Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1998 › Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай

uih-togtool

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай

1998-08-21, Улаанбаатар96

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "зөвшилцөх" гэсэн үгийг дараахь байдлаар ойлгон хэрэглэж байхаар Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Зөвшилцөх" гэдгийг гаргаж буй шийдвэрийн талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно. Ийнхүү зөвшилцөхдөө аль талд нь асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь байна, тэр тал нь давуу эрхтэй оролцоно. Үүнд: Засгийн газар огцорсон, Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга сонгогдсон, Ерөнхий сайд нас нөгчсөнөөс хойш 14 хоногийн дотор Улсын Их Хуралд 50-иас дээш хувийн олонхи суудал авсан нам, эвслийн удирдах төв байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулна. Хэрэв Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн хүний талаар санал нийлэхгүй тохиолдолд 3 хоногийн дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ. Хэрэв Ерөнхийлөгчийн саналыг тухайн нам, эвсэл хүлээн авсан нөхцөлд шинээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Энэ ажиллагаа 14 хоногоос хэтрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн саналыг тухайн нам, эвсэл хүлээж авахгүй нөхцөлд Ерөнхийлөгч Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслийн саналыг Улсын Их Хуралд оруулах бөгөөд нэр дэвшүүлсэн хүний талаар санал нийлэхгүй байгаа үндэслэлээ уг нэр дэвшигчийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ танилцуулж болно.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ