Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2026 › Засгийн газарт чиглэл өгөх тухай

uih-togtool

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газарт чиглэл өгөх тухай

2026-05-29, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:

1/

аж ахуйн нэгж, байгууллага үүсгэсэн хог хаягдлынхаа хэмжээнд үндэслэн үйлчилгээний хураамж төлөх, “үүсгэгч төлөх, бохирдуулагч хариуцах” зарчимд суурилсан чөлөөт үнийн тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх;

2/

үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, хариуцах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэх;

3/

хуванцар, шилэн сав, лааз зэрэг дахивар нөөцөд барьцаат буцаалтын үндэсний тогтолцоог судлан нэвтрүүлж, буцаан тушаасан иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгох механизмыг бүрдүүлэх;

4/

айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлж, ангилсан хог хаягдлыг тусгайлан цуглуулах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх;

5/

хог хаягдал үүсгэгч нь үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг харгалзан тээвэрлэгчийг өрсөлдөөний үндсэн дээр сонгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

6/

хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, хог хаягдлаас бордоо, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмжийг татвар, гаалийн хөнгөлөлт, санхүүгийн урамшууллаар дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх;

7/

төвлөрсөн хогийн цэгт дахин боловсруулах боломжтой дахивар нөөц хүлээн авсан тохиолдолд тарифыг ялгавартай тогтоох, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;

8/

хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд төсвөөс олгож байгаа татаасыг үе шаттайгаар бууруулж, зардалд суурилсан төлбөрийн механизмыг нэвтрүүлэх;

9/

хог хаягдлын үйлчилгээний хураамжийг эдийн засгийн үр ашигтай байдлаар шинэчлэх, иргэдийн бүлэг, олон нийтийн оролцоонд суурилсан жишиг хөтөлбөр хэрэгжүүлэх;

10/

авто зам дагуух түр буудаллах цэг, нийтийн эзэмшлийн талбай, хамгаалалтын бүсэд хог хаягдлын менежментийг сайжруулах, хяналтын үр дүнтэй механизмыг бий болгох;

11/

аюултай хог хаягдлын тооллого хийх, бүртгэл, хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох, эрсдэлд өртөх хүн амын судалгаа, шинжилгээ хийх, жагсаалтыг шинэчилж, уул уурхайн болон эмнэлгийн аюултай хог хаягдлыг тусгайлан зохицуулах асуудлыг судалж, шийдвэрлэх;

12/

хог хаягдлын менежментийн талаарх салбарын яамд, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүргийг тодорхой болгож, оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа, зохицуулалтыг хангах нэгдсэн удирдлага, арга зүйн тогтолцоог бий болгох;

13/

бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын талаарх боловсрол, дадлыг төлөвшүүлэх агуулгыг тусган хэрэгжүүлэх.

2.

Хог хаягдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулан 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолын хэрэгжилтийн явцыг 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ