uih-togtool
Шуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрШуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2003-05-15, Улаанбаатар17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Нэг. Шуудангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай: 1/ шуудангийн төв, орон нутаг дахь салбар, нэгжүүдийг зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Монгол Улсын шуудангийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх; 2/ шуудангийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангахын тулд аймаг, нийслэл, сумын төвүүдэд шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрыг Монголшуудан компанийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх; 3/ Монгол Улсын хаягийн нэгдсэн системийг шинэчлэн тогтоох; 4/ Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэмд өөрчлөлт оруулах замаар Зохицуулах хорооны бүтцэд шуудангийн асуудал эрхэлсэн алба байгуулж ажиллуулах; 5/ Шуудангийн тухай хуульд холбогдох эрх зүйн актуудыг нийцүүлэх; 6/ Шуудангийн тухай хуулийн 14.2-т заасан санхүүгийн үйлчилгээг үйлчлэгчээс эрхлэн явууулах боломж, холбогдох хууль тогтоомжийг судлан үзэж, тодорхой санал боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. Хоёр. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг 2003 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай. Гурав. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР