Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Улс орны эдийн засгийн амьдралтай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Улс орны эдийн засгийн амьдралтай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улс орны эдийн засгийн амьдралтай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

1991-08-28, Улаанбаатар57

Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт, сахилга, дэг журам суларч, хууль ёсыг үл ойшоох явдал удирдлагын бүх түвшинд илэрч байна. Төрийн дээд байгууллагаас баталж гаргасан хуулиуд, ялангуяа "БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай", "БНМАУ-ын Өмч хувьчлах тухай", "1991 оны улсын төсвийн тухай" зэрэг аж ахуйн хуулиудыг тайларлан таниулах, биелэлтийг нь зохион байгуулах, шалгах ажил тө, орон нутагт туйлын хангалтгүй байгаагаас эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явц удааширч ноцтой бэрхшээлтэй тулгаран улмаар аж ахуйн эмх замбараагүй байдалд хүргэж байна. Энэ нөхцөлд хууль ёсыг чанд сахиулж, хууль биелүүлэх ажилд төрийн эрх барих болон захиргаа, хууль хамгаалах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл, тоо бүртгэлийн тогтолцоог нэн яаралтай шинэчилж эдийн засаг, нийгмийн үйл явцыг төр, Засгийн газрын зүгээс үр дүнтэй удирдах нөхцөлийг хангах шаардлагатай байна. Манай оронд өрнөж байгаа өөрчлөн байгуулалт, ардчилах үйл явцыг талархан дэмжиж, хамтран ажиллах чиглэлээр нааштай алхам хийж байгаа гадаад орнуудын тус дэмжлэг, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаас үзүүлж буй зээл, тусламжийн ач холбогдлыг БНМАУ өндөр үнэлж байна. Үүнтэй уялдуулан гадаад орон, олон улсын байгууллагуудын зээл, тусламжийг оновчтой, үр дүнтэй ашиглахад чиглэсэн эдийн засаг, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна. БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:

а/

улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг төрөөс удирдах, түүнд төр, олон түмний хяналтыг хүчтэй болгох үүднээс үнийн өсөлт, мөнгөний ханшны уналт, хүн амын амьжиргааны түвшинг индексжүүлж, сар, улирал, жилээр тогтмол мэдээлж байх, бүртгэл тооцоо, мэдээллийн тогтолцоог шинэчлэх ажлыг энэ оны 9 дүгээр сард багтаан зохион байгуулж, түүнийг үндэслэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байсугай;

б/

гадаад орон, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагаас зээл, тусламж авч ашиглах чиглэл, энэ талаар урд байгуулсан хоёр болон олон талын гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн биелэлтийн тухай мэдээлэл бэлтгэж БНМАУ-ын Бага Хуралд өргөн мэдүүлэхийн хамт цаашид уг асуудлаар байгуулах гэрээ, хэлэлцээрийн төслийг БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасан бүрэн эрхийнх нь дагуу тухай бүр урьдчилан танилцуулж байсугай;

в/

төсвийн алдагдлыг багасгах чиглэлээр 1992 оны улсын төсвийн төслийг орлого, зарлагын зүйл ангиар нь нарийвчлан боловсруулах, Татварын улсын албыг бэхжүүлэх, татварын улсын байцаагчийн эрхийг баталгаажуулах, үүргээ зохих ёсоор биелүүлэх бололцоог хангах арга хэмжээг 1991 оны 10 дугаар сард багтаан авсугай;

г/

улс орны экспортын нөөц хомс, импортын хэмжээ хязгаарлагдмал байгааг харгалзан удирдлагын бүх шатны үйл ажиллагааг арвилан хэмнэлтийн хатуу зарчимд шилжүүлэн ажиллуулж өвлийн бэлтгэлийг хангах ажлыг шуурхай зохион байгуулахын зэрэгцээгээр нэмэлт импортыг шаардахгүйгээр одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан өвөлтийг даван туулах хөтөлбөр боловсруулж 1991 оны 9 дүгээр сарын 15-ны дотор БНМАУ-ын Бага Хуралд танилцуулах арга хэмжээ авсугай.

2.

БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийг тайлбарлан таниулах, түүний биелэлтийг зохион байгуулах ажлын одоогийн байдалд дүгнэлт хийж, түүнийг эрчимжүүлэхийн хамт хоршооллынхоо амьдралыг БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулж хувьчлалыг хуулийн дагуу хийж буй хөдөө аж ахуйн нэгдлүүдийг улсын /банкны/ зээлийн өрөөс чөлөөлөх асуудлыг 1991 оны 9 дүгээр сарын 1-ний дотор судалж шийдвэрлэхийг БНМАУ-ын Засгийн газар, Монголбанкинд даалгасугай.

3.

Бусад байнгын хороодтой хамтран БНМАУ-ын хуулиудын биелэлтэд хяналт шалгалтыг эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулахад гол анхаарлаа төвлөрүүүлж ажиллахын хамт БНМАУ-ын Засгийн газраас өөрийн бүрэн эрх эхэлснээс хойших хугацаанд гаргасан тогтоол, шийдвэр БНМАУ-ын хуульд нийцэж байгаа эсэхийг судалж, дүнг БНМАУ-ын Бага Хуралд 1991 оны 10 дугаар сард багтаан танилцуулахыг БНМАУ-ын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

4.

Аймаг, хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдэд даалгах нь:

а/

өвлийн бэлтгэл хангах, ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг цаг үеийн чухал ажил удаашралтай, нэлээд газарт урсгал шинжтэй байгааг онцлон анхаарч, уг ажлыг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан шуурхай зохион байгуулах нэмэлт арга хэмжээ авсугай;

б/

орон нутагт хуулийг тайлбарлаж таниулах, түүний биелэлтийг зохион байгуулахад тус тусын гүйцэтгэх байгууллагын ажлыг шуурхай чиглүүлж, түүнд тавих Хурлын хяналт шалгалтыг хүчтэй болгохын хамт энэ ажилд аж ахуй, олон нийтийн байгууллагыг татан оролцуулах ажлаа эрчимжүүлсүгэй.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ