Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай

1993-11-11, Улаанбаатар81

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, дүгнэлт, зорилтын тухай Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн илтгэлийг сонсоод Монгол Улсын Их Хурлаас ТЭМДЭГЛЭХ нь: Манай орны эдийн засаг, нийгмийн амьдрал нэн хүндрэлтэй үед Засгийн газар шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар төрийн захиргааны байгууллагын шинэ тогтолцоог төв, орон нутагт бүрдүүлэх, эдийн засгийг зах зээлийн харилцаанд тууштай шилжүүлэх орчин нөхцөл, эрх зүйн үндсийг буй болгох, шилжилтийн үеийн сөрөг үр дагавраас хүн амын эмзэг хэсгийг хамгаалахад анхаарлаа төвлөрүүлэн ажиллажээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, үнэ, тарифыг чөлөөт тогтолцоонд шилжүүлж, мөнгө, зээл, санхүүгийн хатуу бодлогыг хэрэгжүүлсэн нь эдийн засгийг жолоодлогогүй инфляцаас сэргийлэх, цаашид эрүүлжүүлэхэд чиглэгдсэн чухал алхам болов. Валютын болон чухал хэрэгцээт барааны улсын нөөцийг сэргээх, хугацаа хэтэрсэн гадаад өрийн дарамтыг хөнгөлөх талаар мэдэгдэм ахиц гаргасан байна. Эдгэр нь макро түвшний удирдлагыг хүчтэй болгох талаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн үндсэн зорилтууд хэрэгжин эхэлж байгааг харуулж байна. Эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар Засгийн газраас авч буй арга хэмжээг олон улсын байгууллага, дэлхийн олон орон талархан дэмжиж, хандивлагч орнуудын хүрээ өргөжсөөр байна. Ажлын зарим тодорхой эхлэл, ахиц байгаа боловч эдийн засагт хямрал үргэлжилж үйлдвэрлэлийн бууралт зогсохгүй байгааг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон үзэх ёстой. Дотоодын түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийн хэмжээ буурч, хүн ам өргөн хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр гачигдаж байхад түүхий эдийг хилийн худалдаагаар гадагш гаргах явдал үлэмж нэмэгдэж байна. Энэ талаар Засгийн газраас зохицуулалтын оновчтой арга хэмжээ аваагүй байна. Улс орны эдийн засгийг хямралаас гаргахад дорвитой нөлөө үзүүлж чадахуйц үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих эдийн засгийн нөлөөтэй арга хэмжээ аваагүй, санхүү, мөнгө, зээлийн хөшүүргийг зохистой ашиглаж чадаагүй байна. Засгийн газар төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан үйлдвэр, аж ахуйн нэгжид эзэн болж удирдлага, зохион байгуулалт, өмчийн хамгаалалт, ашиглалтад нь хяналт тавьж үйл ажиллагааг нь зохицуулах талаар нэн чамлалттай ажиллаж байна. Өмч хувьчлалын анхны үр дүн болж гарсан хувьцаат компаниудад өмч хөрөнгө эзэнгүйдэж, удирдлагын тогтолцоо нь жолоодлогогүй болж хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч байна. Хувьцаат компанийн ажилд оршиж байгаа дутагдлыг арилгах, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг нээн ажиллуулах талаар Засгийн газар цаг алдаж, санаачилга муутай ажиллажээ. Малчид, хувийн аж ахуйтныг үйл ажллагааны нь өвөрмөц онцлогт зохицуулан зах зээлийн харилцаанд шилжүүлэх зохион байгуулалтын зохистой тогтолцоог бүрэлдүүлж чадаагүйгээс малчид, хөдөөгийн иргэд зах зээлд шилжих үеийн сөрөг үр дагаварт нэрвэгдэж, ажиллах, амьдрах нөхцөл нь зарим талаар доройтох байдалд хүрч байна. Хөдөөд хэвлэл шуудан хүргэх ажил, ахуй соёлын үйлчилгээ зогсонги байдалд орлоо. Нийгэм, оюуны амьдралын хүрээнд буй болсон бэрхшээл үргэлжилсээр байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж ажилгүйдлийг багасгах чиглэлд Засгийн газраас зохиож байгаа ажил бие даасан нийгмийн бодлогын хэмжээнд хүрч чадаагүй байна. Үнэ, тарифын өсөлтөөс үүдэн гарч байгаа сөрөг үр дагавраас хүн ам, ялангуяа түүний эмзэг хэсгийг хамгаалах талаар Засгийн газраас авч байгаа арга хэмжээ нь байдлыг зөөлрүүлэх төдийгөөр хязгаарлагдаж байна. Шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэндийн талаар тавьсан зорилт хугацаандаа хэрэгжихгүй, зарим талаар хүрсэн түвшин алдагдахад хүрч байна. Нийгмийн дэг журам сахиулах, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх талаархи Засгийн газрын үйл ажиллагаа сул байгаа нь тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд багагүй саад учруулж байна. Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаа нь үндсэндээ хөтөлбөрөө хэрэгжүүлж, улс орнынхоо нийгэм, эдийн засгийг хямралаас гаргахад чиглэгдэж байна гэж дүгнэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:

1/

эдийн засгийн макро түвшний тогтворжилтын нааштай эхлэлийг бэхжүүлэн үндэсний үйлдвэрлэлийг сэргээж идэвхжүүлэх явдал нь эдийн засгийг хямралаас гаргах үндсэн нөхцөл гэж үзэж үйл ажиллагаагаа түүнд чиглүүлэх;

2/

төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ашиг орлого, цалингийн сан, валютын нөөц, хөрөнгө оруулалтын зарцуулалт, ашиглалтад тавих хяналтыг чангатгаж нэгдсэн бодлого захируулах, түүнчлэн төрийн өмчийн оролцоо бүхий хувьцаат компаниудад төрийн төлөөллийн тогтолцоог бүрдүүлж зүгшрүүлэх;

3/

хувийн аж ахуйтан-малчид, тариаланчид хоршин ажиллах замаар хөдөөгийн онцлогт тохирсон зах зээлийн оновчтой дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэсэн санаачилгыг бүх талаар дэмжин ажиллах;

4/

тодорхой хөтөлбөрийн дагуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, хүн амын эмзэг давхаргыг хамгаалах;

5/

шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, нийгэм хангамжийн салбарыг зах зээлийн харилцааны нөхцөлд зохицуулан өөрчлөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх;

6/

нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих, энэхүү байгууллага, Засаг дарга, яамдын уялдаа холбоог нягтруулах;

7/

шүүх, прокурорын байгууллагаас үйл ажиллагаагаа идэвхтэй үр нөлөөтэй явуулах нөхцөл, бололцоог бүрдүүлэх;

8/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай тайланг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын Байнгын хороо, гишүүдээс гаргасан санал, дүгнэлт, шүүмжлэлийг судалж, үйл ажиллагаанд харгалзан үзэж ажиллах;

9/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Улсын Их Хурлын жил бүрийн намрын чуулганы эхэнд тайлагнаж байх.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ