Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Орон нутгаас тавьсан санал, хүсэлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Орон нутгаас тавьсан санал, хүсэлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Орон нутгаас тавьсан санал, хүсэлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-04-12, Улаанбаатар31

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын зарим гишүүд орон нутагт ажиллах явцад байгууллага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурлын дор дурдсан Байнгын хороо, харьяа байгууллагад даалгасугай:

1/

Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын шинжлэх ухаан, эрх зүйн тайлбар гаргах ажлыг энэ онд багтаан; -хуулийн төсөл боловсруулах, өргөн барих тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг энэ оны 4 дүгээр сард багтаан; -согтууралт, хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэгт татан оруулах явдалтай тэмцэх талаарх хууль тогтоомжийн биелэлтийг шалгуулах ажлыг энэ оны эхний хагаст багтаан холбогдох Байнгын хороодтой хамтран тус тус зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороо /С.Төмөр/-нд;

2/

нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, арга зүйн удирдлагаар хангах талаар авах арга хэмжээг энэ оны 4 дүгээр сард багтаан тодорхойлох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтуудын хэрэгжилтийг судлан үзэж, үүний дагуу авах арга хэмжээний тухай саналаа Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганд танилцуулахыг Хурал, захиргааны байнгын хороо /Д.Дашцэдэн/-нд;

3/

өмч хувьчлалын ажил эхлэхээс өмнө хөдөө аж ахуйн байгууллагын авсан богино хугацаатай зээлийн өрийн асуудлыг судлан үзэж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулж, энэ оны 4 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо /А.Базархүү/, Монголбанк /Д.Моломжамц/-нд;

2.

Улсын Их Хурлаас батлан гаргасан зарим хуулийг тусгай товхимол болгон хэвлүүлж байхыг Улсын Их Хурлын Тамгын газар /Н.Ринчиндорж/-т даалгасугай.

3.

Цаг агаарын онц хүндрэлтэй аймгуудын талаар болон орон нутгийн байгууллага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж зайлшгүй шаардлагатай арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, дүнг Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганд танилцуулахыг Улсын Их Хурлын дэд дарга /Ж.Гомбожав/-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ