Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › Хавсралт 1 С Худалдаанд Хамаарах Оюуны Өмчийн Эрхийн Тухай Хэлэлцээр Гишүүд,

konvents

Хавсралт 1 С Худалдаанд Хамаарах Оюуны Өмчийн Эрхийн Тухай Хэлэлцээр Гишүүд,

Хүчин төгөлдөр

Хавсралт 1 С Худалдаанд Хамаарах Оюуны Өмчийн Эрхийн Тухай Хэлэлцээр Гишүүд,

1994-04-15, Улаанбаатарkonv-128

Олон улсын худалдаан дахь гажуудал, саадыг багасгах болон оюуны өмчийн эрхийг үр дүнтэй, зохистойгоор хамгаалахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээг харгалзан оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллагаа нь өөрөө хууль ёсны худалдаанд саад болохгүй байх явдлыг хангахыг хүсч, технологийн найдвартай, дэвшилттэй суурь бүрдүүлэх чадвартай болгохын тулд нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад хууль, журмыг дотооддоо хамгийн уян хатан хэрэгжүүлэх тусгай хэрэгцээ байгааг мөн хүлээн зөвшөөрч; оюуны өмчийн худалдаанд хамаарах асуудлаархи маргааныг олон талт журмаар шийдвэрлэж байх талаар улам хатуу үүрэг амлалт авах замаар хүндрэлийг багасгахын чухлыг онцлон тэмдэглэж; ДХБ болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага (энэхүү хэлэлцээрт цаашид “ДОӨБ“ гэнэ) түүнчлэн олон улсын холбогдох бусад байгууллагын хооронд харилцан дэмжсэн харилцаа тогтоохыг хүсч;

I ХЭСЭГНИЙТЛЭГ ЗААЛТ, ҮНДСЭН ЗАРЧИМ
1 дугаар зүйл.Үүргийн мөн чанар, хамрах хүрээ

Гишүүд энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлнэ. Гишүүд энэхүү хэлэлцээрт зааснаас илүү өргөн хүрээнд хамгаалалтыг тогтоож болох боловч заавал энэ төрлийн үүрэг хүлээхгүй, чингэхдээ тэр хамгаалалт нь энэхүү хэлэлцээрийн заалтад харшлахгүй байвал зохино. Гишүүд энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх зохистой арга хэмжээг эрх зүйн тогтолцоо, дадлынхаа хүрээнд чөлөөтэй тодорхойлно. Энэхүү хэлэлцээрийн зорилгод “оюуны өмч“ гэдэгт II хэсгийн 1-7 дугаар ангид заасан оюуны өмчийн бүх салбарыг хамруулна. Гишүүд энэхүү хэлэлцээрт заасан журамд бусад гишүүний харьяатыг хамруулна. Оюуны өмчийн эрхийн хувьд бусад гишүүний харьяат гэдэгт ДХБ-ын бүх гишүүн нь байх Парисын конвенц (1967), Бернийн конвенц (1971), Ромын конвенц, Бичил бүдүүвчийн талаархи оюуны өмчийн тухай гэрээнд заасан хамгаалалтыг эдлэх шаардлагын шалгуурыг хангахуйц хувь хүн, хуулийн этгээд гэж ойлгоно. Ромын конвенцийн 5 дугаар зүйлийн (3) дахь хэсэг эсхүл 6 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан боломжийг ашиглаж байгаа аливаа гишүүн тэдгээр заалтын дагуу Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудал эрхлэх зөвлөл (цаашид “ХХОӨЭЗ” гэнэ)-д мэдэгдэл өгнө.

2 дугаар зүйл.Оюуны өмчийн конвенцууд

Гишүүд энэхүү хэлэлцээрийн II, III, IV хэсгийн хувьд Парисын конвенц (1967)-ийн 1-12, түүнчлэн 19 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө. Энэхүү хэлэлцээрийн I-IV хэсгийн аль ч заалт Парисын конвенц, Бернийн конвенц, Ромын конвенц, Бичил бүдүүвчийн тухай оюуны өмчийн тухай гэрээний дагуу гишүүдийн бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй.

3 дугаар зүйл.Үндэсний нөхцөл

Гишүүн бүр оюуны өмчийн хамгаалалтын хувьд өөрийн харьяатад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөлийг бусад гишүүний харьяатад олгоно, гэхдээ Парисын конвенц (1967), Бернийн конвенц (1971), Ромын конвенц, эсхүл Бичил бүдүүвчийн талаарх оюуны өмчийн тухай гэрээнд заасан онцгой тохиолдол үүнд хамаарахгүй. Тоглогч, дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, нэвтрүүлэгч байгуулагын хувьд энэ үүрэг нь зөвхөн энэхүү хэлэлцээрт заасан эрхийн хувьд хэрэглэгдэнэ. Бернийн конвенц (1971)-ийн 6 дугаар зүйл, эсхүл Ромын конвенцийн 16 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан боломжийг ашиглаж байгаа аливаа гишүүн тэдгээр заалтын дагуу ХХОӨЭЗ -д мэдэгдэл өгнө. Гишүүд харьяаллын хүрээнд шүүх болон захиргааны журмаар явуулах ажиллагааны хувьд (1) дэх хэсгийн дагуу зөвшөөосөн хаяг тогтоох буюу агент томилох зэрэг онцгой тохиолдлыг ашиглаж болно, гэхдээ уг онцгой тохиолдол нь энэхүү хэлэлцээрийн заалттай зөрчилдөөгүй хууль, журмыг дагаж мөрдөх явдлыг баталгаажуулахад зөвхөн шаардлагатай бөгөөд тэрхүү дадлыг худалдаанд нуугдмал хязгаарлалт болох байдлаар хэрэглэхгүй нөхцөлд тийнхүү ашиглаж болно.

4 дугаар зүйл.Нэн тааламжтай үндэсний нөхцөл

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хувьд аль ч орны иргэдэд гишүүнээс бусад аль ч орны иргэдэд олгож буй давуу байдал, тааламжтай байдал, эрх ямба буюу дархан эрхийг бусад бүх гишүүний харьяатад ямарваа болзолгүйгээр нэн даруй олгоно. Гишүүн олгож буй дараахь давуу байдал, тааламжтай байдал, эрх ямба буюу дархан эрх энэ үүргээс чөлөөлөгдөнө: оюуны өмчийг хамгаалах асуудлаар тусгайлан хязгаарлаагүй, ерөнхий чанарын шүүхийн туслалцааны буюу хууль хэрэгжүүлэх тухай олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан; олгосон нөхцөл нь үндэсний нөхцөл биш, харин бусад улсад олгох нөхцөлийг зөвшөөрсөн Бернийн конвенц (1971) буюу Ромын конвенцийн заалтын дагуу олгосон; энэхүү хэлэлцээрт заагаагүй тоглогч, дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, нэвтрүүлэгч байгууллагын эрхтэй холбоотой бол; ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө хүчин төгөлдөр болсон оюуны өмчийг хамгаалах тухай олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан, чингэхдээ тэдгээр хэлэлцээрийн талаар ХХОӨЭЗ -д мэдэгдсэн бөгөөд бусад гишүүний харьяатыг үндэслэлгүйгээр буюу шударга бусаар алагчилахгүй байвал зохино.

5 дугаар зүйл.Хамгаалалт олж авах буюу хадгалах тухай олон талт хэлэлцээр

3, 4 дүгээр зүйлд заасан үүргийг оюуны өмчийн эрхийг олж авах буюу хадгалах асуудлаар ДОӨБ-ын ивээл дор байгуулсан олон талт хэлэлцээрүүдэд заасан журамд хэрэглэхгүй.

6 дугаар зүйл.Дуусгавар болох

3, 4 дүгээр зүйлийг дагаж мөрдөхийн хамт энэхүү хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулах зорилгоор энэхүү хэлэлцээрийн аль ч заалтыг оюуны өмчийн эрх дуусгавар болох асуудлыг хэлэлцэхэд хэрэглэхгүй.

7 дугаар зүйл.Зорилт

Оюуны өмчийн эрхийг хамгаалж, хэрэгжүүлэх нь технологийн шинэ санаачлагыг дэмжих, технологийг дамжуулж, дэлгэрүүлэх, технологийн мэдлэгийг үйлдвэрлэгч болон ашиглагчид харилцан ашигтай байх, боломжтой байдлаар нийгэм, эдийн засгийн аж байдалд тааламжтай байдлаар нөлөөлөх ба түүнчлэн эрх, үүргийг тэнцвэржүүлэхэд хувь нэмэр оруулах нь зүйтэй.

8 дугаар зүйл.Зарчим

Гишүүд хууль, журмаа боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, нийгэм-эдийн засаг, технологийн хөгжилд амин чухал салбарт олон нийтийн ашиг сонирхлыг дэмжихэд шаардлагатай арга хэмжээг авч болох бөгөөд энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байвал зохино. Оюуны өмчийн эрхийг эрх эзэмшигчийн зүгээс урвуулан ашиглахаас эсхүл худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах буюу олон улсын хүрээнд технологи дамжуулахад сөргөөр нөлөөлөх дадлыг ашиглахаас урьдчилан сэргийлэхэд авах зохистой арга хэмжээ нь хэрэв тэдгээр нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцэж байгаа бол шаардлагатай байж болно.

9 дугаар зүйл.Бернийн конвенцид хамаарах нь

Гишүүд Бернийн конвенц (1971)-ийн 1-21 дүгээр зүйл болон түүний хавсралтыг дагаж мөрдөнө. Гэхдээ гишүүд нь тэр конвенцийн 6 bis зүйлээр олгосон эрх буюу түүнээс үүдэн гарах эрхийн хувьд энэхүү хэлэлцээрийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээхгүй. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь биелэлээ олсон зүйлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга эсхүл математикийн үзэл баримтлалд хамаарахгүй.

10 дугаар зүйл.Компьютерийн программ мэдээллийн эмхтгэл

Компьютерийн программын эх сурвалж буюу кодлосон байдлаас үл хамааран Бернийн конвенцийн дагуу утга зохиолын бүтээлийн нэгэн адил хамгаална. Машинаар унших боломжтой буюу өөр хэлбэрт байгаа агуулгын сонголт, найруулгаас шалтгаалан оюуны бүтээл болж буй мэдээллийн эмхтгэл буюу бусад материал оюуны бүтээлийн үр дүн болж байвал энэ утгаараа хамгаалагдана. Энэ хамгаалалт нь тоон мэдээ болон уг материалд хамаарахгүй бөгөөд тухайн тоон мэдээ буюу уг материалд агуулагдаж буй зохиогчийн эрхийг хөндөхгүй.

11 дугаар зүйл.Түрээслэх эрх

Компьютерийн программ болон кино урлагийн бүтээлийн хувьд, гишүүн нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийнхээ жинхэнэ эх буюу хуулбарыг олон нийтэд худалдааны зорилгоор түрээслэхийг зөвшөөрөх буюу хориглох эрхийг зохиогч болон тэдгээрийн эрх залгамжлагчид олгоно. Тийнхүү түрээсэлсэн нь тухайн гишүүнээс зохиогч болон эрх залгамжлагчид олгосон хуулбарлан олшруулах онцгой эрхийг бодит байдлаар зөрчих тэдгээр бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол кино урлагийн бүтээлийн хувьд гишүүн нь энэ үүргээс чөлөөлөгдөнө. Компьютерийн программын хувьд уг программ нь хөлслүүлэх үндсэн зүйл биш бол энэ үүрэг хамаарахгүй.

12 дугаар зүйл.Хамгаалах хугацаа

Фото зургийн буюу хавсарга урлагийн бүтээлээс бусад бүтээлийг хамгаалах хугацааг хүний амьдралын хугацаанаас өөр үндэслэлээр тооцохдоо ийм хугацаа нь зөвшөөрлийн дагуу хэвлэн нийтэлсэн хуанлийн жилийн эцсээс хойш тавин жилээс багагүй, эсхүл бүтээлийг туурвиснаас хойш тавин жилийн хугацаанд хэвлэн нийтлэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд тийнхүү туурвисан хуанлийн жилийн эцсээс хойш тавин жилээс багагүй байна.

13 дугаар зүйл.Хязгаарлалт болон онцгой тохиолдол

Гишүүд бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндөхгүй онцгой тохиолдолд онцгой эрхэд хязгаарлалт эсхүл онцгой нөхцөл тогтоож болно.

14 дугаар зүйл.Тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, нэвтрүүлэх байгууллагын эрхийг хамгаалах

Тоглогч тоглолтоо дуу авианы бичлэгт бичих талаар түүний зөвшөөрөлгүйгээр дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх боломжтой: бичигдээгүй тоглолтыг нь бичлэгт буулгах болон тийм бичлэгийг олшруулан хуулбарлах. Тоглогчийн зөвшөөрөлгүйгээр явагдсан дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх боломжтой: амьд тоглолтоо шугаман бус холбоогоор олон нийтэд нэвтрүүлэх. Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч өөрийн дуу авианы бичлэгийг шууд буюу шууд бусаар олшруулан хуулбарлахыг зөвшөөрөх буюу хориглох эрх эдлэнэ. Нэвтрүүлэх байгууллага нь дараахь үйлдлийг түүний зөвшөөрөлгүйгээр хийхээс хориглох эрхтэй: бичлэг хийх, бичлэгийг олшруулан хуулбарлах, шугаман бус холбоогоор нэвтрүүлгийг дахин нэвтрүүлэх, түүнчлэн нэвтрүүлгийг телевизээр олон нийтэд мэдээлэх. Гишүүд хэрэв ийм эрхийг нэвтрүүлэгч байгууллагад олгодохгүй бол нэвтрүүлгийн хувьд зохиогчийн эрх эзэмшигчид дээр дурдсан үйлдлээс (Бернийн конвенц (1971)-ийн заалтын дагуу) урьдчилан сэргийлэх боломж олгоно. Компьютерийн программын талаархи 11 дүгээр зүйлийн заалтыг дуу авианы бичлэг үйлдвэрлэгч болон аль нэг гишүүний хуульд тодорхойлсон дуу авианы бичлэг дэх аливаа бусад эрх эзэмшигчид хэрэглэнэ. Хэрэв гишүүн улсад 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэгээ хөлслүүлсний төлөө эрх эзэмшигчид нь зохих урамшуулал төлдөг тогтолцоо үйлчилж байгаа бол тухайн гишүүн тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэгийг хөлслүүлэх нь хуулбарлан олшруулах эрх эзэмшигчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино. Энэхүү хэлэлцээрийн дагуу тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эдлэж болох хамгаалалтын хугацаа нь бичлэг хийсэн буюу тоглолт болсон хуанлийн жилийн эцсээс хойш наад зах нь тавин жил үргэлжилнэ. (3) дахь хэсгийн дагуу олгосон хамгаалалтын хугацаа нь нэвтрүүлгийг нэвтрүүлсэн хуанлийн жилийн эцсээс хойш наад зах нь хорин жил үргэлжилнэ. (1), (2), (3) дахь хэсгийн дагуу олгосон эрхийн талаар аливаа гишүүн Ромын конвенцоор зөвшөөрсөн хэмжээнд нөхцөл, хязгаарлалт, онцгой тохиолдол тогтоох бөгөөд тайлбар хийж болно. Гэхдээ Бернийн конвенц (1971)-ийн 18 дугаар зүйлийн заалтыг тоглогч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрхэд хэрэглэнэ. 2 дугаар анги: Барааны тэмдэг

15 дугаар зүйл.Хамгаалагдвал зохих зүйл

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг нэг этгээдийн бараа буюу үйлчилгээг бусад этгээдийнхээс ялгаж буй тэмдэг, тэмдгийн хослолыг барааны тэмдэгт тооцож болно. Хувь хүний нэр, үсэг, тоо, дүрс, өнгөний хослолыг багтаасан үг бүхий тэмдэг, тэмдгийн хослолыг барааны тэмдгээр бүртгэж болно. Хэрэв тэмдэг нь шинж чанарын хувьд холбогдох бараа буюу үйлчилгээг ялгах чадваргүй бол гишүүд тэмдгийн бүртгэлийг ашиглалтын явцад бий болсон ялгагдах чадвараас хамааруулж болно. Гишүүд тэмдгийн ялгагдах шинжийг бүртгэх нөхцөл болгон шаардаж болно. Аль нэг гишүүн өөр үндэслэлээр барааны тэмдгийг бүртгэхээс татгалзахад саад болно гэж (1) дэх хэсгийг ойлгож болохгүй бөгөөд чингэхдээ тэдгээр үндэслэл нь Парисын конвенц (1967)-ийн заалтыг зөрчихгүй байвал зохино. Гишүүд ашиглалтыг бүртгэх шалгуур болгож болно. Гэхдээ барааны тэмдгийн жинхэнэ бодит хэрэглээг бүртгүүлэх мэдүүлэг гаргах нөхцөл болгож болохгүй. Мэдүүлэг гаргаснаас хойш гурван жилийн хугацаа дуусахаас өмнө хэрэглээгүй гэсэн ганцхан үндэслэлээр мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж болохгүй. Барааны тэмдэг хэрэглэх бараа буюу үйлчилгээний мөн чанар нь барааны тэмдгийг бүртгэхэд ямар ч тохиолдолд саад болохгүй. Гишүүд барааны тэмдгийг бүртгэхээс өмнө буюу бүртгэсний дараа даруй нийтлэх бөгөөд бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргах бодитой боломж олгоно. Үүнээс гадна гишүүд барааны тэмдгийн бүртгэлийг эсэргүүцэж болно.

16 дугаар зүйл.Олгосон эрх

Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө олгосон эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжинд нөлөөлөхгүй. Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг үйлчилгээнд байдлаар хэрэглэнэ. Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана. Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээнээс өөр бараа буюу үйлчилгээнд хэрэглэх бөгөөд чингэхдээ тэдгээр бараа буюу үйлчилгээнд хамаарах тэр барааны тэмдгийг хэрэглэх нь тэдгээр бараа буюу үйлчилгээ болон бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хоорондын холбоог харуулахуйц, түүнчлэн тийнхүү хэрэглэснээр бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн ашиг сонирхол зөрчигдөж болохыг анхаарна.

17 дугаар зүйл.Онцгой тохиолдол

Гишүүд нь барааны тэмдэг эзэмшигч болон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хөндөх, дүрсэлсэн илэрхийллийг зүй зохистой ашиглах гэх иэт хязгаарлагдмал нөхцөл байдлыг тогтоож болно.

18 дугаар зүйл.Хамгаалах хугацаа

Барааны тэмдгийг анх бүртгэх болон бүртгэлийг сунгах хугацаа нь тус бүр долоон жилээс хэтрэхгүй байна. Барааны тэмдгийн бүртгэлийг хэдэн ч удаа сунгаж болно.

19 дугаар зүйл.Ашиглалтын шаардлага

Хэрэв ашиглалт нь бүртгэлийг хүчинтэй хадгалахад шаардлагатай болж байвал тэмдэг нь наад зах нь тасралтгүй 3 жилийн хугацаанд ашиглагдаагүй бөгөөд барааны тэмдгийн эзэмшигч нь тийнхүү хэрэглэхэд саад болсон бодит шалтгааныг нотлоогүй бол бүртгэлийг хүчингүй болгож болно. Барааны тэмдгээр хамгаалагдсан бараа буюу үйлчилгээнд импортын хязгаарлалт эсхүл засгийн газраас бусад шаардлага тавьсан зэргээр барааны тэмдэг хэрэглэхэд саад учруулж буй барааны тэмдэг эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлыг барааны тэмдэг ашиглаагүйн бодит шалтгаан болно. Барааны тэмдгийн эзэмшигчийн хяналтан дор өөр этгээд барааны тэмдгийг ашигласныг барааны тэмдгийн бүртгэлийг хүчинтэй байлгах зорилгоор ашиглаж байна гэж үзнэ.

20 дугаар зүйл.Бусад шаардлага

Барааны тэмдгийг барааны өөр тэмдгийн хамт ашиглах, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг нэг этгээдийн бараа буюу үйлчилгээг бусад этгээдийнхээс ялгах чадварт нь хохирол учруулах байдлаар буюу онцгой хэлбэрээр ашиглах зэрэг тусгай шаардлагаар барааны тэмдгийг худалдааны явцад ашиглахад үндэслэлгүй хязгаарлалт хийж болохгүй. Энэ нь хоорондоо холбоогүй бараа буюу үйлчилгээг хамт эрхэлдэг этгээдийг тодорхойлж буй барааны тэмдгийг тэр этгээдийн тодорхой бараа буюу үйлчилгээг ялгаж буй барааны тэмдгийг ашиглах шаардлагыг үгүйсгэхгүй.

21 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх

Гишүүд барааны тэмдгийн тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх нөхцөлийг тодорхойлж болно, чингэхдээ үүнийг барааны тэмдгийн тусгай зөвшөөрөлийг албадан олгохыг зөвшөөрөхгүй бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдгийн хамаарч буй аж ахуйн үйл ажиллагааг шилжүүлэх эсхүл шилжүүлэлгүйгээр эрхээ шилжүүлэх эрх эдлэнэ гэж ойлгоно. 3 дугаар анги: Газар зүйн заалт

22 дугаар зүйл.Газар зүйн заалтыг хамгаалах

Энэхүү хэлэлцээрийн зорилгод газар зүйн заалт нь барааг барааны чанар, нэр хүнд буюу онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй холбоотой аль нэг гишүүний нутаг дэвсгэрт, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн аль нэг бүс буюу газар нутагт үйлдвэрлэсэн болохыг илэрхийлсэн заалт болно. Гишүүд газар зүйн заалтын хувьд сонирхогч талуудын ашиг сонирхлын үүднээс дараахь үйлдлээс урьдчилан сэргийлэх эрх зүйн арга хэмжээг авбал зохино: тухайн барааны газар зүйн гарлын талаар олон нийтийг төөрөгдөлд оруулах байдлаар тухайн барааг үйлдвэрлэсэн жинхэнэ газраас нь өөр газарт үйлдвэрлэсэн мэтээр үзүүлж буй аргыг барааны тодорхойлолт, танилцуулгад ашиглах; Парисын конвенц (1967)-ийн 10 bis зүйлийн утга агуулгын хүрээнд шударга бус өрсөлдөөний үйлдэл болгон ашиглах. Тухайн барааг газар зүйн заалтад нь заасан нутаг дэвсгэрт үйлдвэрлээгүй талаар нутаг дэвсгэрийн газар зүйн заалтыг агуулж буй буюу тийм заалтаас бүрдэх барааны тэмдгийг хэрэв тэр гишүүн оронд тухайн барааны тэмдэгт тухайн заалтыг хэрэглэх нь тухайн барааны гарлын жинхэнэ газрын талаар олон нийтийг төөрөгдөлд оруулах мөн чанар бүхий байвал гишүүн хууль тогтоомжид нь тийнхүү зөвшөөрсөн бол, эсхүл сонирхогч талын хүсэлтээр уг барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах буюу бүртгэлийг нь хүчингүйд тооцож болно. Барааг үйлдвэрлэсэн нутаг дэвсгэр, бүс, газар нутгийг зөв заасан хэдий ч өөр нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн гэх буруу ойлголт олон нийтэд өгч буй газар зүйн заалтын эсрэг (1), (2), (3) дахь хэсэгт заасан хамгаалалтыг хэрэглэнэ.

23 дугаар зүйл.Дарс, спиртийн бүтээгдэхүүний газар зүйн заалтад олгох нэмэлт хамгаалалт

Гишүүн тус бүр барааны жинхэнэ гарлыг заасан эсхүл газар зүйн заалтыг орчуулж хэрэглэсэн буюу “хэлбэр“, “төрөл“, “загвар“, “дууриамал“ буюу тийм бусад хэллэг ашигласан хэдий ч дарсыг тухайн газар зүйн заалтад заасан газраас гаралтай биш дарс мэтээр тодорхойлсон эсхүл спиртийг тухайн газар зүйн заалтад заасан газраас гаралтай биш спирт мэтээр тодорхойлсон газар зүйн заалтыг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломжоор сонирхогч талуудыг хангана. Дарсыг тодорхойлсон газар зүйн заалт агуулсан буюу тийм заалтаас бүрдсэн дарсны барааны тэмдэг эсхүл спиртийг тодорхойлсон газар зүйн заалт агуулсан буюу тийм заалтаас бүрдсэн барааны тэмдгийг бүртгэхээс тйим гарал үүсэлгүй дарс буюу спиртийн хувьд аль нэг гишүүний хууль тогтоомжоор зөвшөөрсөн, эсхүл сонирхогч талын хүсэлтээр татгалзаж буюу хүчингүй болгож болно. Дарсны газар зүйн заалт нь ижил тохиолдолд газар зүйн заалт тус бүрт 22 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг баримтлан хамгаалалт олгоно. Гишүүн тус бүр холбогдох үйлдвэрлэгчдэд тэгш шударга нөхцөл олгох, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахгүй байх хэрэгцээг харгалзан ижил заалт болон хоорондоо ялгагдах бодит нөхцөлийг тодорхойлно. Дарсны газар зүйн заалтын хамгаалалтыг хөнгөвчлөн дэмжихийн тулд дарсны газар зүйн заалтын тухай мэдэгдэж, бүртгэх олон талт тогтолцоог уг тогтолцоонд оролцож буй гишүүн орнуудад хамгаалалтад хамрагдах дарсны газар зүйн заалтын хувьд байгуулах хэлэлцээг ХХОӨЭЗ -ийн хүрээнд хийнэ.

24 дугаар зүйл.Олон улсын хэлэлцээ; Онцгой тохиолдол

Гишүүд 23 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн бие даасан тодорхой заалтыг хамгаалах зорилгоор хэлэлцээ хийхээр харилцан тохиролцож байна. Аль нэг гишүүн хэлэлцээ явуулах, хоёр болон олон талт хэлэлцээр байгуулахаас татгалзах зорилгоор доорхи (4)-(8) дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй. Ийм хэлэлцээний хүрээнд гишүүд ашиглалт нь ийм хэлэлцээний сэдэв болсон бие даасан тодорхой газар зүйн заалтын хувьд эдгээр заалтыг байнга үргэлжлүүлэн хэрэглэх хүсэлтэй байна. ХХОӨЭЗ энэ ангийн заалтын хэрэгжилтийг байнга хянан үзэж байна: эхний удаад ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор хянан үзнэ. Эдгээр заалтаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэхэд сөргөөр нөлөөлж буй аливаа асуудлыг зөвлөл анхааралдаа авах бөгөөд зөвлөл нь холбогдох гишүүд хоёр болон олон талт зөвлөлгөөний шугамаар хангалттай шийдвэрт хүрч чадаагүй асуудлын талаар аль нэг гишүүний хүсэлтээр аливаа бусад гишүүн буюу гишүүдтэй зөвлөлдөнө. Зөвлөл энэ ангийн үйлчлэлийг хөнгөвчлөн дэмжих, зорилтод нь хүргэх талаар тохиролцож болох арга хэмжээ авна. Аль нэг гишүүн энэ ангийг хэрэгжүүлэхдээ ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнөхөн тухайн гишүүн оронд хэрэглэж байсан газар зүйн заалтын хамгаалалтыг бууруулахгүй. Аль нэг гишүүний нутаг дэвсгэрт 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө (а) наад зах нь арван жил, эсхүл (b) тэр өдрөөс өмнө сайн санааны үүднээс харьяат буюу байнга оршин суугчдын бараа буюу үйлчилгээний хувьд өөр гишүүний газар зүйн заалтаар дарс буюу спиртийг тодорхойлж байнга үргэлжлүүлэн ашиглаж ирсэн бол газар зүйн тухайн заалтыг цаашид үргэлжлүүлэн буюу төсөөтэй байдлаар ашиглахад саад болохыг энэ ангийн аль ч заалт уг гишүүнээс шаардахгүй. Дараахь хугацаанаас өмнө барааны тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүний бүртгэл санамсаргүйгээр хийгдсэн буюу санамсаргүйгээр ашиглах замаар олж авсан тохиолдолд энэ ангийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ нь барааны тэмдгийн бүртгэл болон бүртгэл хүчин төгөлдөр байх, эсхүл барааны тэмдгийг ашиглах эрхийг ийм барааны тэмдэг нь газар зүйн заалттай ижил буюу төсөөтэй гэсэн үндэслэлээр хохирол учруулахгүй: тухайн гишүүн эдгээр заалтыг VI хэсэгт заасны дагуу хэрэглэж эхлэх өдөр; газар зүйн заалтыг гарлын оронд хамгаалж эхлэх өдөр. Энэ ангийн аль ч заалт аливаа өөр гишүүний газар зүйн заалтын хувьд тухайн заалт нь газар зүйн заалтыг бараа, үйлчилгээний газар зүйн тухайн гишүүний нутаг дэвсгэрт тухайн бараа буюу үйлчилгээнд нийтлэг нэр гэж нийтээр хэлж заншсан нэр томъёотой ижил бол энэ ангийн заалтыг хэрэглэхийг уг гишүүнээс шаардахгүй. Энэ ангийн аль ч заалт аливаа өөр гишүүний дарсны бүтээгдэхүүний газар зүйн заалтын хувьд тухайн заалт нь ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн гишүүний нутаг дэвсгэрт байгаа усан үзмийн төрлийн заншсан нэртэй ижил бол заалтыг хэрэгжүүлэхийг шаардахгүй. Хамгаалагдсан заалтыг буруу ашиглаж байгаа нь тухайн гишүүн оронд нийтэд илэрхий болсноос хойш, эсхүл буруу ашиглаж байгаа нь тухайн гишүүн оронд нийтэд илэрхий болохоос өмнө барааны тэмдэг бүртгэгдсэн огноондоо хэвлэгдсэн бол барааны тэмдгийг бүртгэснээс хойш таван жилийн дотор эсвэл барааны тэмдгийг ашиглах буюу бүртгүүлэхтэй холбогдох хүсэлтийг энэ ангийн дагуу гаргахаар аль нэг гишүүн тогтоож болно, чингэхдээ тухайн газар зүйн заалт санаатайгаар ашиглагдахгүй буюу бүртгэглэхгүй байвал зохино. Аливаа этгээд худалдааны явцад нэрээ, эсхүл тухайн бизнес дахь өмнөх хүнийхээ нэрийг хэрэглэх эрхийг олон нийтийг төөрөгдөлд оруулах байдлаар хэрэглэхээс бусад тохиолдолд энэ ангийн заалт ямар ч тохиолдолд хөндөхгүй. Гарлын оронд нь хамгаалаагүй буюу хамгаалахаа больсон, эсхүл ашиглахаа больсон газар зүйн заалтыг хамгаалах үүрэг энэхүү хэлэлцээрээр үүсэхгүй. 4 дүгээр анги: Бүтээгдэхүүний загвар

25 дугаар зүйл.Хамгаалалтад тавих шаардлага

Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц загвар биш гэж үзэж болно. Гишүүдийн хамгаалалтыг техникийн буюу гүйцэтгэх үүрэгтэй холбогдолтойгоор голлон үүссэн загварт хамгаалалтад олгохгүй байж болно. Сүлжмэл эдлэлийн загварын хамгаалалтад тавих шаардлага, ялангуяа аливаа зардал, түүнчлэн шүүлт хийх, эсхүл нийтлэхтэй холбогдсон шаардлага нь ийм хамгаалалтыг эрэлхийлэх болон олж авах боломжид үндэслэлгүйгээр хор уршиг учруулахгүй байх явдлыг гишүүн тус бүр хангана. Гишүүд энэ үүргээ бүтээгдэхүүний загварын тухай хууль эсхүл зохиогчийн эрхийн тухай хуулиар биелүүлэх нь чөлөөтэй байна.

26 дугаар зүйл.Хамгаалалт

Хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигч нь хамгаалагдсан загварын хуулбар буюу тодорхой хэмжээнд хуулбарласан загварыг агуулсан буюу илэрхийлсэн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдааны зорилгоор гуравдагч талуудад үйлдвэрлэх, худалдах, эсхүл импортлохыг хориглох эрхтэй. Гишүүд гуравдагч талын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан бүтээгдэхүүний загварын хамгаалалтад онцгой тохиолдол хязгаартайгаар тогтоож болох бөгөөд чингэхдээ ийм онцгой тохиолдол нь хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг хэвийн ашиглалтад үндэслэлгүйгээр зөрчилдөх буюу хамгаалагдсан загварын эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндөж болохгүй. Хамгаалах хугацаа нь наад зах нь 10 жил байна. 5 дугаар анги: Патент

27 дугаар зүйл.Патент олгох зүйлс

(2), (3) дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт патентыг технологийн бүх салбар дахь шинэ бөгөөд шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой бүтээгдэхүүн буюу арга ажиллагаа болох аливаа шинэ бүтээлд олгоно. 65 дугаар зүйлийн (4) дэх хэсэг, 70 дугаар зүйлийн (8) дахь хэсэг, энэ зүйлийн (3) дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт бүтээсэн газар, технологийн салбар, мөн бүтээгдэхүүнийг импортлосон буюу дотоодод үйлдвэрлэснээр үл ялгаварлан патент олгож, патентын эрх эдлүүлнэ. Гишүүд үндэсний хуулиар ашиглахыг хориглосон гэдэгт үндэслэлгүйгээр шинэ бүтээлийг нутаг дэвсгэрт нь худалдааны журмаар ашиглахыг хүн, амьтан, ургамал буюу эрүүл мэндийг хамгаалах, эсхүл байгаль орчинд ноцтой хохирол учруулахаас сэргийлэх зэргээр ordre public буюу ёс суртахууныг хамгаалахад шаардлагатай шинэ бүтээлийг патент олгох зүйлээс хасч болно. Гишүүд мөн дараахь зүйлсийг патент олгохоос хасч болно: хүн болон амьтныг эмчлэх оношлогоо, эмчилгээ, мэс заслын арга; бичил биетнээс бусад ургамал болон амьтан, мөн ургамал, амьтнаас гаргаж авах биологийн бус болон бичил биологийн аргаас бусад биологийн арга. Гэхдээ гишүүд ургамлын төрөл зүйлийг патентаар буюу sui generis тогтолцоогоор, эсхүл тэдгээрийн хослолоор хамгаална. Энэ дэд хэсгийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жилийн дараа хянан үзнэ.

28 дугаар зүйл.Олгосон эрх

Патент нь түүний эзэмшигчид дараахь онцгой эрх олгоно: хэрэв патентыг бүтээгдэхүүнд олгосон бол түүний зөвшөөрөлгүйгээр уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах санал тавих, худалдах, эсхүл дээрх зорилгоор импортлохыг гуравдагч этгээдэд хориглох; хэрэв патентыг үйл ажиллагаанд олгох бол түүнийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр уг арга ажиллагааг ашиглах, мөн уг арга ажиллагаагаар шууд гарган авсан бүтээгдэхүүнийг ашиглах, худалдах санал тавих, худалдах, эсхүл эдгээр зорилгоор импортлохыг гуравдагч этгээдэд хориглох. Патент эзэмшигч нь мөн патентаа шилжүүлэх, өв залгамжлан үлдээх, түүнчлэн тусгай зөвшөөрөлийн гэрээ байгуулах эрхтэй.

29 дугаар зүйл.Патентын мэдүүлэг гаргагчид тавих нөхцөл

Гишүүд шинэ бүтээлээ тухайн салбарын мэргэжилтэн ашиглаж болохуйцаар хангалттай ойлгомжтой, бүрэн байдлаар илэрхийлэхийг патентын мэдүүлэг гаргагчаас шаардах бөгөөд мэдүүлэг гаргах өдөр, эсхүл давамгайлах огноо шаардсан бол мэдүүлгийн давамгайлах огнооны өдөр өөрт нь мэдэгдэж байгаа шинэ бүтээлийг ашиглах хамгийн сайн аргыг заахыг мэдүүлэг гаргагчаас шаардаж болно. Гишүүд гадаадад мэдүүлэг гаргасан болон патент авсан эсэх талаархи мэдээлэл гаргаж өгөхийг патентын мэдүүлэг гаргагчаас шаардаж болно.

30 дугаар зүйл.Олгосон эрхэд тогтоох онцгой тохиолдол

Гишүүд патентаар олгосон онцгой эрхэд хязгаар тогтоож болох бөгөөд чингэхдээ гуравдагч талуудын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан патентыг хэвийн ашиглахтай үндэслэлгүйгээр зөрчилдөх буюу патент эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр хохирол учруулахааргүй нөхцөлтэй байна.

31 дугаар зүйл.Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах бусад хэлбэр

Патент олгосон зүйлийг засгийн газар эсхүл засгийн газрын эрх олгосон гуравдагч тал ашиглах зэргээр эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад хэлбэрээр ашиглахыг аль нэг гишүүний хуулиар зөвшөөрсөн тохиолдолд дараахь заалтыг баримтална: ийнхүү ашиглах зөвшөөрөл нь тухайн зүйлийн бие даасан тодорхой шинж байдалд үндэслэнэ; ашиглах этгээд ашиглахаасаа өмнө худалдааны үндэслэлтэй нөхцөл, болзлоор эрх эзэмшигчээс зөвшөөрөл авахыг оролдсон бөгөөд уг оролдлого нь боломжит хугацааны дотор амжилт олоогүй тохиолдолд ийнхүү ашиглахыг зөвшөөрнө. Үндэсний онцгой байдал буюу бусад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эсхүл ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглах тохиолдолд аль нэг гишүүн энэ шаардлагаас татгалзаж болно. Гэхдээ үндэсний онцгой байдал буюу бусад онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд эрх эзэмшигчид аль болох боломжит хугацаанд яаралтай мэдэгдэнэ. Ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглах тохиолдолд засгийн газар буюу гэрээлэгч нь хүчин төгөлдөр патентыг засгийн газар өөрөө буюу засгийн газрын төлөө ашиглаж байгаа буюу ашиглах гэж байгааг патентын хайлт хийлгүйгээр мэдэж байгаа эсхүл мэдэх илэрхий үндэслэл байвал эрх эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ; ийнхүү ашиглах хүрээ, хугацааг зөвшөөрсөн зорилгоор хязгаарлах бөгөөд хагас дамжуулагчийн технологийн тохиолдолд зөвхөн ашгийн бус зорилгоор засгийн газар ашиглахад эсхүл шүүхийн буюу захиргааны журам хэрглэсний дараа өрсөлдөөний эсрэг хязгаарласан үйл ажиллагааг залруулж болно; энэ хэрэглээ нь онцгой бус байна; үйлдвэрийн газрын буюу ажил хэргийн нэр төрийн ийнхүү ашиглаж буй хэсэгтэй хамт шилжүүлэхээс бусад тохиолдолд ашиглалтыг шилжүүлж болохгүй; ийнхүү ашиглах зөвшөөрөл олгосон гишүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг юуны өмнө хангахаар ийнхүү ашиглахыг зөвшөөрнө; ийнхүү ашиглах зөвшөөрөл олгоход хүргэсэн нөхцөл байдал үгүй болж, дахин үүсэх үндэслэл багатай болсон бол ашиглах зөвшөөрлийг цуцлах бөгөөд чингэхдээ зөвшөөрөл авсан этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаална. Хэрэв тухайн нөхцөл байдалүргэлжилсээр байвал эрх бүхий байгууллага үндэслэл бүхий хүсэлтийн дагуу нөхцөл байдлыг хянан үзэх эрхтэй; тохиолдол тус бүрийн нөхцөл байдалд тухайн зөвшөөрлийн эдийн засгийн үнэ цэнийг харгалзан эрх эзэмшигчид зохих урамшуулал олгоно; ийнхүү ашиглах зөвшөөрөл олгоход хамаарах аливаа шийдвэр эрх зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг тухайн гишүүн улсын шүүх эсхүл дээд шатны эрх бүхий байгууллага бие даан хянаж үзнэ; ийнхүү ашиглахтай холбогдуулан олгох урамшуулалд хамаарах аливаа шийдвэрийг тухайн гишүүн улсын шүүх, эсхүл дээд шатны эрх бүхий байгууллага бие даан хянаж үзнэ; хэрэв шүүх, захиргааны журмаар өрсөлдөөний эсрэг гэж тогтоосон үйл ажиллагааг залруулахаар ийнхүү ашиглах зөвшөөрөл олгосон бол гишүүд (b) болон (f) дэд хэсэгт заасан нөхцөлийг хэрэглэх үүрэггүй. Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааг залруулах хэрэгцээг эдгээр тохиолдолд урамшууллын хэмжээг тогтоохдоо харгалзан үзнэ. Хэрэв зөвшөөрөл олгоход хүргэсэн нөхцөл байдал дахин үүсвэл эрх бүхий байгууллага зөвшөөрөл дууссаныг хүчингүй болгох эрхтэй байна; хэрэв ийнхүү ашиглахыг зөвшөөрсөн нь өөр патент (нэгдүгээр патент)-ыг зөрчихгүйгээр ашиглах боломжгүй патент (хоёрдугаар патент)-ыг ашиглахыг зөвшөөрч байвал дараахь нэмэлт нөхцөлийг хэрэглэнэ: хоёрдугаар патент бүхий шинэ бүтээл нь нэгдүгээр патент бүхий шинэ бүтээлтэй харьцуулахад эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой технологийн ололтыг агуулсан байна; нэгдүгээр патентын эзэмшигч нь хоёрдугаар патент бүхий шинэ бүтээлийг ашиглах боломжит нөхцөлөөр давхар тусгай зөвшөөрөл авах эрхтэй байна; хоёрдугаар патенттай хамт шилжүүлэхээс бусад тохиолдолд нэгдүгээр патентын зөвшөөрсөн ашиглалтыг шилжүүлэхгүй.

32 дугаар зүйл.Патентыг хүчингүй болгох

Патентыг хүчингүй болгох буюу эрхийг цуцлах аливаа шийдвэрийг шүүхийн журмаар хянан үзэх боломж байх ёстой.

33 дугаар зүйл.Хамгаалах хугацаа

Хамгаалах хугацаа нь мэдүүлэг өгсөн огнооноос хойш хорин жил хүртэл хүчинтэй байна.

34 дугаар зүйл.Үйл ажиллагааны патент: нотлох үүрэг 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан патент эзэмшигчийн эрх хөндөгдсөн талаарх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод патент олгосон зүйл нь бүтээгдэхүүн гаргаж авах үйл ажиллагаа бол шүүхийн эрх бүхий байгууллага ижил бүтээгдэхүүн гарган авах тухайн үйл ажиллагаа нь патент бүхий үйл ажиллагаанаас ялгаатайг нотлохыг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд гишүүд патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн аливаа ижил бүтээгдэхүүнийг үзэхээр патент бүхий үйл ажиллагаагаар гарган авсан гэсэн эсрэг нотолгоо үгүй тохиолдолд дараахь нөхцөлийн нэгийг тогтооно: патент бүхий үйл ажиллагаагаар гарган авсан бүтээгдэхүүн нь шинэ бол; ижил бүтээгдэхүүнийг тухайн үйл ажиллагаагаар гарган авсан гэх үндэслэлтэй магадлал байгаа бөгөөд патент эзэмшигч чухам ямар үйл ажиллагаа ашигласнаа боломжит оролдлого хийсний эцэст тодорхойлж чадаагүй бол. Гишүүд (1) дэх хэсэгт заасан нотлох үүргийг зөвхөн (а) дэд хэсэгт заасан, эсхүл зөвхөн (b) дэд хэсэгт заасан нөхцөлийг хангасан бол эрх зөрчигч гэх этгээдэд хүлээлгэхээр заахад чөлөөтэй байна. Эсрэг нотолгоо гаргахад хариуцагчын үйлдвэрлэл, бизнесийн нууцаа хамгаалах хууль ёсны ашиг сонирхлыг харгалзана. 6 дугаар анги: Бичил бүдүүвчийн байршлын загвар (топограф)

—

35 дугаар зүйл.Бичил бүдүүвчид холбогдох оюуны өмчийн тухай гэрээнд хамаарах нь

Гишүүд интеграл ороомгийн байршлын загвар (топограф)-ыг (энэхүү хэлэлцээрт цаашид “загвар“ гэнэ)-ыг Интеграл ороомгийн талаархи оюуны өмчийн тухай гэрээний 2-7 дугаар зүйл (6 дугаар зүйлийн (3) дахь хэсгээс бусад), 12 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу хамгаалахаар заах, мөн дараахь заалтыг мөрдөхөөр харилцан тохиролцов.

36 дугаар зүйл.Хамгаалах хүрээ

Гишүүд 37 дугаар зүйлийн (1) дэх хэсгийг дагаж мөрдөхийн хамт эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн дараахь үйлдлийг хууль бус гэж үзнэ. Үүнд: хамгаалагдсан байршлын загвар, байршил загвар бүхий бичил бүдүүвч, эсхүл бичил бүдүүвч зөвхөн хууль бусаар хуулбарласан байршлын загварыг үргэлжлүүлэн агуулж буй худалдааны зорилгоор импортлох, худалдах, өөрөөр хуваарилах орно.

37 дугаар зүйл.Эрх эзэмшигчийн зөвшөөрөл үл шаардах үйлдлүүд

36 дугаар зүйлийг үл харгалзан энэ зүйлд заасан үйлдэл хийсэн эсхүл хийхийг шаардсан этгээд бичил бүдүүвч, эсхүл бичил бүдүүвч бүхий зүйлийг олж авахдаа хууль бусаар хуулбарласан байршлын загвар агуулсан гэдгийг нь мэдээгүй буюу мэдэх үндэслэл байгаагүй бол хууль бусаар хуулбарласан байршлын загвар агуулсан бичил бүдүүвч буюу бичил бүдүүвч тийм ороомог агуулсан зүйлийн хувьд гишүүд уг үйлдлийг нь хууль бус гэж үзэхгүй. Уг этгээд байршлын загварыг хууль бусаар хуулбарласан талаар хангалттай мэдээлэл авсныхаа дараа өөрт нь байгаа буюу урьд нь захиалсан зүйлийн хувьд ямарваа үйлдэл хийж болох боловч байршлын уг загварыг чөлөөтэй хэлэлцэн тохиролцсон тусгай зөвшөөрөлийн дагуу төлөх төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг эрх эзэмшигчид төлөх үүрэгтэй гэж гишүүд заана. Байршлын загварт албадан тусгай зөвшөөрөл олгох эсхүл түүнийг засгийн газар буюу засгийн газрын төлөө эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдолд 31 дүгээр зүйлийн (а)-(k) дэд хэсэгт заасан нөхцөлийг хэрэглэнэ.

38 дугаар зүйл.Хамгаалах хугацаа

Хамгаалалт олгохын тулд бүртгүүлсэн байх шаардлага тавьдаг гишүүдэд байршлын загварыг хамгаалах хугацаа нь бүртгүүлэх мэдүүлэг өгснөөс хойш эсхүл дэлхийд анх худалдааны журмаар анх ашигласнаас хойш 10-аас багагүй байна. Хамгаалалтад олгохын тулд бүртгүүлсэн байх шаардлага тавьдаггүй гишүүдэд байршлын загварыг хамгаалах хугацаа нь дэлхийн хаа нэгтээ худалдааны журмаар анх ашигласнаас хойш арван багагүй жил байна. (1)-(2) дахь хэсгийг үл харгалзан байршлын загварыг бүтээснээс хойш арван таван жил өнгөрөхөд хамгаалалт дуусгавар болохоор аль нэг гишүүн зааж болно. 7 дугаар анги: Хаалттай мэдээллийг хамгаалах

39 дугаар зүйл.

Гишүүд Парисын конвенц (1967)-ийн 10 bis зүйлд заасны дагуу шударга бус өрсөлдөөний эсрэг үр дүнтэй хамгаалалт олгохдоо (2) дахь хэсэгт заасны дагуу хаалттай мэдээллийг болон (3) дахь хэсэгт заасны дагуу засгийн газар буюу засгийн газрын байгууллагад өгсөн мэдээллийг хамгаална. Хяналтад хууль ёсоор байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр худалдааны шударга дадалд харш хэлбэрээр бусад этгээдэд задлах, бусад этгээд олж авах буюу ашиглахыг урьдчилан сэргийлэх боломжийг хувь хүн болон хуулийн этгээдэд олгох бөгөөд чингэхдээ уг мэдээлэл нь дараахь шаардлагыг хангасан байна: биет байдлаараа, эсхүл бүрдэл хэсгийн тодорхой зохион байгуулалт буюу нийлбэрийнхээ хувьд ийм мэдээлэлтэй харьцдаг хүрээний хүмүүст уг мэдээллийг хүртэх боломжгүй бөгөөд энэ утгаараа нууц; нууц учир худаалдааны үнэ цэнэтэй болон; уг мэдээллийг хууль ёсоор хянаж буй этгээд нууц хадгалах үүднээс тухайн нөхцөл байдалд зохих арга хэмжээ авсан байна. Химийн шинэ нэгдлийг ашигласан эм, хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих нөхцөл болгож хаалттай туршилтын мэдээлэл буюу бэрхшээлтэй олдох бусад мэдээлэл өгөх үзүүлэхийг шаардахдаа гишүүд уг мэдээллийг худалдааны зорилгоор шударга бусаар ашиглахаас хамгаална. Мөн олон нийтийг хамгаалах шаардлагатай эсхүл уг мэдээллийг худалдааны зорилгоор шударга бусаар ашиглахаас хамгаалах талаар арга хэмжээ аваагүй бол гишүүд уг мэдээллийг задруулахаас хамгаална. 8 дугаар анги: Гэрээт тусгай зөвшөөрөлийн өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааг хянах

40 дугаар зүйл.

Өрсөлдөөнийг хязгаарлаж буй тусгай зөвшөөрөлийн зарим дадал буюу оюуны өмчийн эрхэд хамаарах нөхцөл нь худалдаанд сөргөөр нөлөөлж, технологийг дамжуулж, дэлгэрүүлэхэд саад болж болно гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна. Зарим тодорхой тохиолдолд холбогдох зах зээл дээрх өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж оюуны өмчийн эрхийг хортойгоор ашиглаж буй тусгай зөвшөөрөлийн үйл ажиллагаа буюу нөхцөлийг хууль тогтоомждоо заахад нь энэхүү хэлэлцээрийн аль ч заалт гишүүдэд саад болохгүй. Дээр дурдсанчлан гишүүд онцгой баталгааг буцаах нөхцөл, хүчин төгөлдөр болох талаар маргахыг урьдчилан сэргийлэх нөхцөл, багц тусгай зөвшөөрөлийг албадан олгох зэрэг үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх буюу хянах талаар зохистой арга хэмжээг тухайн гишүүний хууль, журмын хүрээнд энэхүү хэлэлцээрийн бусад заалтын дагуу авч болно. Гишүүний харьяат буюу байнга оршин суугч болох оюуны өмчийн эрх эзэмшигч энэ ангиар зохицуулсан зүйлийн талаарх хууль, журмыг нь зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл байгаа бөгөөд хуулийн дагуу авах арга хэмжээнд болон аль нэг гишүүний эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх чөлөөг хөндөхгүйгээр хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэхийг хүсч байгаа аливаа гишүүнтэй хүсэлтээр нь гишүүн тус бүр зөвлөлдөнө. Хүсэлт хүлээн авсан гишүүн хүсэлт тавьсан гишүүнтэй зөвлөлдөхдөө бүрэн ойлгох үүднээс хандаж зохих боломж олгох бөгөөд тухайн асуудлаар олон нийтийн хүртээл болсон нууц биш мэдээлэл болон өөрт байгаа бусад мэдээллийг дотоодын хуулийн дагуу болон хүсэлт тавьсан гишүүн нууц хамгаалах асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу өгөх замаар хамтран ажиллана. Харьяат буюу байнга оршин суугч нь энэ ангиар зохицуулсан зүйлийн талаархи хууль, журмыг өөр нэг гишүүний нутаг дэвсгэрт зөрчсөн гэж нөгөө гишүүний нутаг дэвсгэрт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аль нэг гишүүнд хүсэлт тавьсан бол нөгөө гишүүнтэй (3) дахь хэсэгт заасан нөхцөлтэй адил нөхцөлөөр зөвлөлдөх боломж олгоно.

41 дугаар зүйл.

Гишүүд энэ хэсэгт заасан оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журмыг хууль тогтоомждоо тусгахдаа зөрчлийг урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ болон цаашид зөрчил гаргахгүй байх талаар арга хэмжээ авах зэргээр энэхүү хэлэлцээрт хамрагдсан оюуны өмчийн эрхийг зөрчих аливаа үйлдлийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах боломжоор хангана. Эдгээр журмыг нь хууль ёсны худалдаанд саад үүсгэхээс зайлсхийх, тэдгээрийг урвуулан ашиглахаас хамгаалах байдлаар хэрэглэнэ. Оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журам нь шударга, тэгш байна. Уг журам нь төвөгтэй, өндөр өртөгтэй байх ёсгүй бөгөөд хугацаа нь үндэслэлгүй хязгаар тогтоосон буюу зүй бус саад байх ёсгүй. Аливаа хэргийн хувьд тухайн асуудлаар гаргасан шийдвэр бичгээр, үндэслэлтэй байна. Шийдвэрийг наад зах нь хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудад ямар нэгэн сааталгүйгээр хүргэнэ. Үндсэн асуудлаар гаргасан шийдвэр нь талуудад саналаа илэрхийлэх боломж олгосон нотлох баримтанд зөвхөн үндэслэнэ. Захиргааны эцсийн шийдвэр, түүнчлэн хэргийн ач холбогдлын талаар гишүүний хуулийн харьяаллын талаарх заалтыг дагаж мөрдөхийн хамт хэргийн талаар шүүхийн эрх бүий байгууллагаар хянуулах боломжийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудад олгоно. Гэхдээ эрүүгийн хэргийн цагаадах шийдвэрийг хянах боломжийг олгох үүрэг хүлээхгүй. Энэ хэсэг нь хууль хэрэгжүүлэх ерөнхий тогтолцооноос өөр оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх шүүхийн тогтолцоогоо өөрчлөх ямарваа үүрэг үүсгэхгүй, мөн гишүүдийн ерөнхий хуулиа хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй гэж ойлгоно. Энэ хэсгийн аль ч заалт оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх болон ерөнхий хуулийг хэрэгжүүлэхийн хооронд нөхцөл байдлыг хуваарилахтай холбогдуулан ямарваа үүрэг үүсгэхгүй. 2 дугаар анги: Иргэний болон захиргааны журмаар хянан хэлэлцэх ажиллагаа болон хамгаалалтын арга хэмжээ

42 дугаар зүйл.Шударга, эрх тэгш хэлэлцэх ажиллагаа

Гишүүд энэхүү хэлэлцээрт хамрагдсан оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх асуудлаар иргэний шүүхийн хянан хэлэлцэх ажиллагааг хэрэглэх боломжийг эрх эзэмшигчдэд олгоно. Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл зэргийг тусгасан хангалттай дэлгэрэнгүй мэдэгдлийг цаг тухайд нь бичгээр авах эрхтэй. Талууд бие даасан хуулийн зөвлөхөөр төлөөлүүлэхийг зөвшөөрөх бөгөөд бөгөөд уг журмаар хэргийг хэлэлцэхэд заавал биечлэн байх талаар хэт хатуу шаардлага тавьж болохгүй. Уг ажиллагаанд оролцогч бүх талууд нэхэмжлэлдээ үндэслэл заах, холбогдох бүх нотлох баримт гаргах эрхийг зүй ёсоор эдлэнэ. Уг журмаар хууль тогтоомжийн шардлагад нь харшлахгүй бол нууц мэдээллийг тогтоох, хамгаалах арга хэрэгслийг хангана.

43 дугаар зүйл.Нотлох баримт

Хэрэв аль нэг тал нэхэмжлэлээ үндэслэх хангалттай боломжит нотлох баримт гаргасан бөгөөд нэхэмжлэлээ үндэслэхтэй холбогдох нотлох баримт эсрэг талын хяналтад байгааг заасан бол шүүхийн эрх бүхий байгууллага уг нотлох баримтыг эсрэг талаас шаардах захирамжийг зохистой тохиолдолд нууц мэдээллийг хамгаалах явдлыг хангах нөхцөлийн дагуу гаргах эрхтэй. Хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч аль нэг тал шаардлагатай мэдээллийг авах боломж олгох буюу өөрөөр өгөхөөс өөрийн дураар үндэслэлгүйгээр татгалзсан эсхүл боломжит хугацаанд эрхийг хэрэгжүүлэх журамд их хэмжээгээр саад учруулж байгаа бол аль нэг гишүүн мэдээлэл авах боломж олгохоос татгалзсан явдал сөргөөр нөлөөлсөн талын гаргасан гомдол буюу өргөдөл зэрэг мэдээлэл өгсний үндсэн дээр баталсан буюу үгүйсгэсэн урьдчилсан болон эцсийн шийдвэр гаргах эрхийг шүүхийн эрх бүхий байгууллагад өгч болох бөгөөд чингэхдээ буруутгал буюу нотлох баримтын талаар талуудад саналаа илэрхийлэх боломж олгоно.

44 дугаар зүйл.Шүүхийн хориг

Шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчихийг зогсоохыг, inter alia оюуны өмчийн эрхийг зөрчсөн импортын барааны харьяаллын худалдааны зах зээлд гаргахыг гаалийн үзлэгээр орсны дараа нэн даруй зогсоохыг аль нэг талаас шаардсан тогтоол гаргах эрхтэй. Хамгаалалтад байгаа зүйлийг ашиглах нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэрэг болно гэдгийг аль нэг этгээд мэдэх буюу мэдэх бололцоотой болохоос өмнө худалдаж авсан буюу захиалсан зүйлийн талаар гишүүд ийм эрх мэдэл олгох үүрэггүй. Гишүүд энэ хэсгийн бусад заалтыг үл харгалзан, мөн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр засгийн газар эсхүл засгийн газрын эрх олгосон гуравдагч тал эрх ашиглах асуудлыг тусгайлан зохицуулсан II хэсгийн заалтыг биелүүлсэн нөхцөлд ийнхүү ашиглахын эсрэг хэрэглэж болох эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг 31 дүгээр зүйлийн (h) дэд хэсэгт заасны дагуу урамшуулал олгохоор хязгаарлаж болно. Бусад тохиолдолд энэ хэсэгт заасан эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэнэ эсхүл хэрэв тийм арга хэмжээ нь аль нэг гишүүний хуульд нийцэхгүй байгаа бол шүүхийн шийдвэрт тайлбар хийх болон зохистой нөхөн төлбөр олгоно.

45 дугаар зүйл.Хохирол

Оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй. Мөн өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг эрх эзэмшигчид төлөхийг эрх зөрчигчөөс шаардсан тогтоолыг шүүх гаргах эрхтэй. Эрх зөрчиж буйгаа мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тохиолдолд ч орлогын алдагдал буюу урьдчилан тогтоосон хохирлыг нөхөн төлөхийг шаардсан тогтоол гаргах эрхийг гишүүд зохистой нөхцөлд шүүхэд олгож болно.

46 дугаар зүйл.Хуулийн бусад арга хэмжээ

Эрхийн зөрчил гаргахгүй байх үр дүнтэй хуулийн арга хэмжээ авахын тулд шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчиж буй гэж тогтоосон барааг эрх эзэмшигчид хохирол учруулахаас зайлсхийх байдлаар гадуур ямарваа төрлийн нөхөн төлбөр олгохгүйгээр худалдахыг хориглох эсхүл тухайн үед үйлчилж байгаа үндсэн хуулийн шаардлагад харш биш бол устгах тогтоол гаргах эрхтэй. Шүүхийн эрх бүхий байгууллага нь эрх зөрчсөн барааг бий болгоход голлон ашигласан материал, хэрэгслийг ямарваа төрлийн нөхөн төлбөр олгохгүйгээр худалдааны хүрээнээс цаашид зөрчил гарах эрсдлийг аль болох багасгах үүднээс тогтоол гаргах эрхтэй. Ийм хүсэлтийг авч хэлэлцэхдээ эрх зөрчлийн хүнд хөнгөн байдал болон шүүхийн хамгаалалтын арга хэмжээ хоорондоо тохирсон байх хэрэгцээ, мөн гуравдагч талуудын ашиг сонирхлыг харгалзана. Барааны тэмдгийг үйлдсэн барааны хувьд хууль бусаар хэрэглэсэн барааны тэмдгийг устгах нь уг барааг худалдаанд гаргахыг зөвшөөрөх онцгой тохиолдлоос бусад тохиолдолд хангалтгүй.

47 дугаар зүйл.Мэдээлэл авах эрх

Шүүхийн эрх бүхий байгууллага эрх зөрчсөн бараа буюу үйлчилгээг хуваарилахад оролцсон гуравдагч этгээдүүд болон хуваарилсан хүрээний талаар эрх эзэмшигчид мэдээлэхийг эрх зөрчигчөөс шаардсан тогтоолыг энэ зөрчлийн хүнд хөнгөн байдалд нийцүүлэн гаргах эрхтэй гэж гишүүд зааж болно.

48 дугаар зүйл.Хариуцагчийн хохиролгүй болгох

Хүсэлтийнх нь дагуу арга хэмжээ авсан бөгөөд оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх журмыг буруугаар ашигласны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зохих хэмжээний нөхөн төлбөрийг төлөхийг шаардсан тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй. Шүүхийн эрх бүхий байгууллага өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлыг хариуцагчид төлөхийг хүсэлт гаргагчаас шаардсан тогтоол гаргах эрхтэй. Гишүүд оюуны өмчийн эрхийг хамгаалах буюу хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа хуулийг биелүүлэх явцад төрийн байгууллага, төрийн албан хаагчдыг шүүхийн хамгаалалтын зохистой арга хэмжээ авах хариуцлагаас энэ арга хэмжээг сайн дураар авсан тохиолдолд чөлөөлнө.

49 дугаар зүйл.Захиргааны журам Хэргийн үндсэн асуудлаар захиргааны журмаар хянан хэлэлцэх ажиллагаа нь иргэний эрх зүйн хамгаалалтын аливаа арга хэмжээг шаардаж болох бөгөөд энэ ангид заасан зарчимд нийцсэн байна 3 дугаар анги: Түр арга хэмжээ

—

50 дугаар зүйл.

Шүүх дараахь зорилгоор зохистой бөгөөд үр дүнтэй түр арга хэмжээ авах асуудлаар тогтоол гаргах эрхтэй: оюуны өмчийн эрхийг зөрчил үүсгэхээс урьдчилан сэргийлэх, ялангуяа гаалийн үзлэгийн дараа импортын бараа болон бусад барааг өөрийн хууль тогтоомжид захирагдах худалдаанд орохоос нэн даруй урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийн хувьд нотлох баримтыг хадгалах. Зохистой нөхцөлд, ялангуяа асуудлыг хойшлуулах нь эрх эзэмшигчид нөхөшгүй хохирол учруулахаар байвал, эсхүл нотлох баримт устгагдах илэрхий эрсдэл байвал шүүхийн эрх бүхий байгууллага inaudita altera parte эсрэг талын тайлбарыг авалгүйгээр түр арга хэмжээ авах эрхтэй. Хүсэлт гаргагч нь эрх эзэмшигч мөн бөгөөд түүний эрх зөрчигдсөн буюу зөрчигдөх магадлалтай талаар хангалттай баталгаат хэмжээгээр нотлох баримт гаргахыг шаардах, түүнчлэн хариуцагчийг хамгаалах болон эрх хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд хангалттай баталгаа буюу дэнчин тавихыг хүсэлт гаргагчаас шаардах шийдвэр шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй. Түр арга хэмжээг inaudita altera parte эсрэг талын тайлбар авалгүйгээр авсан бол энэ тухай холбогдох талуудад цаад зах нь арга хэмжээ авмагц ямарваа сааталгүйгээр мэдэгдэнэ. Эдгээр арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсхүл хэвээр үлдээх асуудлыг уг арга хэмжээний талаар мэдэгдсэнээс хойш боломжит хугацааны дотор шийдвэрлэх үүднээс хариуцагчийн хүсэлтээр асуудлыг хянаж үзэж, хариуцагчийн тайлбарыг сонсоно. Түр арга хэмжээг гүйцэтгэх байгууллага тухайн барааг тодорхойлоход шаардлагатай бусад мэдээлэл өгөхийг хүсэлт гаргагчаас шаардаж болно. (4) дэх хэсгийг хөндөхгүйгээр, хэрэв хэргийн үндсэн асуудлаар шийдвэх гаргахад хүргэж буй ажиллагааг гишүүний хуулиар зөвшөөрсөн нөхцөлд уг арга хэмжээг авах тогтоол гаргасан шүүхийн байгууллагааас тодорхойлсон хугацаанд эсхүл ийм хугацаа тодорхойлоггүй бол бол ажлын 20 өдөр буюу хуанлийн гучин нэг өдрөөс хэтрэхгүй хугацаанд эхлүүлээгүй бол (1), (2) дахь хэсгийн үндсэн дээр авсан түр арга хэмжээг хариуцагчийн хүсэлтээр цуцлах буюу түдгэлзүүлэх арга хэмжээг авна. Түр арга хэмжээг цуцалсан эсхүл эдгээр нь хүсэлт гаргагчийн аливаа үйлдэл буюу эс үйлдлийн улмаас дуусгавар болсон эсхүл оюуны өмчийн эрх зөрчөөгүй буюу зөрчих аюул байхгүй нь тогтоогдсон нөхцөлд шүүхийн эрх бүхий байгууллага эдгээр арга хэмжээний улмаас учирсан хохирлыг хариуцагчид зохистойгоор нөхөн төлөхийг хүсэлт гаргагчаас шаардсан шийдвэрийг хариуцагчийн хүсэлтээр гаргах эрхтэй. Аливаа түр арга хэмжээг захиргааны хянан хэлэлцэх ажиллагаагаар тогтоосон бөгөөд эдгээр арга хэмжээ нь энэ ангид заасан зарчимд нийцсэн байна. 4 дүгээр анги: Хил дээр авах арга хэмжээнд хамаарах тусгай шаардлага

51 дугаар зүйл.Гаалийн байгууллага барааг түр саатуулах

Барааны тэмдэг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн барааг импортлож байна гэж сэжиглэх бодит үндэслэл байгаа бол эрх эзэмшигч уг барааг чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны буюу шүүхийн байгууллагад бичгээр гаргах боломж олгох журмыг гишүүд доорхи заалтын дагуу батлана. Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах боломжийг гишүүд хангаж болно, чингэхдээ энэ ангийн шаардлагад нийцэж байвал зохино. Гишүүд өөрийн нутаг дэвсгэрээс экспортлоход зориулсан эрх зөрчсөн барааг эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг тогтоож болно.

52 дугаар зүйл.Мэдүүлэг

51 дүгээр зүйлийн дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлж буй аливаа эрх эзэмшигч импортлогч орны хуулийн дагуу оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг prima facie зөрчсөн гэж эрх бүхий байгууллага үзэхүйц хангалттай нотлох баримт, мөн гаалийн байгууллага шууд ялган танихуйц хангалттай нарийвчилсан тайлбар өгөх ёстой. Эрх бүхий байгууллага хүсэлтийг нь хүлээн авсан эсэхээ, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тогтооосон нөхцөлд гаалийн байгууллага арга хэмжээ авах хугацааны талаар зохих хугацааны дотор хүсэлт гаргагчид мэдээлнэ.

53 дугаар зүйл.Барьцаа буюу түүнтэй адилтгах баталгаа

Хариуцагч болон эрх бүхий байгууллагыг хамгаалах, урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхэд хангалттай барьцаа өгөх буюу адилтгах баталгаа гаргахыг эрх бүхий байгууллага хүсэлт гаргагчаас шаардах эрхтэй. Ийм барьцаа буюу адилтгах баталгаа нь эдгээр журмыг хэрэглэхэд саад болох ёсүй. Энэ ангийн дагуу гаргасан хүсэлтийн дагуу гаалийн байгууллага бүтээгдэхүүний загвар, патент, байршлын загвар эсхүл хаалттай мэдээлэл бүхий барааг чөлөөт эргэлтэд оруулахыг шүүхийн буюу бие даасан өөр байгууллагаас гаргаснаас бусад шийдвэрийг үндэслэн түр саатуулсан, мөн 55 дугаар зүйлд заасан хугацаа зохих ёсоор эрх олгогдсон байгууллагаас түр чөлөөлөөгүй байхад дууссан нөхцөлд, чингэхдээ барааг импортлох бусад бүх нөхцөлийг хангасан бол уг барааг эзэмшигч, импортлогч, хүлээн авагч нь эрх эзэмшигчийг эрх нь зөрчигдөхөөс хамгаалахад хангалттай барьцааг төлсний дараа барааг эргэлтэд оруулах зөвшөөрөл авах эрхтэй. Ийм барьцаа төлөх нь эрх эзэмшигч эдлэж болох эрх зүйн аливаа бусад арга хэмжээг хөндөхгүй бөгөөд хэрэв эрх эзэмшигч арга хэмжээ авах эрхээ боломжит хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй бол барьцаа төлөхөөс чөлөөлөгдөнө гэж ойлгоно.

54 дугаар зүйл.Саатуулах тухай мэдэгдэл

Барааг эргэлтэд оруулахыг 51 дүгээр зүйлийн дагуу түдгэлзүүлснээ барааг импортлогч болон өргөдөл гаргагчид даруй мэдэгдэнэ.

55 дугаар зүйл.Саатуулах хугацаа

Хэрэв түдгэлзүүлсэн талаар хүсэлт гаргагчид мэдэгдэл өгснөөс хойш ажлын 10 өдрөөс хэтрэхгүй хугацааны дотор гаалийн байгууллагад хэргийн үндсэн асуудлаар шийдвэр гаргахад хүргэх хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчаас өөр талын санаачлагаар эхлүүлсэн эсхүл зохих ёсоор эрх олгогдсон байгууллага барааг нэвтрүүлэхийг саатуулсан хугацааг сунгах түр арга хэмжээг авсан талаар мэдэгдээгүй бол барааг нэвтрүүлэх бөгөөд чингэхдээ барааг импортлох буюу экспортлох бусад нөхцөл бүрдсэн байвал зохино; тодорхой тохиолдолд энэ хугацааг ажлын арван өдрөөр сунгаж болно. Хэрэв хэргийн үндсэн асуудлаар шийдвэр гаргахад хүргэх хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол эдгээр арга хэмжээг цуцлах, өөрчлөх эсхүл хэвээр үлдээх асуудлыг боломжит хугацааны дотор шийдвэрлэх үүднээс хариуцагчийн хүсэлтээр санал бодлоо илэрхийлэх эрхийг оролцуулан хянан үзнэ. Дээрхийг үл харгалзан, барааг нэвтрүүлэхийг түдгэлзүүлсэн, эсхүл шүүхийн түр арга хэмжээний дагуу үргэлжлүүлсэн нөхцөлд 50 дугаар зүйлийн (6) дахь хэсгийн заалтыг хэрэглэнэ.

56 дугаар зүйл.Бараа импортлогч, бараа эзэмшигчийг хохиролгүй болгох

Барааг зүй бусаар саатуулсан, эсхүл 55 дугаар зүйлд заасны дагуу нэвтрүүлсэн барааг саатуулсан буюу барааг буруу саатуулсны улмаас барааг импортлогч, хүлээн авагч, эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсэлт гаргагчаас холбогдох байгууллага шаардсан шийдвэр гаргах эрхтэй.

57 дугаар зүйл.Хянан шалгуулах, мэдээлэл авах эрх

Нууц мэдээллийн хамгаалалтыг хөндөхгүйгээр, эрх эзэмшигч нэхэмжлэлээ үндэслэхийн тулд гаалийн байгуулагын саатуулсан аливаа барааг хянан шалгуулах хангалттай боломж олгох эрхийг Гишүүд эрх бүхий байгууллагад олгоно. Эрх бүхий байгууллага нь ийм аливаа барааг хянан шалгуулах адил боломжийг мөн импортлогчид олгох эрхтэй. Хэргийн үндсэн асуудлаар нааштай шийдвэр гарсан бол барааг илгээгч, импортлогч, хүлээн авагчийн нэр, хаяг, мөн барааны тоо хэмжээг эрх эзэмшигчид мэдэгдэх эрхийг Гишүүд эрх бүхий байгууллагад олгоно.

58 дугаар зүйл.Авах арга хэмжээ

Оюуны өмчийн эрх зөрчигдөж байна гэх prima facie нотлох баримт байвал олж авсан барааг өөрөө санаачлан нэвтрүүлэхийг саатуулахыг гишүүд эрх бүхий байгууллагаас шаардсан нөхцөлд: Эрх бүхий байгууллага эдгээр эрхээ хэрэгжүүлэхэд нь тус болох аливаа мэдээлэл өгөхийг эрх эзэмшигчээс хэдийд ч хүсч болно; Саатуулсан талаар импортлогч болон эрх эзэмшигчид даруй мэдэгдэнэ. Импортлогч тийнхүү саатуулсныг эсэргүүцэж эрх бүхий байгууллагад гомдол мэдүүлсэн нөхцөлд тийнхүү саатуулахад 55 дугаар зүйлд заасан нөхцөлийг хэрэглэнэ; Гишүүд төрийн байгууллага болон төрийн албан хаагчдын аль алийг зөвхөн арга хэмжээг сайн дураар авсан буюу авахыг зорьсон тохиолдолд шүүхийн хамгаалалтын холбогдох арга хэмжээний хариуцлагаас чөлөөлнө.

59 дугаар зүйл.Хуулийн арга хэмжээ

Арга хэмжээ авах эрх эзэмшигчийн бусад эрхийг хөндөхгүйгээр, мөн асуудлыг шүүхээр дахин хянуулах хариуцагчийн эрхийг хүндэтгэхийн хамт эрх бүхий байгууллага эрх зөрчиж буй барааг 46 дугаар зүйлд заасан зарчмын дагуу устгах буюу хаях шийдвэр гаргах эрхтэй. Хуурамч Барааны тэмдэг бүхий барааны хувьд эрх бүхий байгууллага эрх зөрчиж буй уг барааг өөрчлөхгүйгээр дахин экспортлохыг хориглох буюу онцгой бус нөхцөл байдлаас бусад тохиолдолд гаалийн өөр ажиллагаанд хамааруулахыг зөвшөөрөхгүй.

60 дугаар зүйл.De minimis импорт (Барааг бага хэмжээгээр импортлох)

Гишүүд зорчигчийн хувийн ачаа тээшээр буюу бага хэмжээгээр илгээсэн бөгөөд худалдааны бус зориулалттай бага хэмжээний бараанд дээрх заалтыг хэрэглэхгүй байж болно. 5 дугаар анги: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа

61 дугаар зүйл.

Гишүүд наад зах нь худалдааны зорилгоор санаатайгаар барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон хариуцлагыг тогтооно. Эрх зүйн хариуцлагын арга хэмжээнд гэмт хэргийн хүнд хөнгөнийг харгалзан гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн түвшинд гэмт хэргийг таслан зогсоох хангалттай хэмжээнд хорих болон/буюу мөнгөн торгуулийн шийтгэлийг хамруулна. Тодорхой тохиолдолд эдгээр арга хэмжээнд мөн эрх зөрчиж буй барааг болон эрх зөрчихөд голлон ашигласан материал, хэрэгслийг хураах, устгах, арга хэмжээ хамаарна. Гишүүд оюуны өмчийн эрхийг зөрчсөн бусад тохиолдолд ч, ялангуяа худалдааны зорилгоор санаатайгаар зөрчсөн нөхцөлд, хэрэглэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, хариуцлага ногдуулах журмыг тогтоож болно.

62 дугаар зүйл.1. Гишүүд үндэслэл бүхий дүрэм, журмыг мөрдөхийг II хэсгийн 2-6 дугаар ангид заасан оюуны өмчийн эрхийг олж авах буюу хадгалах нөхцөл болгон шаардаж болно. Ийм дүрэм, журмын хувьд тавигдах шаардлага нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байна. 2. Хэрэв оюуны өмчийн эрхийг олж авах буюу бүртгэх хэлбэрээр олгодог бол тийнхүү олгох буюу бүртгэх журам нь хамгаалах хугацааг үндэслэлгүйгээр багасгахаас зайлсхийх боломжит хугацааны дотор олгох буюу бүртгэхийг зөвшөөрдөг байх явдлаар гишүүд эрхийг олж авах үндсэн нөхцөлийг харгалзан хангана. 3. Парисын конвенц (1967)-ийн 4 дүгээр зүйлийг үйлчилгээний тэмдэгт хэрэглэнэ. 4. Оюуны өмчийн эрхийг олж авах буюу хадгалах журам, түүнчлэн хэрэв гишүүний хуулиар тийм журам тогтоосон бол, захиргааны журмаар цуцлах болон эсэргүүцэх, цуцлах, хүчингүй гэж үзэх зэрэг inter partes жумыг 41 дүгээр зүйлийн (2), (3) дахь хэсэгт заасан нийтлэг зарчмаар зохицуулна. 5. (4) дэх хэсэгт заасан аль нэг журмаар гарсан захиргааны эцсийн шийдвэрийг шүүх буюу хагас шүүхийн байгууллага хянан үзэх боломжтой байна. Гэхдээ үндэслэлгүй эсэргүүцэл буюу захиргааны журмаар хүчингүй болгосон нь амжилтгүй болсон, чингэхдээ тийм журмын үндэслэл нь хүчингүй болгох журамтай холбоотой тохиолдолд шийдвэрийг тийнхүү хянан үзэх боломж олгох үүрэггүй.

—

63 дугаар зүйл.Ил тод байх

Гишүүнээс энэхүү хэлэлцээрийн зүйл (оюуны өмчийн эрхийн байдал, хамрах хүрээ, түүнийг олж авах, хэрэгжүүлэх болон түүнчлэн урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх)-ийн талаар хүчин төгөлдөр болгосон хууль тогтоомж, шүүхийн эцсийн шийдвэр болон захиргааны журмыг засгийн газар болон эрх эзэмшигчид танилцах боломж олгох байдлаар үндэсний хэлээр хэвлэн нийтлэх, эсхүл ийнхүү хэвлэн нийтлэх бодит боломжгүй бол олон нийтэд мэдээлнэ. Аль нэг гишүүний засгийн газар буюу засгийн газрын байгууллага болон нөгөө гишүүний засгийн газар буюу засгийн газрын байгууллагын хооронд энэхүү хэлэлцээрийн талаархи хүчин төгөлдөр үйлчилж буй хэлэлцээрийг мөн хэвлэн нийтлэнэ. Гишүүд (1) дэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийг ХХОӨЭЗ -д мэдэгдэж энэхүү хэлэлцээрийн үйлчлэлийг хянан үзэхэд нь туслана. Зөвлөл гишүүдийн энэ үүргээ хэрэгжүүлэх ачааллыг аль болох багасгахыг хичээх бөгөөд хэрэв хууль тогтоомжийн нэгдсэн бүртгэл бий болгох талаар ДОӨБ-тай зөвлөлдөж амжилтад хүрвэл дээрх хууль тогтоомжийг Зөвлөлд шууд мэдээлэх үүргээс чөлөөлөхөөр шийдвэрлэж болно. Зөвлөл үүнтэй холбогдуулан Парисын конвенц (1967)-ийн 6 ter дугаар зүйлийн заалтаас үүдсэн бөгөөд энэхүү хэлэлцээрт заасан үүргийн дагуу мэдэгдэлтэй холбогдуулан шаардлагатай аливаа арга хэмжээг авна. Гишүүн тус бүр бусад гишүүний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу (1) дэх хэсэгт дурдсан мэдээллийг өгөхөд бэлэн байх ёстой. Оюуны өмчийн эрхийн салбар дахь шүүхийн тодорхой нэг шийдвэр эсхүл захиргааны журам эсхүл хоёр талт хэлэлцээр энэхүү хэлэлцээрийн дагуу эдлэх эрхийг нь хөндөж байна гэж үзэх шалтгаан байвал гишүүн шүүхийн тодорхой шийдвэр эсхүл захиргааны журам, эсхүл хоёр талт хэлэлцээрийг олж авах эсхүл тэдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах талаар мөн бичгээр хүсэлт тавьж болно. (1), (2), (3) дахь хэсгийн аль ч заалт хууль хэрэгжүүлэхэд саад болох буюу нийтийн ашиг сонирхолд өөрөөр харшлахуйц эсхүл төрийн болон хувийн тодорхой үйлдвэрийн газрын хууль ёсны худалдааны ашиг сонирхолд хохирол учруулахуйцаар нууц мэдээлэл задруулахыг гишүүдээс шаардахгүй.

64 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Маргаан зохицуулах ойлголцлын дагуу боловсруулж, хэрэглэж буй 1994 оны ТХЕХ-ийн 12 болон 23 дугаар зүйлийн заалтыг энэхүү хэлэлцээрийн дагуу маргааны талаар зөвлөлдөх, маргаан шийдвэрлэхэд хэрэглэнэ. 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1(b) болон 1(c) дэд хэсгийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд энэхүү хэлэлцээрийн дагуу маргааныг шийдвэрлэхэд хэрэглэхгүй. 2 дахь хэсэгт дурдсан хугацааны турш ХХОӨЭЗ нь 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1(b) болон 1 (c) дэд хэсэгт заасан төрлийн энэхүү хэлэлцээрийн дагуу гаргасан гомдлын хамрах хүрээ, хэлбэрийг шалган үзэж, гаргасан зөвлөмжөө Сайд нарын бага хуралд батлуулахаар өгнө. Ийм зөвлөмжийг батлах,эсхүл (2) дахь хэсэгт заасан хугацааг сунгах тухай Сайд нарын бага хурлын аливаа шийдвэрийг зөвхөн зөвшилцлийн замаар гаргах бөгөөд батлагдсан зөвлөмж нь цаашид албан ёсоор хүлээн зөвшөөрөх журамгүйгээр бүх гишүүдийн хувьд шууд хүчин төгөлдөр болно.

65 дугаар зүйл.Шилжилтийн тохиролцоо

(2), (3), (4) дэх хэсэгт заасныг дагаж мөрдөхийн хамт, аль ч гишүүн энэхүү хэлэлцээрийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн ерөнхий хугацаа өнгөрөхөөс өмнө хэрэглэх үүрэггүй. Хөгжиж буй гишүүн орон энэхүү хэлэлцээрийн 3, 4, 5 дугаар зүйлээс бусад заалтыг (1) дэх хэсэгт заасны дагуу хэрэглэх өдрөө цаашид дөрвөн жилээр хойшлуулах эрх эдлэнэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж буй бөгөөд оюуны өмчийн тогтолцоондоо бүтцийн өөрчлөлт хийж, оюуны өмчийн хууль тогтоомжоо боловсруулж хэрэгжүүлэхдээ онцгой бэрхшээлтэй тулгарч буй аливаа бусад гишүүн (2) дахь хэсэгт заасны дагуу хугацааг мөн хойшлуулж болно. Энэхүү хэлэлцээрийг хэрэглэх ерөнхий хугацаанд нутаг дэвсгэрт нь төдийлөн хамгаалагдаагүй байгаа технологийн салбарт бүтээгдэхүүний патентаар хамгаалах үүргийг (2) дахь хэсэгт зааснаар хөгжиж буй гишүүн орон хүлээх нөхцөлд тухайн гишүүн нь технологийн тэдгээр салбарт II хэсгийн 5 дугаар ангид заасан бүтээгдэхүүний патентын тухай заалтуудыг хэрэглэх хугацаааг нэмэлт таван жилийн хугацаагаар хойшлуулж болно. (1), (2), (3) буюу (4) дэх хэсгийн дагуу шилжилтийн хугацааг хэрэглэж буй гишүүн уг хугацааны туршид хууль тогтоомж, үйл ажиллагаанд нь гарах ямарваа өөрчлөлт энэхүү хэлэлцээртэй өмнөхөөсөө илүүгээр зөрчилдөхгүй байх явдлыг хангана.

66 дугаар зүйл.Нэн буурай хөгжилтэй гишүүн орнууд

Нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудын онцгой хэрэгцээ, шаардлага, тэдний эдийн засаг, санхүү, захиргааны хязгаарлагдмал боломж, мөн амьдрах чадвартай технологийн суурийг бүрдүүлэхэд уян хатан хандах шаардлагатайн үүднээс тэдгээр гишүүнд энэхүү хэлэлцээрийн 3, 4, 5 дугаар зүйлээс бусад заалтыг хэрэглэх шаардлагыг 65 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан хэрэгжүүлэх өдрөөс хойш авран жилийн хугацаанд тавихгүй. ХХОӨЭЗ нэн буурай хөгжилтэй гишүүн орны зохих үндэслэл бүхий хүсэлтээр уг хугацааг сунгана. Хөгжингүй гишүүн орнууд нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад технологийн бат бэх, амьдрах чадвартай суурь бүрдүүлэх нөхцөлийг хангахын тулд тэдгээрт технологи дамжуулахыг хөхиүлэн дэмжиж, урамшуулах зорилгоор өөрийн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөлөлт олгоно.

67 дугаар зүйл.Техникийн хамтын ажиллагаа

Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хөнгөвчлөхийн тулд хөгжингүй гишүүн орнууд хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад ашигтай техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаагаар хүсэлтээр нь харилцан тохиролцсон нөхцөл, болзлын дагуу хангана. Уг хамтын ажиллагаа нь оюуны өмчийн эрхийг хамгаалж, хэрэгжүүлэх, түүнийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх хууль тогтоомж боловсруулахад туслах, түүнчлэн боловсон хүчнийг сургах зэрэг асуудалд холбогдолтой үндэсний, байгууллага хороог байгуулж, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

68 дугаар зүйл.Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудал эрхлэх зөвлөл

ХХОӨЭЗ нь энэхүү хэлэлцээрийн үйлчлэл, тухайлбал гишүүд түүгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйд хяналт тавьж, оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаар зөвлөлдөх боломжийг гишүүдэд олгоно. Тэрээр гишүүдээс өөрт нь хүлээлгэсэн бусад үүргийг гүйцэтгэх бөгөөд тухайлбал маргаан зохицуулах ажиллагааны хүрээнд тэднээс хүссэн аливаа туслалцааг үзүүлнэ. ХХОӨЭА-аархи зөвлөл нь үүргээ гүйцэтгэхдээ зохистой гэж үзсэн аливаа эх сурвалжтай зөвлөлдөж, мэдээлэл хүсч болно. Зөвлөл анхдугаар хуралдаанаасаа хойш нэг жилийн дотор ДОӨБ-тай зөвлөлдөж уг байгууллагын байгууллагуудтай хамтран ажиллах зохистой арга хэмжээг авна.

69 дугаар зүйл.Олон улсын хамтын ажиллагаа

Гишүүд оюуны өмчийн эрх зөрчиж буй олон улсын худалдааг арилгах үүднээс бие биетэйгээ хамтран ажиллахаар тохиролцоно. Энэ зорилгоор тэд өөрсдийн захиргаанд лавлах цэгийг байгуулж, тэдэнд мэдээлэх журмаар эрх зөрчиж буй барааны худалдааны талаар мэдээлэл солилцоход бэлэн байна. Тухайлбал тэд хуурамч барааны тэмдэгтэй болон зохиогчийн эрх зөрчсөн барааны талаар гаалийн байгууллага хооронд мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжинэ.

70 дугаар зүйл.Бий болсон зүйлийг хамгаалах

Энэхүү хэлэлцээр нь тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрөөс өмнө үүссэн үйлдэлтэй холбогдуулан үүрэг бий болгохгүй. Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол энэхүү хэлэлцээр нь тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдөр байгаа бөгөөд тухайн гишүүний нутаг дэвсгэрт тухайн өдөр хамгаалагдаж байаа эсхүл энэхүү хэлэлцээрийн дагуу хамгаалагдах шалгуурыг хангаж байгаа буюу цаашид хангах бүх зүйлтэй холбогдуулан үүрэг бий болгоно. Энэ хэсэг болон (3), (4) дэх хэсгийн хувьд, байгаа бүтээлийн зохиогчийн эрхийн талаарх үүргийг дан гагцхүү Бернийн конвенц (1971)-ийн 18 дугаар зүйлд зааснаар тодорхойлох бөгөөд байгаа дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, тэдгээрийн гүйцэтгэгчийн эрхийн талаарх үүргийг энэхүү хэлэлцээрийн 14 дүгээр зүйлийн (6) дахь хэсгийн дагуу хэрэглэж болох Бернийн конвенц (1971)-ийн 18 дугаар зүйлд зааснаар гагцхүү тодорхойлно. Тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдөр нийтийн хүртээл болсон зүйлийн хамгаалалтыг сэргээх үүрэг тухайн гишүүний хувьд үүсэхгүй. Хамгаалагдсан зүйл бүхий тодорхой зүйлийн хувьд энэхүү хэлэлцээрт нийцүүлсэн хууль тогтоомжийн нөхцөлийн дагуу эрх зөрчиж буй бөгөөд ДХБ-ын хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс өмнө эхэлсэн буюу ихээхэн хөрөнгө оруулалтын хувьд тухайн гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрийн дараа үргэлжлүүлэн ийм үйлдэл хийх үед болох эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг тухайн гишүүн эрх эзэмшигчийн хувьд хязгаарлаж болно. Гэхдээ энэ тохиолдолд уг гишүүн наад зах нь зохих шан хөлс төлнө. Гишүүн энэхүү хэлэлцээрийг хэрэглэх өдрөөс өмнө худалдаж авсан эх бүтээл буюу хуулбарын хувьд 11 дүгээр зүйл болон 14 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг хэрэглэх үүрэг хүлэхгүй. Гишүүд 31 дүгээр зүйлийг, эсхүл технологийн салбарын хувьд патентын эрхийг ямарваа алагчилалгүйгээр эдлэх тухай 27 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн шаардлагыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдолд тийнхүү ашиглах зөвшөөрлийг энэхүү хэлэлцээр хүчинтэй болохоос өмнө засгийн газраас олгосон нөхцөлд хэрэглэх үүрэггүй. Бүртгэлийг оюуны өмчийн эрхийг хамгаалах нөхцөл болгодог тохиолдолд тухайн Гишүүний энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдрөөс хамааран хүлээгдэж байгаа хамгаалалт хүссэн өргөдлийг энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу илүү хамгаалалтыг хүсч өөрчлөхийг зөвшөөрнө. Уг өөрчлөлтөд ямарваа шинэ асуудал тусгахгүй. Хэрэв аль нэг гишүүн ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрийн байдлаар 27 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу эм, хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүний патентыг хамгаалах боломжгүй нөхцөлд тухайн гишүүн нь: эдгээр шинэ бүтээлд патент олгохыг хүсч гаргасан өргөдлийг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн VI хэсгийн заалтыг үл харгалзан бүртгэх боломжоор хангана.; энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх өдрөөс эхлэн энэхүү хэлэлцээрт заасан патент олгох шалгуурыг уг шалгуур нь тухайн гишүүн оронд мэдүүлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноо тогтоох боломжтой буюу түүнийг хүссэн бол давамгайлах огнооны өдөр хэрэглэсэн мэтээр эдгээр мэдүүлэгт тусгах; (b) дэд хэсэгт заасан хамгаалалт авах шалгуурыг хангаж буй мэдүүлгийн хувьд патент олгосон өдрөөс эхэлж энэхүү хэлэлцээрийн 33 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огнооноос тооцсон патентын үлдсэн хугацаанд энэхүү хэлэлцээрийн дагуу патентаар хамгаалах үүргийг тус тус хүлээнэ. Бүтээгдэхүүн нь 8 дугаар зүйлийн (a) дэд хэсгийн дагуу патентын мэдүүлэг гаргах зүйл мөн VI хэсгийн заалтыг үл харгалзан тухайн гишүүн оронд зах зээлийн баталгаа олж авснаас хойш таван жилийн хугацаа, эсхүл уг бүтээгдэхүүнд патент олгох буюу олгохоос татгалзах хүртэл хугацааны аль богино хугацаагаар нь түүнийг арилжаалах онцгой эрхийг олгоно, чингэхдээ ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш патент хүссэн мэдүүлэг гаргасан байх бөгөөд өөр гишүүн оронд патентыг тухайн бүтээгдэхүүнд олгож, зах зээлийн баталгаа олгосон байвал зохино.

71 дугаар зүйл.Хянан өөрчлөх болон нэмэлт, өөрчлөлт оруулах

ХХОӨЭЗ нь 65 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан шилжилтийн хугацаа дууссаны дараа энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хянан үзнэ. Зөвлөл нь хэрэгжилтийн явцад хуримтлуулсан туршлагаа харгалзан түүнээс хойш хоёр жилийн дараа хянан үзэх бөгөөд цаашид ийм хугацааны зайтайгаар хянан үзэж байх болно. Зөвлөл нь мөн энэхүү хэлэлцээрийг хянан өөрчлөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ нөхцөл байдалтай уялдуулан хянан үзэж болно. Бусад олон талт хэлэлцээрт тусгасан, хүчин төгөлдөр үйлчилж буй бөгөөд тэдгээр хэлэлцээрийн дагуу ДХБ-ын бүх гишүүн хүлээн зөвшөөрсөн оюуны өмчийн эрхийг хамгаалах илүү дээд түвшинд тохируулах зорилгод зөвхөн үйлчилж буй нэмэлт, өөрчлөлтийг ХХОӨЭЗ-өөс нийтийн тохиролцоогоор санал болгосныг үндэслэн ДХБ-ын хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн (6) дахь хэсгийн дагуу арга хэмжээ авахуулахаар сайд нарын бага хуралд оруулж болно.

72 дугаар зүйл.Тайлбар

Бусад гишүүний зөвшөөрөлгүйгээр энэхүү хэлэлцээрийн аль ч заалтад тайлбар хийхийг хориглоно.

73 дугаар зүйл.Аюулгүй байдалтай холбоотой онцгой тохиолдол

Энэхүү хэлэлцээрийн аль ч заалтыг дараахь байдлаар тайлбарлахгүй: аливаа гишүүнээс задруулснаар аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхолд нь харш гэж үзэж байгаа ямарваа мэдээллийг гаргахыг шаардсан; аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхлоо хамгаалахад шаардлагатай гэж үзсэн дараахь үйл ажиллагааг явуулахад гишүүнд саад болсон: тэсэрч дэлбэрэх материал буюу тэдгээрээс гаргаж авсан материалтай холбогдсон; зэвсэг, сум хэрэгсэл, байлдааны хэрэгслийн хөдөлгөөн болон цэргийн байгууламжид нийлүүлэхээр шууд буюу шууд бусаар зөөж буй бусад бараа, материал зөөхтэй холбогдсон; дайны үед буюу олон улсын харилцааны бусад онц байдалд болсон; эсхүл Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үйл ажиллагааг явуулахад нь аль нэг гишүүнд саад болсон.