Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2008 › Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

2008-11-21, Улаанбаатар35

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, түүнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

2/

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

3/

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төслүүдийн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 2009 оны эхний хагас жилд багтаан боловсруулах.

3.

Ашигт малтмалын стратегийн болон томоохон орд газруудыг ашиглаж олсон орлогоос Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийн хэмжээгээр хүртээхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т, энэхүү хөрөнгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

4.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа нягт уялдуулан ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ