uih-togtool
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай
Хүчин төгөлдөрГадаадын хөрөнгө оруулалтын тухай
1993-05-25, Улаанбаатар39
Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, гадаад улс, олон улсын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон бусад шийдвэрийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нийцүүлэх, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг 1993 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан авах;
эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээ, түүнд тавих нөхцөл шаардлагыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7, Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэн тодорхойлж, 1993 оны 6 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, зохицуулах болон түүнтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, тухай олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрт нэгдэх, олон улсын байгууллагад элсэн орох асуудлыг судалж, 1993 онд багтаан шаардлагатай арга хэмжээ авах;
гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж Монгол Улсын зарим хууль тогтоомж, лавламжийн шинжтэй бусад баримт бичгийг англи хэл дээр бэлтгэн, 1993 онд багтаан хэвлэх ажлыг зохион байгуулах.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "БНМАУ-ын Гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол, "Гадаадын байгууллагын орлогод татвар оногдуулж байх тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 205 дугаар зарлигийг 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ