон эрхийн харилцаанд нөлөөлөхгүй.
Олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх шинэ хэм хэмжээ үүсвэл энэ хэм хэмжээтэй харшилж байгаа ямарваа гэрээ угаасаа хүчингүй болж зогсоно. 4 дүгээр анги. ГОРИМ
Оролцогч улс гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө мадагтай болсон, эсхүл гэрээ хүчинтэй байхыг маргах, гэрээг зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох үндэслэлийг энэхүү конвенцийн заалтуудын дагуу зааж өчиж байгаа бол өөрийнхөө шаардлагыг бусад оролцогчдод мэдэгдэх ёстой. Тийнхүү мэдэгдэхдээ гэрээний талаар авах гэж байгаа арга хэмжээ, мөн тэдгээрийн үндэслэлийг заана.
Мэдэгдлийг хүлээж авснаас хойш онц яаралтайгаас бусад тохиолдолд гурван сараас доошгүй хугацаа өнгөрөхөд нэг ч оролцогч улс татгалзсанаа эс илэрхийлбэл мэдэгдэл илгээсэн оролцогч 67 дугаар зүйлээр тогтоосон журмын дагуу санал болгосон арга хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй.
Гэвч бусад оролцогчийн аль нэг нь татгалзвал оролцогчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 33 дугаар зүйлд заасан аргуудын тусламжтайгаар асуудлыг зохицуулна.
Маргааныг зохицуулах талаар оролцогчдын заавал мөрдөх ёстой, хүчин төгөлдөр байгаа аливаа заалтын хүрээн дэх тэдний эрх, үүргийг дээрх заалтуудын аль нь ч хөндөхгүй.
45 дугаар зүйлд хохирол учруулалгүйгээр, тухайн улс 1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг урьд нь хийгээгүй нь өөр нэг оролцогчоос гэрээг биелүүлэхийг шаардсан буюу түүнийг зөрчиж байгааг мэдэгдсэний хариуд тийм мэдэгдэл илгээхэд саад болохгүй.
Хэрэв татгалзсанаа илэрхийлсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд 65 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу ямар ч шийдвэрт хүрээгүй бол дараахь горимыг хэрэглэнэ: (а) хэрэв талууд харилцан зөвшөөрч маргааныг арбитрт шилжүүлэхээр тохиролцоогүй бол 53 буюу 64 дүгээр зүйлийг хэрэглэх буюу тайлбарлах тухай маргаанд оролцогч аль ч тал өргөдлөө бичгээр үйлдэж Олон улсын шүүхэд өгч болно; (b) энэхүү конвенцийн V хэсгийн аль нэгэн зүйлийг хэрэглэх буюу тайлбарлах тухай маргаанд оролцогч аль ч тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хандан зохих хүсэлтээ гаргаж эл Конвенцийн хавсралтад заасан горимыг эхлүүлж болно.
65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан мэдэгдлийг бичгээр үйлдэнэ.
Тухайн гэрээний эсхүл 65 дугаар зүйлийн 2 буюу 3 дахь хэсгийн заалтын дагуу гэрээг хүчингүй гэж зарлах, зогсоох, түүнээс гарах буюу түүний үйлчлэлийг түр зогсоох аливаа үйлдлийг бусад оролцогчидод хүргүүлэх баримт бичгийн хэлбэрээр хийнэ. Хэрэв тийм баримт бичигт төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн буюу гадаад хэргийн сайд гарын үсэг зураагүй бол уг баримт бичгийг хүргүүлэгч улсын төлөөлөгчөөс бүрэн эрхээ нотлохыг шаардаж болно.
65, 67 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баримт бичгийг хүчин төгөлдөр болохоос нь өмнө хэдийд ч эгүүлэн авч болно. 5 дугаар анги. ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛСОН, ЗОГССОН БУЮУ ТҮҮНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООСНЫ ҮР ДАГАВАР
Хүчингүй нь энэхүү конвенцийн дагуу тогтоогдсон гэрээ угаасаа хүчингүй байна. Хүчингүй гэрээний заалтууд хуулийн ямар ч хүчгүй байна.
Гэсэн хэдий ч тийм гэрээний үндсэн дээр үйлдэл хийгдсэн бол: (a) уг үйлдэл хийгдээгүй бол тэдгээрийн харилцаанд байж болох байдлыг бололцооны хирээр буй болгохыг оролцогч улс бүр аливаа өөр оролцогчоос шаардах эрхтэй; (b) гэрээ хүчингүйг зааж өчихөөс өмнө үнэнч шударгаар хийсэн үйлдлийг зөвхөн гэрээ хүчингүй гэсэн шалтгаанаар хууль бус гэж үзэхгүй.
49, 50, 51 буюу 52 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тохиолдолд хууран мэхэлсэн, хахуульдсан буюу албадсаны төлөө хариуцлага хүлээж байгаа оролцогч улсад 2 дахь хэсгийн заалтыг үл хэрэглэнэ.
Олон талт гэрээг заавал биелүүлэх аль нэг улсын зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд дээр дурдсан журмыг энэ улс болон гэрээнд оролцогч улсуудын харилцаанд хэрэглэнэ.
Гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээг түүний заалт буюу энэхүү конвенцийн дагуу зогсоосноор: (a) гэрээг цаашид биелүүлэх аливаа үүргээс гэрээнд оролцогчдыг чөлөөлнө; (b) гэрээг зогсоохоос өмнө түүнийг гүйцэтгэсний үр дүнд үүссэн оролцогчдын эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцөлд үл нөлөөлнө.
Тухайн улс олон талт гэрээг цуцлах буюу түүнээс гарвал тийнхүү цуцалсан буюу гэрээнээс гарсан нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн уг улс болон гэрээнд оролцогч бусад улс бүрийн хоорондох харилцаанд 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ.
Хэрэв гэрээ 53 дугаар зүйлийн дагуу угаасаа хүчингүй байвал түүнд оролцогчид: (a) олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээнд харшилж байгаа заалтын үндсэн дээр хийсэн аливаа үйлдлийн үр дагаврыг аль болохоор арилгана; (b) өөр хоорондын харилцааг олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх хэм хэмжээтэй нийцүүлнэ.
Хэрэв гэрээ 64 дүгээр зүйлийн дагуу угаасаа хүчингүй болж зогсвол: (a) гэрээг цаашид биелүүлэх аливаа үүргээс оролцогч улсуудыг чөлөөлнө; (b) гэрээг зогсоохоос өмнө түүнийг гүйцэтгэсний үр дүнд үүссэн оролцогчийн эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцлийг хэвээр үлдээх нь олон улсын нийтлэг эрх зүйн заавал мөрдөх шинэ хэм хэмжээнд үл харшлах хэмжээнд тэдгээрийг цаашид үлдээж болох бол уг эрх, үүрэг буюу эрх зүйн нөхцөлд үл нөлөөлнө.
Гэрээнд өөрөөр заагаагүй буюу оролцогчид өөрөөр тохиролцоогүй бол гэрээний үйлчлэлийг түүний заалтын дагуу буюу энэхүү конвенцийн дагуу түр зогсоосноор: (a) өөр хоорондын харилцаанд нь үйлчлэлийг түр зогсоож байгаа гэрээний оролцогчдыг түр зогсоох хугацааны туршид гэрээг заавал биелүүлэх үүргээс чөлөөлнө; (b) оролцогчдын хооронд гэрээгээр тогтоосон эрх зүйн харилцаанд өөрөөр үл нөлөөлнө.
Гэрээний үйлчлэлийг түр зогсоосон хугацаанд оролцогчид гэрээний үйлчлэлийг сэргээхэд саад болохуйц үйлдэл хийхээс түдгэлзэнэ.
Энэхүү конвенцийн заалтууд улсуудын эрх залгамжлах, улсуудын олон улсын хариуцлага буюу улсуудын хооронд байлдааны ажиллагаа эхлэснээс гэрээний тухайд үүдэн гарч болох ямар ч асуудлыг урьдчилан шийдвэрлэхгүй.
Хоёр буюу хэд хэдэн улсын хооронд дипломат буюу консулын харилцаа тогтоогоогүй буюу тасарсан нь тэдгээр улсын хооронд гэрээ байгуулахад саад болохгүй. Гэрээ байгуулах нь дипломат буюу консулын харилцаанд нөлөөлөхгүй.
Энэхүү конвенцийн заалтууд түрэмгийлэгч улсаас үйлдсэн түрэмгийлэлтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу авсан арга хэмжээний үр дүнд уг улсын талаар үүдэн гарч болох гэрээний ямарваа үүргийг үл хөндөнө.
Гэрээ хадгалагчийг хэлэлцээнд оролцогч улсууд буюу уг гэрээгээр, эсхүл өөр ямар нэгэн журмаар томилж болно. Гэрээ хадгалагчаар нэг буюу хэд хэдэн улс, олон улсын байгууллага буюу тийм байгууллагын захиргааны гол албан тушаалтан байж болно.
Гэрээ хадгалагчийн үүрэг олон улсын шинж чанартай бөгөөд гэрээ хадгалагч үүргээ гүйцэтгэхдээ хараат бус ажиллах үүрэгтэй. Тухайлбал, зарим оролцогчийн хооронд гэрээ хүчин төгөлдөр болоогүй буюу аль нэг улс болон гэрээ хадгалагчийн хооронд гэрээ хадгалагчийн үүргийн биелэлтийн талаар саналын зөрүү гарсан нь дээрх үүрэгт үл нөлөөлнө.
Гэрээнд өөрөөр заагаагүй буюу хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээ хадгалагч дараахь үүрэгтэй байна: (a) гэрээ хадгалагчид хүлээлгэн өгсөн гэрээний жинхэнэ эх, бүрэн эрхийн итгэмжлэлийг хадгалах; (b) гэрээний жинхэнэ эхээс баталгаатай хуулбар бэлтгэх, гэрээгээр зааж болох аль нэг өөр хэлээр гэрээний эх бичвэрийг бэлтгэх, түүнчлэн тэдгээрийг оролцогч улсуудад болон оролцогч болох эрх бүхий улсуудад илгээх; (c) гэрээнд гарын үсэг зуруулж авах, гарын үсэг зурахтай холбогдсон баримт бичиг, мэдэгдэл, мэдээг хүлээн авч хадгалах; (d) гэрээнд хамаарах гарын үсэг, баримт бичиг, мэдэгдэл буюу мэдээ зохих хэлбэр журмаар үйлдэгдсэн эсэхийг судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг холбогдох улсын сонорт хүргэх; (e) гэрээнд хамаарах баримт бичиг, мэдэгдэл болон мэдээний талаар оролцогч улсууд болон оролцогч болох эрх бүхий улсуудад мэдээлэх; (f) гэрээ хүчин төгөлдөр болоход шаардагдах тооны гарын үсэг, батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хүлээн авсан буюу хадгалуулсан тухай гэрээнд оролцогч болох эрх бүхий улсуудад мэдэгдэх; (g) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт гэрээг бүртгүүлэх; (h) энэхүү конвенцийн бусад заалтад дурдсан үүргийг гүйцэтгэх.
Гэрээ хадгалагчийн үүргийг биелүүлэхтэй холбогдон ямар нэгэн улс болон гэрээ хадгалагчийн хооронд зөрөлдөөн гарсан тохиолдолд гэрээ хадгалагч уг асуудлыг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад, эсхүл холбогдох тохиолдолд сонирхогч олон улсын байгууллагын эрх бүхий байгууллагын сонорт хүргэнэ.
Гэрээ буюу энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол энэхүү конвенцийн дагуу аливаа улсын хийх мэдэгдлийг: (a) хэрэв гэрээ хадгалагч байхгүй бол шууд хаягласан улсад, эсхүл гэрээ хадгалагч байвал түүнд илгээнэ; (b) хаягласан улс хүлээн авсан, эсхүл тодорхой тохиолдлоос хамааран гэрээ хадгалагч хүлээн авснаар холбогдох улс дээрхийг хийсэнд тооцогдоно; (c) хэрэв гэрээ хадгалагчид илгээсэн бол 77 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (е) дэд хэсгийн дагуу гэрээ хадгалагч хаягласан улсад мэдэгдсэний дараа уг улс дээрхийг хүлээн авсанд тооцно.
Гэрээний эх бичвэрийг жинхэлсний дараа гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсууд гэрээний эх бичвэрт алдаа байгааг нийтээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэв тэд өөр арга хэрэглэхээр шийдвэрлээгүй бол алдааг дор дурдсан замаар залруулна: (a) гэрээний эх бичвэрт зохих залруулга оруулж уг залруулгыг зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчдөөр үзэглүүлэх; (b) оруулахаар тохиролцсон залруулга бүхий баримт бичиг бэлтгэх, эсхүл тийм баримт бичиг солилцох; эсхүл (c) бүх гэрээний залруулсан эх бичвэрийг жинхэнэ эх боловсруулсантай адил журмаар бэлтгэх.
Гэрээ хадгалагчид хадгалуулах ёстой гэрээний тухайд бол гэрээ хадгалагч алдааны тухай, мөн алдааг залруулах тухай саналын талаар гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдэж, тэрхүү саналаас татгалзаж болох хугацааг тогтооно. Хэрэв энэ хугацааг дуусахаас өмнө: (a) татгалзаагүй бол гэрээ хадгалагч гэрээний эх бичвэрт залруулга оруулан үзэглэж, залруулсан тухай протокол үйлдэн хуулбарыг гэрээнд оролцогч улсууд болон гэрээнд оролцогч болох эрхтэй улсуудад илгээнэ; (b) татгалзсан бол энэ тухай гэрээ хадгалагч гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсуудад мэдэгдэнэ.
Хоёр буюу хэд хэдэн хэлээр жинхэлсний дараа тэдгээр эх бичвэрийн хооронд зөрүү гарсан бөгөөд түүнийг гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсууд нийтээр залруулах ёстой гэж нийтээр зөвшөөрсөн тохиолдолд 1, 2 дахь хэсэгт дурдсан журмыг мөн хэрэглэнэ.
Гэрээнд гарын үсэг зурсан улсууд болон хэлэлцэн тохирогч улсууд өөрөөр шийдвэрлэхгүй бол залруулсан эх бичвэр алдаатай эх бичвэрийг ab initio орлоно.
Бүртгэгдсэн гэрээний эх бичвэрийг залруулсан тухайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.
Хэрэв гэрээний баталгаатай хуулбарт алдаа илэрвэл гэрээ хадгалагч түүнийг залруулсан тухай протокол үйлдэж, хуулбарыг гэрээнд гарын үсэг зурсан болон хэлэлцэн тохирогч улсуудад илгээнэ.
Гэрээг хүчин төгөлдөр болсны дараа бүртгүүлэх буюу хэрэгт хадгалуулах, тухайн тохиолдлоос хамааран жагсаалтад оруулах болон нийтлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.
Гэрээ хадгалагчийг томилсноор дээрх хэсэгт дурдсан үйлдлийг гүйцэтгэх эрхийг түүнд олгоно. VIII ХЭСЭГ. ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний аль нэг төрөлжсөн байгууллага буюу Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гишүүн бүх улс, эсхүл Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцийн оролцогч болохыг уриалсан аливаа бусад улс 1969 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1970 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
81 дүгээр зүйлд дурдсан зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
Энэхүү конвенц гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
Гучин тав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс тус бүрийн тухайд батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.
Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав. Нэг мянга есөн зуун жаран есөн оны тавдугаар сарын хорин гуравны өдөр Вена хотноо үйлдэв. ХАВСРАЛТ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мэргэжлийн хуульчдаас эвлэрүүлэх зуучлагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж хөтөлнө. Эл зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн буюу энэхүү конвенцид оролцогч улс бүр эвлэрүүлэх зуучлагч хоёр хүнийг томилохыг санал болгох бөгөөд ийнхүү томилогдсон хүмүүсийн нэрсээр дээрх жагсаалтыг гаргана. Гэнэт чөлөөлөгдсөн орон тоог нөхөхийн тулд томилсон эвлэрүүлэх зуучлагчдыг оролцуулан бүх эвлэрүүлэх зуучлагчдыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд энэ хугацааг дахин сунгаж болно. Эвлэрүүлэх зуучлагчийн томилолтын хугацаа дуусахад тэрээр дараахь хэсгийн дагуу сонгогдож биелүүлэх ёстой аливаа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.
Хэрэв 66 дугаар зүйлийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт ирүүлбэл тэрээр маргааныг дор дурдсан журмаар байгуулагдсан эвлэрүүлэх комисст шилжүүлнэ: Маргаанд оролцогч нэг тал болох улс буюу улсууд: (a) тэрхүү улсын буюу тэдгээр улсын аль нэгний иргэн бөгөөд 1 дэх хэсэгт дурдсан жагсаалтад орсон хүмүүсээс, эсхүл өөр хүмүүсээс эвлэрүүлэх зуучлагч нэгийг томилно; (b) тэрхүү улсын буюу тэдгээр улсын аль нэгний иргэн биш бөгөөд дээр дурдсан жагсаалтад нэр нь орсон эвлэрүүлэх зуучлагч нэгийг томилно. Маргаанд оролцогч нөгөө тал болох улс буюу улсууд дээрхийн адилаар эвлэрүүлэх хоёр зуучлагчийг томилно. Талуудын сонгож авч байгаа эвлэрүүлэх дөрвөн зуучлагч холбогдох хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш жаран хоногийн дотор томилогдсон байна. Эдгээр эвлэрүүлэх дөрвөн зуучлагч тэдний хамгийн сүүлчийнхийг томилсон өдрөөс хойш жаран хоногийн дотор жагсаалтад орсон хүмүүсээс тав дахь эвлэрүүлэх зуучлагчийг томилох бөгөөд тэр нь дарга болно. Хэрэв дарга буюу эвлэрүүлэх бусад зуучлагчдын аль нэгийг дээр заасан хугацаанд томилохгүй бол уг хугацаа дууссан өдрөөс хойш жаран хоногийн дотор Ерөнхий нарийн бичгийн дарга тэднийг томилно. Даргыг жагсаалтанд орсон хүмүүсээс, эсхүл Олон улсын эрх зүйн комиссын гишүүдээс Ерөнхий нарийн бичгийн дарга томилж болно. Томилолт хийх ёстой аль ч хугацааг маргаанд оролцогч талуудын тохиролцсоноор сонгож болно. Аливаа сул орон тоог нөхөхдөө анх томилсон журмыг баримтална.
Эвлэрүүлэх комисс горимоо өөрөө тогтооно. Саналаа амаар буюу бичгээр өгөхийг комиссоос маргаанд оролцогч талуудын зөвшөөрснөөр гэрээний аль ч оролцогчид санал болгож болно. Комисс шийдвэр буюу зөвлөмжийг таван гишүүний олонхийн саналаар гаргана.
Комисс маргааныг эвээр шийдвэрлэхийг хөнгөвчлөх аливаа арга хэмжээнд маргаанд оролцогч талуудын анхаарлыг хандуулж болно.
Комисс талуудын мэдүүлгийг сонсож тэдгээрийн гомдол, татгалзах саналыг хэлэлцэхийн зэрэгцээ маргааныг эвээр шийдвэрлэхэд чиглэсэн саналаа талуудад танилцуулна.
Комисс байгуулагдсан өдрөөсөө хойш арван хоёр сарын дотор тайлангаа гаргах ёстой. Энэхүү тайланг Ерөнхий нарийн бичгийн даргад илгээж маргаанд оролцогч талуудад хүргүүлнэ. Комиссын тайлан болон түүнд дурдсан үйл баримт буюу эрх зүйн асуудлын тухай аливаа дүгнэлт нь талуудын тухайд заавал биелүүлэх хүчингүй бөгөөд зөвхөн маргааныг эвээр шийдвэрлэхийг хөнгөвчлөхийн тулд талуудад хэлэлцүүлэхээр санал болгож буй зөвлөмжийн шинжтэй байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Комисст шаардагдаж болох тусламж, хангамж олгоно. Комиссын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна.