uih-togtool
Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2017-07-06, Улаанбаатар52
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг, 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:
Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн нийт авлага, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж, цаашид авлага, өр төлбөрийг бууруулах талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Засгийн газрын он дамжих үнэт цаасны хэмжээг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээс хэтрүүлэхгүйгээр зориулалтын дагуу зарцуулах.
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/-т даалгасугай.
Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгийн дүн нэмэгдсэн шалтгааныг тодруулж, хөрөнгийн ангилал бүрээр тайлагнах;
Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны болон урт хугацаат өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг тодруулж, тайлагнах.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд, уг тогтоолын хэрэгжилтийн явцыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/ нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД