uih-togtool
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2013-01-10, Улаанбаатар6
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эхлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай:
Хадгаламжийн даатгалын корпорацийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 10-ны дотор байгуулах;
банкуудыг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд хамруулах арга хэмжээ авах;
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 тэрбум төгрөгийн 50.0 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 50.0 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тус тус гаргаж, мөн хуулийн 19.5-д заасны дагуу Монголбанкинд нээсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн дансанд төвлөрүүлэх;
2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.5-д заасан шимтгэлийг төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 19.5-д заасны дагуу Монголбанкинд нээсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн дансанд 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор шилжүүлэх.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.
Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД