Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэлийг батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэлийг батлах тухай

1994-12-01, Улаанбаатар84

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд даалгах нь:

1/

улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, гадаад төлбөр, тооцоо, өрийн асуудлыг Улсын Их Хуралд хагас, бүтэн жилээр танилцуулж байсугай;

2/

банкны хуучин тогтолцооны үед үүссэн зээл, түүний хүү болон иргэдэд олгосон зээлээс хугацаа хэтэрсэн зээлийг нарийвчлан судлан үзэж тэдгээрийг барагдуулах тодорхой арга хэмжээ авч 1995 оны 7 дугаар сарын 1-ний дотор шийдвэрлэсүгэй.

3.

Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгасугай:

1/

мөнгөний нийлүүлэлтийг удирдах мөнгөний хяналтын шууд аргаас шууд бус аргад шилжихтэй холбогдуулан нийт мөнгө, нөөц мөнгө, мөнгөний үржүүлэгчийн өөрчлөлт, уялдааг оновчтой тогтоож дахин санхүүжилтийн болон хямдруулалтын цонхны механизмыг нэвтрүүлэх, заавал байлгах нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хүүгийн уян хатан бодлого явуулах, үнэт цаас гаргаж, түүний хоёрдогч зах зээлийг нээх зэрэг эдийн засгийн аргаар мөнгөний хяналтыг хэрэгжүүлэх ажлыг ээлж дараалалтай зохион байгуулах;

2/

банкны системийн бүтэц, тогтолцоо, удирдлагыг цаашид боловсронгуй болгох зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа авах талаар санал боловсруулах;

3/

банкны байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бэхжүүлж, түүнд тавих хяналтыг эрчимжүүлэх.

4.

Монголбанкны эх үүсвэрээс бүрдэж төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээг 25,0 сая ам.доллараар тогтоосугай.

5.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо /А.Базархүү/-нд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ