uih-togtool
Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль батлагдсантай холбог- дуулж авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль батлагдсантай холбог- дуулж авах зарим арга хэмжээний тухай
1994-12-01, Улаанбаатар83
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь: Санхүү, мөнгө зээлийн хүрээн дэх хямрал үргэлжилж, сахилга хяналт суларч, мөнгөн гүйлгээний дэг журам алдагдаж, дотоодын аж ахуйн хүрээнд төлбөрийн чадвар доройтож, өр зээлийн гинжин холбоо үүсэн төсвийн алдагдал ихсэж байна. Төсвийн орлого тасарч төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд олгох татаасыг хугацаанд нь бүрэн олгож чадахгүй болсноос иргэдийн тэтгэвэр, тэтгэмж болон төсөвт байгууллагын ажилтны цалин хөлсийг олон сараар олгохгүй саатуулж байна. Бүх шатны гүйцэтгэх байгууллагаас төсвийн гүйцэтгэлд тавих хяналт сулаас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах, төсвийн сахилга зөрчих явдал гарсаар байна. Төсвийн зарлага, санхүүжилтэд бүтцийн гүнзгий өөрчлөлт хийж төсвийн хөрөнгийн зориулалтыг оновчтой болгох, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэн төвлөрсөн төсвийн алдагдлыг бууруулах нь 1995 онд баримтлах төсвийн бодлогын үндсэн чиглэл мөн гэдгийг онцлон тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
төсвийн орлого, татварын баазыг бэхжүүлэх, татвараас хавтгайруулан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг багасгах, төлөвлөлтийг оновчтой болгох, орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох замаар төсвийн гүйцэтгэлийн явцад түүний тэнцлийг сайжруулах;
бүх шатны удирдлагын бүтцийг хянан үзэж, ажлын ачааллыг нягтруулах, аппаратын шат дамжлагыг цөөлөх, орон тоог хорогдуулах чиглэлээр Улсын Их Хурлын 1994 оны 73 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал боловсруулж 1995 оны 1 улиралд багтаан Их Хуралд танилцуулах;
төрийн өмч, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад бүх шатны гүйцэтгэх байгууллагаас тавих хяналтыг чангатгах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах явдлыг таслан зогсоох, түүнчлэн бүх шатны төсөв захирагчдад албан томилолтын болон унааны зардлын лимитийг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс тогтоож хяналт тавих;
Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгуудад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсвөө хэлэлцэж батлахаас өмнө төсвийн орлого, зарлагын үзүүлэлтэд газар дээр нь судалгаа хийж орлого нэмэгдүүлэх, төвлөрсөн төсвөөс олгох татаасыг багасгах;
төрийн байгууллагад ажиллагсдын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох;
сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан малчид, хөдөөгийн жижиг сууринг цахилгаанжуулах асуудлаар тендер зарлаж төсөл шалгаруулан 1995 оноос хэрэгжүүлж эхлэх;
төсвийн орлогын баазыг бэхжүүлж, орлого, татварыг төсөвт бүрэн авах, удирдлагын болон төсөвт байгууллагын давхардлыг арилгах, арвилан хэмнэлтийн хатуу горим тогтоож ажиллах чиглэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн 1995 оны төсвийг батлуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;
амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг 1995 онд хагас, бүтэн жилээр тогтоож, мөрдүүлэх;
нийгмийн халамжийн сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох журмыг тогтоож 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэх.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт шалгаж, санхүүжилтийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрийн бүрдэлтийн талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар, Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хороонд даалгасугай.
Монгол Улсын 1995 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлд болон энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо /А.Базархүү/-нд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ