Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2012 › Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай

2012-12-28, Улаанбаатар74

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/

малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгох;

Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

2/

хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;

Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

3/

хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

Энэ заалтад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

4/

энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох;

5/

арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах.

3.

“Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн” гэсэн тодотголыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Энэ заалтыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

4.

Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД