uih-togtool
Зарим сумдыг нэгтгэж, нутаг дэвсгэрийн хилийн цэст өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим сумдыг нэгтгэж, нутаг дэвсгэрийн хилийн цэст өөрчлөлт оруулах тухай
1999-04-15, Улаанбаатар19
Увс аймгийн Хархираа, Тариалан сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Увс аймгийн Хархираа сумыг татан буулгаж, мөн аймгийн Тариалан сумтай нэгтгэсүгэй.
Увс аймгийн Тариалан , Улаангом, Наранбулаг, Давст сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хавсралтын ёсоор өөрчлөн баталсугай.
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай:
сумдыг нэгтгэсэнтэй холбогдуулан хуучин Хархираа сумын иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл хангах;
Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох ажлыг 1999 оны 6 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай” Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 222 дахь хэсэг, "БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дах хэсгийн "Улаангом"-той холбогдох заалт, “Сум байгуулах тухай” Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ