Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай

uih-togtool

Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай

2023-11-10, Улаанбаатар94

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын дагуу ирүүлсэн PN-202310-70621 дугаартай нийтийн өргөдөл, PN-202310-96904 дугаартай нийтийн өргөдлийн үр дүнг үндэслэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга ёсны зарчимд нийцүүлэн татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан асуудлаар шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд /Ч.Хүрэлбаатар/, Монгол Улсын Сангийн сайд /Б.Жавхлан/ нарт тус тус даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР