uih-togtool
Шалгалтын дүнгийн тухай
Хүчин төгөлдөрШалгалтын дүнгийн тухай
1994-01-17, Улаанбаатар19
Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, нууцын хадгалалт, хамгаалалтыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шалгасан тухай Улсын Их Хурлын ажлын хэсгийн мэдээллийг чуулганаараа хэлэлцээд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын бүртгэлд авагдсан Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүдтэй холбогдолтой гэх мэдээ, мэдээлэл устгагдсан нь тогтоогдоогүй,түүнчлэн эдгээр мэдээ, мэдээлэлд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдээс албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өмч хөрөнгө ашигласан гэх баримт байхгүй байна. Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт нууцын хадгалалт, хамгаалат шаардлага хангахгүй байгаагаас батлагдаагүй мэдээлэл хэвлэлд гарах, нийтийн дунд цуурхал байдлаар тарах, зарим албан тушаалтны нэр төрийг гутаахад ашиглагдах явдал гарсаар байна гэж ажлын хэсгээс дүгнэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн нэр төрийг сэргээх асуудлыг авч үзэж хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хороонд даалгасугай.
Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар шаардлагатай арга хэмжээ авч дүнг Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд танилцуулахыг Засгийн газарт даалгасугай.
Энэ тогтоолын 2 дахь заалтын биелэлтэд хяналт тавихыг Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд тус тус даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ