konvents
69. Зохиогчийн Эрхийн Тухай Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Гэрээ
Хүчин төгөлдөр69. Зохиогчийн Эрхийн Тухай Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Гэрээ
1996-12-20, Улаанбаатарkonv-069
(1) Энэхүү гэрээ нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 20 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд, тэрхүү конвенцийн дагуу байгуулагдсан Холбоонд нэгдсэн орнууд болох хэлэлцэн тохирогч талуудын хувьд тусгай хэлэлцээр болно. Энэхүү гэрээ нь Бернийн конвенцоос өөр аливаа бусад гэрээтэй холбоогүй бөгөөд бусад гэрээгээр хүлээсэн аливаа нэг эрх, үүргийг хөндөхгүй. (2) Энэхүү гэрээний аль ч заалт хэлэлцэн тохирогч талуудын Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн дагуу бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй. (3) Цаашид Бернийн конвенц гэж Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн 1971 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Парисын актыг ойлгоно. (4) Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 1-21 дүгээр зүйл болон хавсралтыг мөрдөнө.
Зохиогчийн эрхийн хамгаалалт нь илэрхийлэлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга барил эсхүл тоон ойлголтод/математикийн үзэл баримтлалд хамаарахгүй.
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээгээр олгосон хамгаалалтын хүрээнд Бернийн конвенцийн 2-6 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэнэ.
Компьютерийн программыг/цахим тооцоолуурын хөтөлбөрийг Бернийн конвенцийн 2 дугаар зүйлийн утга агуулгын хүрээнд утга зохиолын бүтээлийн нэгэн адил хамгаална. Ийм хамгаалалт нь илэрхийллийн аль ч арга, хэлбэрийг үл харгалзан компьютерийн программд/цахим тооцоолуурын хөтөлбөрт хамаарна.
Агуулгын сонголт, зохиомжийнхоо улмаас оюуны бүтээл болж буй аливаа хэлбэрийн тоон мэдээ эсхүл бусад материалын эмхтгэлийг мөн адил хамгаална. Энэ хамгаалалт нь тоон мэдээ болон материалд өөрт нь хамаарахгүй бөгөөд эмхтгэлд орсон аливаа тоон мэдээ, материалын эх зохиогчийн эрхийг хөндөхгүй.
Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид нь бүтээлийнхээ жинхэнэ эх болон хуулбарыг худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ. Энэхүү гэрээний аль ч заалт зохиогчийн зөвшөөрлөөр бүтээлийн жинхэнэ эх болон хуулбарыг анх удаа худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний дараа (1) дэх хэсэгт заасан эрхийг хэрэглэх нөхцлийг тодорхойлох тухай хэлэлцэн тохирогч талуудын эрх чөлөөг хөндөхгүй.
Түрээслэх эрх (i) Компьютерийн программ/цахим тооцоолуурын хөтөлбөр; (ii) кино урлагийн бүтээл; (iii) хэлэлцэн тохирогч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу дуу авианы бичлэгээр илэрхийлэгдэх бүтээлийн зохиогч бүтээлийнхээ жинхэнэ эх буюу хуулбарыг олон нийтэд төлбөртэй хөлслүүлэх буюу түрээслэхийг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ. (1) дэх хэсэг хэрэглэгдэхгүй тохиолдлууд: компьютерийн программын/цахим тооцоолуурын хөтөлбөрийн хувьд, программ нь өөрөө түрээслэх зайлшгүй гол зүйл биш бол; кино урлагийн бүтээлийн хувьд, тийнхүү төлбөртэй түрээслэх нь хуулбарлан олшруулах онцгой эрхийг ноцтойгоор хөндөж тэдгээр бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол. (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэг бүхий хуулбарын хувийг түрээсэлсний төлөө зохиогчид нь зохих үнэ хөлс төлдөг тогтолцоо үйлчилж байсан бөгөөд үйлчилсээр байгаа хэлэлцэн тохирогч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэг бүхий бүтээлийг түрээслэх нь хуулбарлан олшруулах зохиогчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.
Бернийн конвенцийн 11 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 11 bis зүйлийн (1) дэх хэсгийн (i) ба (ii) дэд хэсэг, 11 ter зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (ii) дэд хэсэг, 14 bis зүйлийн (1) дэх хэсгийн заалтыг хөндөхгүйгээр утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид бүтээлээ шугаман болон шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрхийг эдлэх бөгөөд үүнд олон нийтийн төлөөлөгчид дээрх бүтээлтэй өөрсдийн сонгосон газар, цагт танилцаж болох боломжтой байна.
Гэрэл зургийн бүтээлийн хувьд, хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.
(1) Хэлэлцэн тохирогч талууд үндэсний хууль тогтоомждоо бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд энэхүү гэрээний дагуу утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид олгосон эрхэд хязгаарлалт эсхүл онцгой тохиолдол тогтоож болно. (2)Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийг хэрэглэхдээ түүгээр тогтоосон эрхийн талаарх хязгаарлалт, онцгой тохиолдлыг бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр үл хөндөх тохиолдолд хэрэглэнэ.
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ болон Бернийн конвенцийн дагуу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зохиогчийн хэрэглэж байгаа бөгөөд бүтээлийнх нь хувьд тухайн зохиогчийн зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөгддөггүй үйлдлийг хязгаарлаж байгаа техникийн үйл ажиллагаанаас зайлсхийхийн тулд эрх зүйн зүй зохистой хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээ авна.
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ буюу Бернийн конвенцоор хамгаалагдсан эрхийг зөрчихөд хүргэх, боломж олгох, туслах, ийм зөрчлийг нуусныг мэдсээр байж, эсхүл иргэний арга хэмжээний хувьд дээрхийг мэдэх бодит үндэслэлтэй байж доорхи аль нэг үйлдлийг санаатайгаар хийж буй аливаа этгээдийн эсрэг хуулийн зүй зохистой, үр ашигтай арга хэмжээ авна: эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах буюу өөрчлөх; эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг устгасан буюу өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ бүтээл болон хувийг нь олон нийтэд түгээх буюу түгээхээр импортлох, нэвтрүүлэх эсхүл мэдээлэх. Энэ зүйлд заасан “эрхийн удирдлагын талаарх мэдээлэл” гэж бүтээл, бүтээлийн зохиогч, бүтээлийн аливаа эрх эзэмшигчийг тодорхойлж буй мэдээлэл эсхүл бүтээлийг ашиглах нөхцөл, болзлын талаарх мэдээлэл, мөн бүтээлийн хуулбарт тавигдсан бүтээлийг олон нийтэд мэдээлэхтэй холбоотойгоор гарч байгаа тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоо болон код мэдээг хэлнэ.
Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг энэхүү гэрээнд заасан бүх хамгаалалтад хэрэглэнэ.
Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээг хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээг өөрийн хуулийн тогтолцоотой уялдуулан авах үүрэг хүлээнэ. Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээнд заасан эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авахыг зөвшөөрөхүйц эрхээр хангах журмыг өөрийн хууль тогтоомжид тусгах бөгөөд ялангуяа цаашид гарч болох зөрчилөөс урьдчилан сэргийлэх болон цаашид эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг өөрсдийн хууль тогтоомжид тусгана.
(1) (a) Хэлэлцэн тохирогч талууд Ассамблейтай байна. (b) Хэлэлцэн тохирогч тал тус бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно. (с) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон хэлэлцэн тохирогч тал хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа оронд тооцогддог эсхүл зах зээлийн эдийн засагт шилжиж буй орон болох хэлэлцэн тохирогч талын төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулахыг дэмжих зорилгоор Ассамблей санхүүгийн туслалцаа үзүүлэхийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “ДОӨБ” гэнэ)-аас хүсч болно. (2) (a) Ассамблей энэхүү гэрээг сахих, хөгжүүлэх, хэрэглэх, түүний үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. (b) Ассамблей засгийн газар хоорондын зарим тодорхой байгууллагыг энэхүү гэрээнд элсүүлэх асуудлыг хэлэлцэхдээ 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгээр түүнд ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. (с) Ассамблей энэхүү гэрээг хянаж өөрчлөх зорилгоор аливаа дипломат бага хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргах бөгөөд тийм дипломат бага хуралд бэлтгэхэд шаардлагатай зааварчлагыг ДОӨБ-ын ерөнхий захиралд өгнө. (3) (a) Хэлэлцэн тохирогч тал болох улс нэг санал өгөх эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс санал өгнө. (b) Засгийн газар хоорондын байгууллага болох хэлэлцэн тохирогч аливаа тал энэхүү гэрээний тал болох гишүүн улсынхаа тоотой тэнцүү тоогоор гишүүн улсынхаа оронд санал өгч болно. Хэрэв аль нэг гишүүн улс саналын эрхээ өөрөө хэрэгжүүлж байгаа бол засгийн газар хоорондын аль ч байгууллага санал өгөхөд оролцохгүй бөгөөд энэ журам мөн урвуугаар үйлчилнэ. (4) ДОӨБ-ын ерөнхий захирал хоёр жил тутамд нэг удаа ээлжит Ассамблейн чуулганыг зарлан хуралдуулна. (5) Ассамблей үйл ажиллагааныхаа журмыг тогтоох бөгөөд үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, чуулганы кворум, мөн энэхүү гэрээний заалтын дагуу төрөл бүрийн асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай олонхын хэмжээг тогтооно.
ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү гэрээтэй холбогдох захиргааны үүргийг гүйцэтгэнэ.
ДОӨБ-ын гишүүн аливаа улс энэхүү гэрээнд оролцогч тал болж болно. Ассамблей нь энэхүү гэрээгээр зохицуулж буй асуудлын талаар тодорхой эрх мэдэлтэй бөгөөд эдгээр асуудлаар гишүүн бүх улсад нь заавал биелүүлэх өөрийн хууль тогтоомжтой, мөн энэхүү гэрээнд нэгдэн орохыг нь зохих ёсоор дотоод журмынхаа дагуу зөвшөөрч эрх олгогдсон засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Европын хамтын нийгэмлэг өмнөх хэсэгт заасан мэдэгдлийг энэхүү гэрээг батласан Дипломат бага хурлын үед хийснээр энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.
Энэхүү гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол хэлэлцэн тохирогч тал тус бүр энэхүү гэрээгээр олгосон бүх эрхийг эдлэх ба үүргийг хүлээнэ.
Энэхүү гэрээ ДОӨБ-ын гишүүн аливаа улс болон Европын хамтын нийгэмлэг гарын үсэг зурахад 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.
Энэхүү гэрээ нь гуч дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ДОӨБ-ын ерөнхий захиралд хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
Энэхүү гэрээний заалтыг: 20 дугаар зүйлд дурдсан гучин улс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж; бусад аливаа улс ДОӨБ-ын ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа; Европын хамтын нийгэмлэг, хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ энэхүү гэрээ 20 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа хадгалуулсан бол тийнхүү хадгалуулснаас хойш гурван сарын дараа эсхүл тус баримт бичгээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа; энэхүү гэрээнд нэгдэж буй засгийн газар хоорондын өөр бусад байгууллага нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа тус тус заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.
Энэхүү гэрээнд ямар нэг тайлбар хийхийг хориглоно.
Аливаа хэлэлцэн тохирогч тал энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын ерөнхий захиралд өгснөөр цуцалж болно. ДОӨБ-ын ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа гэрээг цуцалсанд тооцно.
Энэхүү гэрээг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. (1) дэх хэсэгт дурдсанаас бусад хэлээр нийтлэх албан ёсны эх бичвэрийг сонирхогч бүх талтай зөвлөлдсөний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын ерөнхий захирал үйлдэнэ. Энэ хэсгийн зорилгоор “сонирхогч тал” гэж албан ёсны хэл эсхүл албан ёсны хэлнүүдийн аль нэгээр нь хүсэлт гаргасан ДОӨБ-ын гишүүн улс, мөн аль нэг албан ёсны хэлээр нь хүсэлт гаргасан Европын хамтын нийгэмлэг буюу энэхүү гэрээнд нэгдэн орж болох засгийн газар хоорондын аливаа бусад байгууллагыг хэлнэ.
ДОӨБ-ын ерөнхий захирал энэхүү гэрээний хадгалагч байна.