Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2023 › Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2023-01-12, Улаанбаатар6

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг баталж, мөрдүүлэх;

2/

биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтэц /итгэмжлэгдсэн лаборатори, агуулах, терминал, тээвэр логистикийн төв/-ийг бий болгох;

3/

уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах.

2.

Энэ тогтоолын 1 дэх дэд заалтад заасан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд хяналт тавих журмыг баталж, хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.

4.

Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР