Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Засгийн газарт чиглэл өгөх тухай

uih-togtool

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2024-11-08, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төсөв, санхүү, татварын орчныг боловсронгуй болгож олон улсын стандартад нийцүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, цаашид өөрчлөгдөхгүй байх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн гүйцэтгэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг агуулсан ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн төрөлжсөн цахим сан бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллага, татварын байгууллага харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авах;

2/

нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/

улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийх, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.

2.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий хуулийн этгээдтэй хамтран төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах;

2/

төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг харгалзан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах, зардлыг бууруулах асуудлыг судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авах;

3/

төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн талаар холбогдох санал боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох;

5/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх;

6/

Төрийн банк болон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргээр шинэчлэн зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, хөтөлбөр, хэрэглээг урамшуулан дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмж, санхүүжилтийг нэмэгдүүлэх.

3.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг Хөшгийн хөндийд, Хөдөө, аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийг Дархан хотод нүүлгэн шилжүүлж, хичээлийн байр, оюутны болон багш, ажиллагсдын байр зэргийг цогц байдлаар төлөвлөн сургуулийн хотхон хэлбэрээр байгуулахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, багш, ажиллагсдын нийгмийн асуудал, холбогдох урсгал болон хөрөнгийн зардлыг шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэх;

2/

Нийслэл Улаанбаатар хотоос шилжүүлэн байршуулах боломжтой төрийн байгууллагуудыг орон нутаг дахь төрийн болон орон нутгийн өмчийн барилга, байгууламжид нүүлгэх, нийслэл Улаанбаатар хотод чөлөөлөгдөх барилга, байгууламжийг худалдах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3/

хот төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оршин суугч, аж ахуйн нэгжийн саналыг тусгах, хөрөнгө оруулалттай уялдсан хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн шинэчлэлийн бэлтгэл ажлыг хийх;

4/

инновац шингэж шинээр бүтээгдсэн, олон улсад туршигдсан бараа, материал, барилгын ажил гүйцэтгэх арга барил, тэргүүн туршлагыг барилгын салбарт хурдацтай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хот байгуулалт, зураг төсөл, барилгын ажлын стандарт, норм, нормативын баримт бичиг, дүрмийг боловсронгуй болгох ажлыг Барилга байгууламжийн норм, нормативын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.

4.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуультай хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жил 90 хувиар хөнгөлөлт эдлүүлэх төслийн жагсаалтыг батлах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

5.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.

6.

Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН