uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай
2015-10-08, Улаанбаатар83
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “... томилогдсон … огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД