Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2010 › Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

2010-04-30, Улаанбаатар22

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД