Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2024 › Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2024-04-19, Улаанбаатар31

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/

Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Худалдааны тухай болон Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/

хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, гурилын үнийн зохистой түвшнийг хадгалах зорилгоор Хүнсний тухай хуульд заасны дагуу гурилын эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан импортлох гурилын нэр төрөл, тоо хэмжээг жил бүр тогтоох;

3/

Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний улаанбуудайг арилжих талаар судалж, шийдвэрлэх;

4/

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн элеваторыг тариалан эрхлэгчдэд ашиглуулах боломжийг бүрдүүлэх;

5/

хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 000 тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах;

6/

дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсан хүнсний улаанбуудайг экспортлох боломжийг бүрдүүлэх;

7/

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу гурилын болон улаанбуудайн стандартыг шинэчлэн боловсруулах;

8/

гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн хараат бус лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ж.Батжаргал/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд тус тус даалгасугай.

3.

Энэ тогтоолыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР