Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Шалгалтын дагуу авах арга хэмжээний тухай

uih-togtool

Шалгалтын дагуу авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Шалгалтын дагуу авах арга хэмжээний тухай

1994-12-06, Улаанбаатар91

Улсын Их Хурлын 1994 оны 73 дугаар тогтоолын дагуу 1994 оны улсын төвлөрсөн төсвийн зарцуулалт, хуваарилалтын байдлыг Сангийн яаманд шалгасан шалгалтын дүнгийн тухай Төсөв, санхүү, мөнгө-зээлийн бодлогын байнгын хорооны мэдээллийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь: Монгол Улсын 1994 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газраас төсвийн орлого, зарлагыг улирлаар тооцон төлөвлөж, үүний үндсэн дээр төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулан ажиллаж байна. Гэвч улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах ажилд багагүй зөрчил, дутагдал оршиж байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Засгийн газар Монгол Улсын Төсвийн тухай хуулиар Засгийн газрын төслийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах талаар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн журам тогтоон мөрдүүлж, уг журмын хэрэгжилтэд тавих хяналтыг орхигдуулснаас их хэмжээний мөнгийг эргэж төлөгдөх төсвийн хөрөнгө гэсэн нэрээр олон аж ахуйн нэгж, байгууллагад бага хүүтэй удаан хугацаагаар судалгаа, тооцоо муутай олгосон байна. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах, зарим тохиолдолд зээлийн гэрээнд заагдаагүй зориулалтаар хувь хүн, хувийн компани улсын хөрөнгөөр бизнес хийх боломж олгожээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газар, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг холбогдох албан тушаалтнуудын ажлын хариуцлагатай холбон Засгийн газрын танхимын хуралдаанаар хэлэлцэж санал дүгнэлтээ болон шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тухайгаа Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд 1994 оны 12 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд /П.Жасрай/-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ