Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › БНМАУ-ЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1990-11-27, Улаанбаатар33

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.

БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн дагуу тухайн иргэнд нэмэгдэх тэтгэврийг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохоор тогтоосугай.

3.

1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо иргэний одоо авч байгаа энгийн ба цэргийн тэтгэврийн хэмжээ буурахаар буюу эсвэл тэтгэвэр анх тогтооход үндэс болгосон нас, ажилласан хугацаа, олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн зэрэг бүх төрлийн болзлын аль нэг нь өөрчлөгдсөнөөс тухайн иргэн хохирохоор байвал энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тогтоосугай. Харин партизан, улсын болон хөдөлмөрийн баатар, ардын ба улсын гавьяат цолтон, дайнд оролцогчид, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнээс бусад иргэний урьд тогтоолгосон улсын болон орон нутгийн тусгай тэтгэврийн хэмжээг энэ хуулийн дагуу өөрчлөн тогтоосугай.

4.

Налайх, Сайхан-Овоогийн нүүрсний уурхайд ажиллаж байгаад БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 181 дүгээр зарлигийн дагуу газрын доор ажилласнаар насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөн өөр ажилд шилжсэн эмэгтэйчүүдэд БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн 10 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-д заасан хортой, халуун нөхцөлд ажилласан байвал зохих нийт хугацаа, насны болзлын аль нэгийг хангасан тохиолдолд тэдний хүсэлтээр насны тэтгэвэр тогтоож байсугай.

5.

Газрын доор ажиллаж байсан эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд насны, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо БНМАУ-ын тэтгэврийн хуулийн 10 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1-д заасан хортой, халуун нөхцөлөөр тэтгэвэр авах ажилласан хугацаа, насны, 13 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1, 23, 39 дүгээр зүйлд заасан газрын доорх нөхцөлөөр тэтгэвэр бодох хувь, хэмжээний тухай заалтыг тус тус хэрэглэж байсугай.

6.

1991 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч үйлдвэрийн газар, байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүдэд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүдэд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд тооцож насны тэтгэврийг нь шинэчлэн тогтоохдоо БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн "Насны тэтгэврийн нэмэгдэл" гэсэн 15 дугаар зүйлийг хэрэглэж байсугай.

7.

БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/

иргэдийн бүх төрлийн тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоох ажлыг 1991 оны 1 улиралд багтаан дуусгах;

б/

энэ хуульд БНМАУ-ын Засгийн газраас батлан мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, жагсаалтыг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний дотор батлан гаргах;

в/

тэтгэврийн харилцааг зохицуулах асуудлаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, яам, улсын хороо, тусгай газрын урьд гаргасан шийдвэрүүдийг 1991 оны 2 дугаар сарын 1-ний дотор БНМАУ-ын Тэтгэврийн хуульд нийцүүлэх.

8.

БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн шаардлагатай зүйл, хэсгээр тайлбар боловсруулан 1991 оны 1 дүгээр сарын 1-ний дотор гаргахыг БНМАУ-ын Дээд шүүхэд даалгасугай.

9.

БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг тус тусын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг орон нутгийн Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

10.

Энэ тогтоолын хавсралтад дурдсан БНМАУ-ын хууль, зарлиг, зарлигийн заалтыг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ