uih-togtool
БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
1991-04-15, Улаанбаатар24
"БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын тухай" Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн мэдээллийг сонсож хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТЭМДЭГЛЭХ нь: БНМАУ-ын Засгийн газар өнгөрсөн хугацаанд улс орны амьдралд тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах талаар багагүй чармайлт гарган ажиллажээ. Гэвч улс орны эдийн засгийн хямрал гүнзгийрч, байдал ихээхэн хүндэрч байна. Олонхи үйлдвэр, аж ахуйн газарт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, үр ашгийн үзүүлэлтүүд үлэмж хэмжээгээр буурлаа. Эдийн засгийн гадаад харилцаа өрөөсгөл хандлагатай хэвээр байгаагаас үйлдвэр, аж ахуйн газар гадаад материал, түүхий эдээр гачигдаж, үйлдвэрлэл нь доголдож нэлээд нь сул зогсоход хүрч байна. Улсын санхүү төлбөрийн чадвар доройтож хүн амын нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ноцтой бэрхшээл учирч, хот, хөдөөгийн хөдөлмөрчдийн соёл гэгээрэл, эмнэлэг, холбоо, шуудан тээврийн үйлчилгээ олонтаа тасалдаж байна. Үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт, сахилга, дэг журам суларч улсын даалгаврыг тасалдуулах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх, төр, засгийн газарт бололцооноос хэтэрсэн шаардлага тулгах явдал цөөнгүй гарч байна. Ийм нөхцөлд Засгийн газар бодитой дүгнэлт хийж, цэгцтэй бодлого боловсруулан шийдвэртэй арга хэмжээ авч, шуурхай ажиллах бололцоогоо бүрэн ашиглахгүй байгааг анхааруулж байна. БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүн бүрийнхээ хариуцлагыг эрс өндөржүүлэх шаардлагатай байна. БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Засгийн газар /н.Бямбасүрэн/-т даалгах нь:
аж ахуйг эмхлэх, өмч хувьчлах, дотоод нөөц бололцоог дайчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, валютын курс, үнийг төвлөрсөн байдлаар тогтоодог журмыг өөрчлөх, орон нутгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах зэрэг чиглэлээр тодорхой арга хэмжээг боловсруулж, энэ оны эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж эхэлсүгэй.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар тавьсан саналынхаа үндэслэлийг Улсын Бага Хурлын гишүүдийн санал шүүмжлэлийг харгалзан боловсруулж, ойрын үед танилцуулахыг даалгасугай.
хүн амын ахуй, соёл гэгээрэл, шуудан холбоо, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах талаар орон нутгийн хөдөлмөрчдөөс Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдээр уламжлан тавьсан шийдвэрлэгдээгүй асуудлуудыг судалж, холбогдох арга хэмжээ авч, энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд танилцуулсугай;
хаврын тариалалтын өмнө төв, суурин газрын иргэдээс хувиараа аж ахуй эрхэлж, хүнсний хэрэгцээгээ хангах бололцоог бүрдүүлэх зорилгоор эдэлбэр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, үрээр хангах зэрэг шаардлагатай арга хэмжээ авсугай;
худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний цэг, салбаруудыг худалдах замаар хувьчлах шуурхай арга хэмжээ авсугай;
ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлийг эртлэн хангахад төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүчийг дайчилж, тодорхой үе шаттай ажил зохион байгуулсугай.
Хуулийн төсөл боловсруулах ажлын чанар, шуурхай байдлыг эрс дээшлүүлж, хуулийн биелэлтийг зохион байгуулах, хууль зөрчих явдалтай тэмцэх талаар харилцан ажиллагаагаа идэвхжүүлэн сайжруулахыг Засгийн газар, хууль хамгаалах төв байгууллагуудад даалгасугай.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ