uih-togtool
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2022-11-10, Улаанбаатар65
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
Доор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:
гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх;
гадаад худалдаа, тээвэр, логистикт үүссэн хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх;
гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, валютын эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах;
уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжихэд чиглэсэн гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх;
тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулан, хэрэгжүүлэх;
орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 оны 2 дугаар улиралд багтаан шилжүүлэх;
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжих;
валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчдыг таньж мэдэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнчлэн үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах;
урт хугацааны тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР