Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

uih-togtool

Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

2017-05-31, Улаанбаатар38

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталсугай.

2.

“Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/

бодлого, шийдвэрийн төлөвлөлт, хэрэгжилтэд статистикийн тоо мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах;

2/

хөтөлбөрт заасан зорилго, зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хуваарилах ажлыг зохион байгуулах;

3/

энэхүү хөтөлбөрт нийцүүлэн яам, агентлагийн захиргааны статистикийн мэдээллийг сайжруулах арга хэмжээ авах.

3.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Үндэсний статистикийн хороо /А.Ариунзаяа/-нд даалгасугай:

1/

хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Үндэсний статистикийн хорооны зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

2/

хөтөлбөрийн биелэлтийг хангаж, дүнг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах;

3/

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн зохих хэсгийг бүрдүүлэх ажлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хүрээнд зохион байгуулж ажиллах.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД