Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Бүсчилсэн зөвлөлгөөний дүнгийн тухай

uih-togtool

Бүсчилсэн зөвлөлгөөний дүнгийн тухай

Хүчин төгөлдөр

Бүсчилсэн зөвлөлгөөний дүнгийн тухай

1991-07-05, Улаанбаатар5

Зөвлөлгөөний дүнгийн тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Гомбожавын мэдээллийг сонсоод ТЭМДЭГЛЭХ нь: БНМАУ-ын Ардын Их Хурлын удирдлагын зөвлөлөөс депутатуудын саналыг үндэслэн шийдвэрлэсний дагуу Улаанбаатар, Дархан, Мандалговь, Өндөрхаан, Ховд, Цэцэрлэг хотод Ардын Их Хурлын депутат, орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтны бүсчилсэн зөвлөлгөөн хийж "БНМАУ-ын эдийн засгийг хямралаас гаргах арга замын тухай" Засгийн газрын, "Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийн тухай" Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын илтгэлийг тус тус хэлэлцэж, Ардын Их Хурлын үйл ажиллагааны тухай болон Улсын Бага Хурлын Ш чуулганы дүнгийн тухай мэдээлэл сонсов. Бүсчилсэн зөвлөлгөөнд оролцогчид Улсын Бага Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс орныг эдийн засгийн хямралаас гаргах арга зам, Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийн тухай чиг баримтлалын талаар нухацтай, илэн далангүй шүүмжлэн хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч олон чухал санал дэвшүүлсэн байна. Ардын Их Хурлын депутатууд эдийн засгийг хямралаас гаргах, зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар Засгийн газрын баримталж байгаа чиг бодлого, авч байгаа арга хэмжээг үндсэнд нь дэмжиж тулгамдсан зорилтыг шийдвэрлэхийн тулд улс орныхоо дотоод нөөц бололцоог дайчлан санхүү, зээл, хэмнэлтийн үр нөлөө бүхий бодлого явуулж хэрэгжүүлэх, эдийн засгийн гадаад харилцааны өгөөжийг дээшлүүлэх, хөрш орнуудтай харилцаагаа улам идэвхжүүлэх, төрийн бүх шатны байгууллагын ажлын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах, шинэ хуулиуд, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг орон нутагт шуурхай зохион байгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг онцлон анхаарч тодорхой саналууд гаргалаа. Түүнчлэн бүх салбарт өвлийн бэлтгэлийг эртнээс хангаж, ард түмний өргөн хэрэглээний барааны хангамж, хуваарилалт, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээг сайжруулахад төв, орон нутгийн холбогдох байгууллагуудын ажлыг тууштай чиглүүлэх, төрийн захиргааны анхан шатны байгууллагын бие даасан ажиллагааг идэвхжүүлэх, энэ зорилгоор тэдгээрийг материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ нэн даруй авах явдал чухал байгааг олонтаа анхааруулжээ. Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийн тухай илтгэлийг хэлэлцэх явцад зөвлөлгөөнд оролцогчид уг хуулийн болон улсын нэрнээс эхлэн төслийн агуулга, бүтэц, хэл найруулгыг сайжруулах, төсөл хэлэлцүүлэх ажлыг зөв зохион байгуулах, гарсан саналыг нэгтгэн дүгнэж төсөлд тусгах зэрэг асуудалд онцгой анхаарал тавьжээ. Бүсчилсэн зөвлөлгөөн манай улс оронд тохиолдож буй ноцтой бэрхшээлүүдийг даван туулах арга замыг оновчтой тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн төв, орон нутгийн байгууллагуудаас зохиох ажлыг идэвхжүүлэх, Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг хэлэлцүүлэх, цаашид боловсруулах ажлыг эрчимжүүлж, Ардын Их Хурлын ээлжит хуралдааны бэлтгэлийг эртлэн хангахад нэн чухал ач холбогдолтой болов. БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:

а/

улс орны эдийн засагт тохиолдож буй бэрхшээлийг даван туулах арга зам, дотоод, гадаад бодлого, орон нутгийн эдийн засаг, нийгэм-соёлын амьдрал, иргэдийн аж байдлын асуудлаар Ардын Их Хурлын депутатууд болон засаг захиргааны байгууллагын ажилтан нараас гаргасан санал, дүгнэлтийг нягтлан судалж дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б/

орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санхүү, материаллаг баазыг бэхжүүлэх, сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадыг унаагаар хангах болон ажилтнуудынх нь ажиллах нөхцөл, бололцоог сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр хангах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэмжээг энэ онд багтаан шийдвэрлэсүгэй;

в/

сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн бригадыг түшиглэн багийн даргын орон тоо бий болгож засаг захиргааны ажил эрхлэн гүйцэтгүүлж байгаа практикийг судлан дүгнэж, жигдлэх арга хэмжээ авсугай;

г/

хүн амын өргөн хэрэглээний бараа, хүнсний хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж нөөц, бололцоогоо зөв зохистой ашиглах замаар түүнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирэх онд шаардагдах хүнсний нөөцийг бэлтгэх арга хэмжээг цаг алдалгүй авсугай;

д/

хууль, ялангуяа аж ахуй-эдийн засгийн харилцааны талаархи шинэ хуулиудыг ард нийтэд тайлбарлан таниулж нэг мөр ойлгуулах, тууштай хэрэгжүүлэх ажлыг мэргэшсэн удирдлагаар хангах тухайлсан арга хэмжээ авсугай.

2.

Улсын Бага Хурлын үйл ажиллагааны талаар гарсан санал, шүүмжлэлийн дагуу хуулийн болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлыг сайжруулах, хуулийн биелэлтийг хянан шалгах, зохион байгуулах, энэ талаар гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт, туслалцааг идэвхжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Бага Хурлын удирдлага, Байнгын хороодод даалгасугай.

3.

Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг ард нийтээр хэлэлцүүлэх талаар гарсан санал, шүүмжлэлийн дагуу дор дурдсан арга хэмжээ авахыг Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисст даалгасугай:

а/

төсөл боловсруулах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хөдөлмөрчид, эрдэмтэн, мэргэжилтнүүдээр өргөтгөн ажиллуулах;

б/

төсөл хэлэлцэх, хянан боловсруулах ажилд оролцох талаар Ардын Их Хурлын депутатуудын гаргасан санаачилгыг дэмжиж, зохион байгуулах;

в/

төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх ажлыг Ардын Их Хурлын сонгуулийн нийт тойрогт хийх депутатуудын уулзалттай зохицуулан зохион байгуулах.

4.

Орон нутгийн Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаадад даалгах нь:

а/

бүсчилсэн зөвлөлгөөн дээр гарсан санал, шүүмжлэлээс ажилдаа дүгнэлт хийж, орон нутгийнхаа амьдралын тулгамдсан асуудлыг аль болохоор бие даан шийдвэрлэх, төрийн хууль, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулахад анхаарлаа төвлөрүүлж ажилласугай;

б/

Ардын Их Хурлын депутатуудаас сонгогчидтойгоор уулзах, Их цааз /Үндсэн хууль/-ын төсөл танилцуулахад нь зохион байгуулалт, арга зүйн бүхий л туслалцаа үзүүлсүгэй.

5.

Улс оронд тохиолдсон эдийн засгийн бэрхшээлээс аль болох богино хугацаанд гаргах зайлшгүй нөхцөл бол улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, зохион байгуулалт, сахилга, дэг журмыг бэхжүүлэх явдал мөн гэсэн бүсчилсэн зөвлөлгөөний нийтлэг дүгнэлтийг иш үндэс болгон төр, засгийнхаа хэвийн үр дүнтэй ажиллах нөхцөл, боломжийг хангахад хүчин чармайлт гаргаж зохих хувь нэмэр оруулахыг нийт иргэд, нам, эвлэл, холбоодод уриалсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ